Лхагва, 2024-11-27
Х.Нямбаатар: Хувийн эрх зүйн шинэтгэлийг хийхэд гол гурван чиглэлийг баримтална

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Хувийн эрх зүйн хөгжлийн цаашдын чиг хандлага” зөвлөлдөх хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхэнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хувийн эрх зүйн шинэтгэлийн талаар Засгийн газраас баримталж байгаа бодлого, хууль тогтоомжийн талаар танилцуулсан юм.

Хувийн эрх зүйн шинэтгэлийг хийснээр хувийн эрх зүйн орчин илүү боловсронгуй болж, нөгөө талаас бизнесийг дэмжсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэх нь бизнес амжилттай эрхлэх хамгийн чухал үзүүлэлт болох аж.

ХЗДХЯ-аас хувийн эрх зүйн шинэтгэлийг гурван бүлэгт хуваан хэрэгжүүлэхээр зорьж байна. Үүнд, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг сайжруулах зэрэг багтаж байгаа юм.

Мөн хувийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Арилжааны тухай, Хэрэглэгчийн гэрээний тухай, Шүүхийн бус журмаар өр авлага барагдуулах үйл ажиллагааны тухай хуулийн төслүүдийг шинээр боловсруулахаар төлөвлөжээ. Мөн 2000-аад онд батлагдсан Компанийн тухай, Дампуурлын тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зэрэг 10-аад хуулийг шинэчлэн найруулахаар болсон байна.

Хэлэлцүүлэгт шүүгч, өмгөөлөгч, хуульч, судлаач нар болон бусад салбарын төлөөлөгч нар оролцож, хувийн эрх зүйн хөгжилд тулгамдаж байгаа асуудал, шийдлийн талаар саналаа хэлснийг хүргэж байна.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Н.Баярмаа: Бид хувийн эрх зүйн хөгжлийг ярихад нийтийн эрх зүйг ч мөн харах хэрэгтэй. ХЗДХЯ-аас санаачлан батлуулж буй хуулиудыг харвал ихэнхдээ гэрээ эрх зүйн асуудал талдаа байна. Харин эдийн засгийн эрх зүйн асуудал харьцангуй орхигдсон байна.

Хувийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагыг доош нь татаж байгаа зүйл бол эдийн засгийн эрх зүйн зарчим нийтийн эрх зүйтэй холбогдох эсэх дээр зөв биш байна. Тухайлбал, Газрын хуулийн асуудал. Манай улсын бүх газрын 99 хувь нь төрийн өмчид  байна. Газар гэдэг бол эдийн засгийн эрх зүйн хамгийн үндсэн хэсэг, үл хөдлөх хөрөнгө. Энэ үл хөдлөх хөрөнгийн асуудлын гол төлөөлөл болох газрын 99 хувь нь төрийн өмч байхаар Газрын тухай хууль нийтийн эрх зүйн шинжтэй болоод явчихдаг.

Газрын хууль Иргэний хууль дахь эдийн засгийн эрх зүйн зарчмуудыг амь оруулж чадсан уу гэдгийг бид анхааралтай бодож үзэх цаг болсон. Энэ бол манай эдийн засгийн хөгжлийг хойш татаж буй зүйлийн нэг.

Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл гэдэг газрын бүртгэл байх ёстой. Яагаад гэвэл Иргэний хуулийн үндсэн зарчим нь  газар, түүний дээр бэхлэгдсэн зүйл салшгүй нэг үл хөдлөх хөрөнгө гэж тооцогдоод, дандаа эрхүүд нь гүйлгээнд орох юм. Өөрөөр хэлбэл, газар дээр байгаа байшин гүйлгээнд орох биш, эрхүүд нь гүйлгээнд орох ёстой юм. Бид эрхүүдээ барьцаанд тавьж, эрхүүдээ зах зээлд гүйлгээнд оруулаад явах хэрэгтэй. Гэтэл Газрын хуулиасаа болоод ингэж чадахгүй байна.

Олон улсад үл хөдлөх хөрөнгийн харилцааг нийтийн болон хувийн эрх зүйгээр хоёулангаар нь зохицуулдаг. Иргэний эрх зүй бол хувийн өмчийн зохицуулалттай холбоотой асуудлыг зохицуулдаг харин нийтийн эрх зүй бол үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй холбоотой асуудлыг зохицуулна.  

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Ж.Оюунтунгалаг: Бид шинэтгэл хийхдээ эрүүгийн эрх зүйн шинэтгэл хийх учиртай. Эрүүгийн хуулиудын доторх зохицуулалтын зүйлүүдийг хийхдээ тогтсон онолын чиг хандлагуудыг хольж хутгаж, зөрүүтэй хийснээр хүндрэлтэй байдал нийгэмд үүсэж байна. Үүний үр дагаврыг ард иргэд хүлээж байна.

Хувийн эрх зүйн шинэтгэлийг хийхдээ онолын аль чиг хандлагыг баримталж байгаа вэ гэдгээ хараад, хуулиа маш сайн судалмаар байна. Иргэний хууль бол тийм муу хууль биш. Гэхдээ гадаадын эрдэмтдийн туслалцаатай хийсэн. Энэ хуульд нарийвчилсан судалгаа хийсний дараа бусад хуулиуддаа оруулах эсвэл нарийвчилсан хуулиар зохицуулах уу гэдгээ ярих хэрэгтэй.

Монголын ОУ-ын Арбитрын ажлын хэсгийн дарга М.Шинэбаяр: Олон улсын арилжааны арбитр манай улсад харьцангуй стандартад нийцсэн эрх зүйн орчин бүрдсэн. Гэхдээ ХЗДХЯ-ны зүгээс аливаа хууль тогтоомж боловсруулахдаа хэрэг маргаан шийдэх харьяаллын сонгохдоо анхаарал хандуулж илүү ач холбогдол өгч ажиллахыг хүсэж байна. 2017 онд Автозамын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 32 дугаар зүйлд Автозамын барилга байгууламж барих, ашиглах, эзэмшихтэй холбоотой харилцаанд маргаан гарвал шүүхийн байгууллагаар шийднэ гэсэн заалт орсон. Гэтэл өнөөдөр хувийн хэвшлийн байгууллага өөрсдөө автозам тавьж байгаа. Энэ харилцаанаас үүдэлтэй маргааныг яагаад заавал шүүх шийдэх ёстой юм бэ. Энэ мэтээр хууль тогтоомж батлахдаа маргаан шийдвэрлэх харьяаллыг тодорхойлохдоо аль болох шүүхийн бус журмаар шийдэх боломжийг нээлттэй үлдээхийг хүсэж байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин: ААН-үүд төртэй маш олон гэрээ, хэлцэл хийдэг. Үүний маргааныг арбитраар шийдчихвэл хялбар байдаг. Төр ороод ирвэл давуу эрхтэй болоод байна. Үүнийг анхаарах хэрэгтэй.

Мөн гаднын маш олон компани манай улс руу ханддаг. Хөрөнгө оруулалт хийгээд алдсан тохиолдол ч байна. Ерөнхий сайд бид гаднын хөрөнгө оруулагчдаас уучлалт гуйж байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл хоёр л асуулт байна. Тэднийг яаж үнэмшүүлэх вэ, яаж хамгаалах вэ. Асуудал гарахад гаднын хөрөнгө оруулагчдыг хамгаалах биш бүх үйл ажиллагааг нь зогсоочихдог. Дансыг нь хүртэл битүүмжилдэг. Ингэхгүйгээр энгийн шийдчихмээр асуудлыг яаралтай шийдээд өгдөг байх хэрэгтэй байна.

ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаяр: Хувийн эрх зүйн шинэтгэлд гэм хорын бүлгийг авч үзэх шаардлагатай. Гол зарчим нь гэрээний тавих нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангахдаа бусдад гэм хор учруулсан байвал нөхөн олговор олгодог зүйл юм. Эрүүл мэндийн ажилтнууд өвчтөнд хайхрамжгүй хандах, хүний биед гэмтэл учруулах, хүний амь хохирсонтой холбоотой асуудлууд зэрэг нь гэм хорын зөрчлүүд юм. Үүнийг авч үзэх шаардлагатай байна.

УДШ-ийн иргэний хэргийн шүүгч П.Золзаяа: Арилжааны эрх зүйг зохицуулахаар бол хэт өргөн залгай биш, хэт нарийвчилсан биш тэнцвэрт байдлыг хадгалах хэрэгтэй. Худалдааны тухай хууль тусдаа батлагдах гэж байгаа бол Шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэдз хянан шийдвэрлэх тухай хуультай хамтдаа байж байж үр дүн гарна.

Төлөөлөгчдийг саналаа хэлж дууссаны дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар үг хэллээ. Тэрээр “Хувийн эрх зүйн шинэтгэл II бодлогын баримт бичгийн талаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Мөн бодлогын баримт бичиг гаргах хүрээ хязгаарыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар хумьсан. Энэ хүрээнд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хувийн эрх зүйн хөгжлийн баримт бичгийг тусад нь УИХ-аар батлах эрх зүйн орчинг нээнэ.

Бидний хөгжлийн цар хүрээ цааш нь аль хүртэл явах вэ, хэрэг маргаан хянан шийдвэрлэх маргаанд хиймэл оюун ухааныг аль салбарт, ямар маргааны үед ашиглах вэ, хиймэл оюун ухааныг ХЗДХ-ийн салбар, хууль зүйн шинжлэх ухаанд аль аль хүрээнд гарцаагүй хэрэглэх вэ зэрэг өргөн агуулгаар Хувийн эрх зүйн шинэтгэл II бодлогын баримт бичгийг төсөөлж, харж байгаа” гэсэн юм.


Х.Нямбаатар: Хувийн эрх зүйн шинэтгэлийг хийхэд гол гурван чиглэлийг баримтална
2021-09-17 18:53:10
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0