Монголын ардчилсан хувьсгалын манлайлагчдын нэг С.Зориг агсны хөшөөнд өнөөдөр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг өнөөдрөөс 23 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр онц хэрцгийгээр хөнөөсөн. Тухайн үед эрх барьж байсан АН-ын эсвэл С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Ерөнхийлөгч Н.Багабандитай зөвшилцөх гэж байв. Гэвч түүхэн шийдвэр гарахын өмнөхөн түүнийг хороосон явдал нь гарцаагүй улс төрийн аллага байсан гэж үзэхэд хүргэдэг.
Улмаар С.Зоригийн аллага Монголын улс төрийн сүүлийн хоёр арван жилийн хамгийн чухал сэдвүүдийн нэг байсаар ирсэн.
С.Зоригийн аллагатай холбоотой хэрэгт сүүлийн 23 жилийн хугацаанд олон хүнийг сэжигтнээр татаж, 2016 оны арванхоёрдугаар сард гурван шатны шүүхийн шийдвэрээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа болон Ц.Амгаланбаатар нарт “захиалгаар хүний амь нас санаатай хөнөөсөн” гэх үндэслэлээр 24-25 жилийн хорих ял оноосон. Гэвч Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж, хийгээгүй хэргийг нь хүлээлгэсэн гэх үндэслэлээр 2021 оны тавдугаар сард батлан даалтад гаргаж, сулласан.
Тэгвэл С.Зоригийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр АН-ын дарга асан С.Эрдэнэ “С.Зориг бол Монголын ардчиллын анхны лидерүүдийн нэг. Монголын Ардчилсан Холбооны анхны дарга. Тухайн үеийн төр нийгмийн зүтгэлтнүүдийн сор болсон улстөрч байсан. Энэ хүний үхэлтэй холбоотой улс төрийн шоу, улс төрийн ашиг хонжоо олох гэсэн бусармаг үйл ажиллагаа олон жилийн турш явсаар ирлээ.
Үүний тод жишээ бол С.Зориг агсны нас барсан өдрийг тохиолдуулж байгаа юм шиг гурван шатны шүүхээр ял шийтгэл авсан этгээд өчигдөр олон нийтийн телевизээр эрээ цээргүй ярьж байгаа явдалд үнэхээр харамсаж байна. Энэ хэргийг илрүүлэх цаг хугацаа хангалттай байсан. 23 жил гэдэг бол бага хугацаа биш. Тэр үед төрж байсан хүүхэд 23-тай идэр залуу болчихсон явж байна. Өнгөрсөн 23 жилийн түүхэнд Монголын ард түмний тархи толгойг эргүүлж, бусниулж үймүүлж явсан тэр гэмт хэрэгтэн нөхөд одоо төрийн толгойд байгаа хэвээрээ л байна. С.Зоригийн хэргийг илрүүлэх ажлын хэсгийг таван удаа тарааж, янз бүрийн байдлаар бусниулж, замхруулж байсан нөхөд өнөөдрийг хүртэл төрийн өндөр албан тушаалд заларсан хэвээр байна.
Сонгууль болохоор л С.Зоригийн аллагатай холбоотой асуудлыг АН-тай холбож, харлуулж, гүтгэх зорилготой асуудлыг ярьж байдаг. Та нар санаж байгаа байх. 2000-аад оны үед Цагдаагийн дарга байсан нөхөр АН байгаа цагт С.Зоригийн хэрэг илрэхгүй гэж мэдэгдэл хийж байгаад өөрөө УИХ-ын гишүүн болж байсан. Тэгээд илрүүлсэн нь хаана байна вэ. Энэ хэрэг өнөөдрийг хүртэлх 23 жил илэрсэнгүй.
Улс төрийн аллага ганцхан С.Зоригийн аллага биш. Манай ард түмэн үүнийг бодох хэрэгтэй. Тэртээх 30, 40 жилийн өмнө мөн аравдугаар сарын 2-нд тэр үеийн төр, засгийн нэрт зүтгэлтэн Д.Төмөр-Очир агсныг гэрт нь сүхээр цохиж алсан. Одоо болтол тэр хэрэг илрээгүй. Ер нь үе үеийн коммунистууд, яргачид улс төрийн зорилгоор аллага үйлдэж, тэрийгээ нуун дарагдуулдаг үйл явдал өнөөдөр хэвээрээ л байна.
Ганцхан С.Зоригийг алаад өнөөдөр хэрэг нь илрэхгүй байгаа юм шиг яриад байна. Монголын сор болсон сэхээтнүүд, улстөрчдийг хэдэн мянгаар нь хядсан. Монгол Улс сүүлийн 30 жил жинхэнэ өөрийнхөөрөө тусгаар тогтносон улс байж чадаж байгаа. Тэрнээс өмнө бид нар өөрийнхөөрөө байж чадаагүй. Манай зургаан Ерөнхий сайдыг харь оронд аваачиж буудаж хороосон. Арав гаруй мянган эх орончдыг харь орны шоронд эрүүдэн шүүж, тамлаж хороосон.
УИХ-ийн нөхөн сонгуульд зориулж АН-ын нэр дэвшигчийг харлуулах зорилгоор янз бүрийн асуудалд холбож байна. Гэтэл гурван шатны шүүхээр тогтоочхоод байхад гэмт хэрэгтнийг суллачхаад, улс төрийн ашиг хонжоо олох гэж улс төрийн сонгуульд нэр дэвшигчийг гүтгүүлээд явж байгаа эрх баригчдыг юу гэж ойлгох вэ.
Монголын төр, шүүхэд итгэх итгэл хаана байна вэ. Хэрэв Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хэлс хэрэг хүлээсэн юм бол хэлмэгдсэн олон мянган хүн шоронд ял эдэлж байгаа юм байна. Гурван шатны шүүх нь шударга бус шийдвэр гаргасан юм бол өнөөдөр Монголд шүүх, хуулийн байгууллагад итгэх ямар итгэл, үндэслэл байгаа юм бэ.
С.Зоригийн үхлээр олон жил улс төр хийлээ. Одоо болиоч ээ. Энэ хүний ясыг амраагаад өгөөч. Монгол ёс заншлаа уландаа гишгэсэн, улс төрийн ашиг хонжоо идэж ууж ханадаггүй юм бэ. Үнэхээр гэмт хэрэгтэн нь байгаа. Захиалагч нь тодорхой юм бол тэрийгээ гаргаж ирээд, ял шийтгэлийг нь өг” гэлээ.
С.Эрдэнэ: Эрх баригчид гурван шатны шүүхээр тогтоосон гэмт хэрэгтнийг суллаж, С.Зоригийн хэргийг улс төрийн ашиг хонжоо болголоо |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10