Засгийн газар ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ сарын 15-аас хэлэлцэж эхлэх төсвийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа.
-Засгийн газрын өргөн барьсан ирэх оны төсвийн төсөлтэй танилцсан уу. Хэр төсөв болсон байна вэ?
-Төсөвтэй танилцаад л явж байна. Ирэх 7 хоногт анхны хэлэлцүүлэг нь болох байх. Төсвийн төслийг харахад манай улс экспортын орлогоос хамааралтай гэдэг нь тодорхой харагдаж байна. Ирэх жил дахиад нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлнэ гэж төсөвт тусгасан байна. Үүнээс гадна бид халамжаа танахгүй бол 1.5 их наяд төгрөгийг жил бүхэн халамжид зарцуулаад явахад цаашдаа хүндрэлтэй болно. Өрийн тааз ч тулчихсан байгаад байдаг. Тиймээс Засгийн газрын санал болгож байгаа хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр долдугаар сарын 1-н хүртэл олгоод түүнээс цааш 50 хувийг нь хадгаламж болгоно гэдэг маш зөв. Би бол бараг эртхэн хадгаламж болгох боломжийг нь бүрдүүлэх ёстой гэж үзэж байна. Дээрээс нь халамж авах ёстой хүмүүсээс гадна шаардлагагүй хүмүүс их хэмжээний халамж аваад байна. Тиймээс энэ мөнгөө танах шаардлагатай гэж үзэж байгаа.
Эдийн засгаа тэлэх тал дээр хууль эрх зүйн орчныг нь сайжруулах ажлуудыг хийнэ. Тухайлбал, Зөвшөөрлийн тухай хууль. Энэ хуулиар маш том шинэчлэл хийнэ гэж үзэж байгаа. Яагаад гэхээр 1400 орчим зөвшөөрлийн тоог 400-аас хэтрүүлэхгүй гээд ажлын хэсэг нь ажиллаж байна. Мөн Худалдааны тухай хуулийг шинээр өргөн барина. Түүнчлэн Засгийн газар ковидын дараах эдийн засгийн өсөлтийн тухай хуулийг өргөн барина гэсэн. Энэ их чухал хууль гэж бодож байна. Зөвхөн төсвөөс гадна хууль эрх зүйн орчноо сайжруулаад, аж ахуйн нэгжээ бизнес хийх боломжоор хангах ёстой. Бид төсвөө төрийн нүдээр бус татвар төлөгч, бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн нүдээр харах хэрэгтэй. Төсвийн хөрөнгө оруулалтыг хийх шаардлагатай. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт улсын сургууль, цэцэрлэг хомстолтой. Ялангуяа Яармагийн шинэ суурьшлын бүст маш том асуудал болчихсон байна. Үүнийг дагаад замын түгжрэл гэж том аюул байна. Тэгэхээр үүнийг хөрөнгө оруулалтаар шийдэх ёстой.
-Манайх жил бүрийнхээ төсөв дээр 30,40 сая тонн нүүрс экспортод гаргана гэж төсөвлөдөг ч үүндээ хүрдэггүй. Энэ жил гэхэд 15 сая тонн хүрвэл их юм гэдгийг Сангийн сайд хэлсэн. Гэтэл ирэх жил дахиад 36.7 сая тонныг гаргана гэж тооцоолсон байна. Хэтэрхий өндөр төсөөлөл биш үү?
-Манайд ийм хэмжээний экспорт хийх нөөц боломж нь ч, нүүрс нь ч байна. Хил дээр л лонхны хоолой шиг юм үүсчихээд байна. Хамаг юм нь хил дээр гацаад. Үүнийг шийдэхийн тулд хувийн хэвшлийнхэн төртэй хамтраад контейнерын термналийн төслийг ашиглалтад оруулчихлаа. Энэ бол маш зөв алхам. Өөрөөр хэлбэл, хүн хоорондын контакт үүсгэхгүй экспортоо хийнэ гэсэн үг. Манай талаас контейнер оруулаад цаад талаас толгой нь орж ирээд авдаг болсон. Бусад хилийн боомтоо ч цаг алдалгүй ийм болгох хэрэгтэй. Дээрээс нь төмөр замаа хурдан дуусгаад, холбоод нүүрсээ тээвэрлэх хэрэгтэй. Хамгийн гол нь тээврийн асуудал, боомтын нэвтрэлтээ шийдчихвэл нүүрсний гаралтад асуудалгүй болчихсон.
-Ирэх жил Хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулахаар тооцож, төсвийн зардлыг тусгасан байсан. Цар тахалтай, эдийн засаг хүнд байхад төрийг улам данхайлгах нь зөв шийдвэл мөн үү?
-Тийм ээ, хоёр яам байгуулах гэж байгааг харсан. Эдийн засгийн бодлогын яам байх нь зөв. Одоо манай худалдаа эдийн засгийн хөгжлийн бодлогыг базсан нэг газар байхгүй. Худалдааг Гадаад яам ч, салбар яамдууд нь ч хариуцаад явж байна. Нэгдсэн нэг цонх байдаггүй учраас Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулах нь зөв гэж бодож байна. Мэдээж хэрэг бүтцийг нь цомхон байгуулах нь чухал. Төсөв хүнд байхад данхар том бүтэц байгуулах нь буруу. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны тухайд бүхий л зүйл иновац, цахимаар явж байна. Үүнийг зохицуулах яамтай байх нь зарчмын хувьд зөв. Харин цаг хугацааны хувьд сайн хэлж мэдэхгүй байна.
-Засгийн газар ковидын дараах эдийн засгийг сэргээх хуулийн төслийг боловсруулж байгаа. Энэ хуулийн төсөлд казино байгуулахаар тусгасан гэсэн. Казино байгуулах нь зөв үү. Манай эдийн засгийг солонгоруулах нэг өнгө болж чадах уу?
-Эдийн засаг талаасаа эдийн засагч хүний нүдээр харахад энэ оновчтой шийдвэр байж магадгүй гэж бодож байна. Өмнөд Солонгос, Сингапур, Макаогийн жишээг харахад энэ оновчтой шийдвэл байж чадаж байна. Энэ улсуудад казиногийн үйл ажиллагааг төр хувийн хэвшил нь хамтарч хийдэг. Төрийн эзэмшил заавал байдаг. Түүгээр хууль бус мөрийтэй тоглоомыг таслан зогсоож, зохистой дэд бүтцийг нь бий болгодог, хяналтаа тавьдаг. Өөрийнхөө иргэдийг хяналттай оруулдаг, аль болохоор гаднын аялал жуулчлалаар ирсэн хүмүүсийг оруулдаг. Казино бол ямар ч тохиолдолд ашигтай ажилладаг бизнес шүү дээ.
-Монгол хүн оруулахгүй байх гэж хуульчлаад казино байгуулах ёстой гэсэн байр суурьтай хүмүүс байдаг. Гэтэл манай “томчууд” ч гадаадад очиж казино тоглодог. Тэгэхээр заавал монгол хүн, гадаад хүн гэж хязгаарлах шаардлага байна уу?
-Нарийн судалгааг нь харах ёстой. Гэхдээ зарим эх сурвалжийн хэлж байгаагаар гадагшаа цахим мөрийтэй тоглоомын сайтаар дамжаад нэлээд их хэмжээний ам.доллар гадагшаа гардаг юм билээ. Тэгэхээр үүнийг бас зогсоох нь чухал байна. Түүнээс нь татвар авдаг байх хэрэгтэй.
Өөрсдийнхөө иргэдийг казинод оруулахдаа тодорхой хязгаарлалт хийж болно. Тухайлбал, Сингапур иргэний үнэмлэхээр нь бүртгээд энэ хүн казинод хэдэн удаа орж байгааг хянадаг. Байнга ороод байвал түүнийг нь хязгаарладаг гэх мэт аргаар зохицуулдаг. Тиймээс энэ мэт аргаар зохицуулаад явахад болохгүй юм байхгүй гэж бодож байна.
-Төсвийн алдагдлыг дөрвөн их наяд гэж тооцсон байсан. Жил бүхэн ийм их алдагдалтай төсөв батлаад байх нь зөв үү. Алдагдлыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Алдагдлыг бууруулах нэг л зам бий. Эдийн засгаа өсгөх. Эдийн засаг тэлж байж, ДНБ өсч, татварын бааз суурь нэмэгдэж байж зардлаасаа илүү орлого олно гэсэн үг. Одоо хэлэлцэж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хууль, бусад хуулиудыг цогцоор нь харахад бид аль болох эдийн засгаа чөлөөтэй байлгаж, аж ахуйн нэгжүүдийн бизнес хийх орчныг чөлөөтэй байлгах хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд эдийн засагч өсч, татварын орлого нэмэгдэнэ.
-Нэг хэсэг гишүүдийн тойргийн мөнгө гэж байсан. Энэ Засгийн газар гишүүдийн тойргийн мөнгийг сэргээж гишүүдээс санал авсан гэсэн. Нэг гишүүн хэдэн тэрбумын санал төсөвт өгсөн бэ?
-Дөрвөн тэрбум. Би гэхэд дөрвөн тэрбумдаа багтаагаад Хан-Уул дүүрэгт дан цэцэрлэг, сургууль санал болгосон. Хан-уул дүүргийн 17, 18 дугаар хороо улсын сургууль, цэцэрлэг нэг ч байхгүй.
-Засгийн газар нэг гишүүн дөрвөн тэрбум төгрөгт тааруулаад тойрогтоо ямар хөрөнгө оруулалт хийх саналыг авсан гэж ойлгож болох уу?
-Дөрвөн тэрбумын хязгаар өгсөн. Түүндээ тааруулаад саналаа өгсөн. Мэдээж хэрэг хүссэнээрээ явбал хороо бүрдээ сургууль, цэцэрлэг бариулчихмаар байна. Тийм боломжгүй учраас хаана хамгийн их хэрэгцээ байгааг тооцож, ач холбогдлын эрэмбээрээ саналаа өгсөн.
-Ярилцсанд баярлалаа.
Г. Амартүвшин: Эдийн засгаа бодвол казино байгуулах нь зөв |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10