Лхагва, 2024-11-27
С.Мөнгөнчимэг: Шинээр 2 яам, 2 агентлаг байгуулж, төр ААН-үүдээс үйлчилгээ худалдаж авдаг болно

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгтэй 2022 оны төсвийн төслийн талаар ярилцлаа.

-Ирэх оны төсөв нэлээд өөдрөг төсөв болжээ. Энэ оныхоос орлого, зарлага тус бүр гурван их наядаар нэмэгдүүлсэн байна. Ямар судалгаа, үндэслэл дээр ингэж өөдрөг төсөөлж байна вэ?

-Ирэх орны төсвийн нийт зардал 18.1 их наяд, тэнцвэржүүлсэн орлого 15.7 их наяд төгрөг байхаар төсөөлсөн. Орлогоо энэ оныхоос 3.1 их наядаар илүү төлөвлөсөн. Байж болох бүх эх үүсвэрээ дайчлан, орлогоо татан төвлөрүүлэхээр тооцсон. Тухайлбал, төрийн өмчит компаниудын засаглал, бүтэц, ногдол ашгийн журамд шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж, төрийн өмчит компаниудаас орох орлогыг бараг гурав дахин өсгөж, 430 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцсон. Мөн 10 их наяд нөлөөгөөр төр засгийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд эдийн засаг сууриараа өсөх боломж бий.

Хөрөнгө оруулалтын хуваарилалтыг илүү хөгжил руу чиглүүлж байна. Төсвөөс 2.4 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад хуваарилснаас 1.7 их наяд нь зам тээвэр, барилга, эрчим хүч, инженер шугам сүлжээ гэсэн дэд бүтцийн салбар руу орно. Энэ хөрөнгө оруулалтыг дагаж ДНБ-д 830 тэрбум төгрөгийн нөлөө үзүүлнэ гэж тооцсон.

Мөн дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч байгаа цонх үеийг ашиглаж, гол түүхийн эдийн экспортынхоо биет хэмжээг нэмэгдүүлэхээр тусгасан. Тухайлбал, 2022 онд манай улс 36.7 сая тонн нүүрс экспортолно. Энэ нь 2019 онд гаргаж байсан хэмжээ. Тиймээс ирэх онд 2019 оны хэмжээндээ хүргэхийн тулд хил гаалийн гацаа, боомт, тээвэр ложистикийн асуудлыг шийднэ. Хил дээр үүссэн ажлын давхардлыг арилгах хүрээнд гааль, мэргэжлийн хяналт чиг үүргийг нэгтгэж, илүү шуурхай, худалдааг хөнгөвчилж ажиллана. Эдгээр хүчин зүйлүүд нь орлого өсөхөд нөлөөлнө гэж тооцсон.

Зарлагын хувьд эргэн төлөгдөх болон хөрөнгийн зардал өмнөх жилүүдийн түвшинд суусан. Харин урсгал зардлыг энэ оныхоос 300 гаруй тэрбум төгрөгөөр өндөр төсөөлсөн. Энэ зардлын дийлэнхийг боловсролын реформ, мөн эрүүл мэнд, цар тахалд зориулсан зардал эзэлж байна. Нөгөө талд төрийн бүх шатны байгууллагууд урсгал зардлыг хэмнэх горимд ажиллана.

-Бүх татварын орлогыг энэ оныхоос нэмэгдэхээр байсан. Үүнийг дагаж зарим төрлийн татварын хувь хэмжээ нэмэгдэх үү?

-Татварын хувьд нэг ч төгрөгийн татвар нэмэхгүй. Харин татварын баазаа сууриар нь өсгөх бодлого барина. Илүү цахимжиж, хүний оролцоог багасгах замаар хил гаалиар орж, гарах бүх бараа бүтээгдэхүүнээс татвараа авч, нийт сууриар нь татварын орлогоо төлөвлөсөн.

-Энэ жил нүүрсний экспорт 20 сая тоннд ч хүрэхгүй байхад ирэх жил 36.7 сая тонныг гаргаж чадах уу. Боомтын хүчин чадлаа сайжруулсан ч худалдан авагч талтайгаа нааштай хэлэлцээ хийж чадаж байгаа болов уу. Манайх  нүүрсээ гаргая л гээд байдаг, гэтэл нөгөө талд  Хятадын тал хорио цээрээ улам чангатгаад байна шүү дээ?

-Энэ жилийн хувьд уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ буурсан. Гол шалтгаан нь цар тахалтай л холбоотой. Бид 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл халдвар хамгааллаа илүү сайжруулж, олон улсын стандартуудыг боомтууд дээрээ  хэрэгжүүлнэ. Мөн нэмэлт тунгийн дархлаажуулалт эрчимжсэнээр дотоодод халдварын нөхцөл байдал буурах байх. Хятад талдаа өвлийн олимп дууссаны дараа “Ногоон гарц” журмыг хэрэгжүүлж, экспортоо эрчимжүүлнэ гэж тооцож байна. Нүүрсний тээвэрлэлт хийхдээ хүн хоорондын харилцаа үүсгэхгүйгээр нийлүүлэх шинэчлэлийн ажлууд хийгдэж байна. Гашуунсухайт, Шивээхүрэн боомт дээр контейнер терминалаар тээвэрлэлт хийх боломжийг бүрдүүлсэн. Үүнийг хувийн хэвшлийнхэнтэй хамтраад хийнэ. Контейнер терминалаар тээвэрлэлт хийснээр хүчин чадал 10 сая тонноор нэмэгдэнэ. Хүн хоорондын контактаас болж халдвар тарж байгаа энэ үед заавал жолооч машинаасаа бууж нүүрсээ ачиж, буулгах шаардлагагүй болж байгаа.

Нөгөө талд худалдан авагч БНХАУ-ын эдийн засаг сэргэлттэй, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ойрын хоёр жилдээ өндөр байна гэж шинжээчид таамаглаж байна. Мөн Хятадын гангийн үйлдвэрийн хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байгаа учраас энэ таатай үеийг Монгол Улс ашиглах боломжтой гэж төсвийн тооцооллоо хийсэн. Манай улс ковидгүй, 2019 онд 36.7 сая тонныг гаргаж байсан учраас гаргах боломжтой хэмжээ гэж үзэж байгаа.

Төрийн үйлчилгээний ажилчдыг шууд цомхотгоно гэж ойлгож болохгүй. Зөвхөн хувийн хэвшилд шилжүүлнэ

 

-Төрийн сайд, дарга нарын дэргэдэх шаардлагагүй орон тоог цөөлөх, төрийн байгууллагууд засвар хийхгүй, шинээр эд хогшил авахгүй зэргээр хэмнэлтийн заалтууд тусгагдсан байна. Ер нь төрийн байгууллагуудын хэмнэлтээс хэдий хэмжээний зардлыг хэмнэж байгаа юм бэ?

-Төрин байгууллагууд төсвийн хэмнэлтийн бодлогын хүрээнд ажил, үйлчилгээгээ явуулна. Цар тахалтай жилүүдэд төрийн аль хэсэгт зардал гаргахгүйгээр ажил, үйлчилгээгээ хэвийн явуулж болох вэ гэдэг тодорхой  харагдсан. Жишээ нь, хурал зөвлөгөөнийг заавал мөнгө төлж хийхгүй албагүй, бүгд цахимаар хуралдаж болж байна. Заавал гадаад, дотоод томилолт явах шаардлага багасч байна. Тиймээс эдгээр зардлыг хэмнэх боломжтой. Дээр нь улс төрийн албан тушаалтан нэг туслах, нэг зөвлөхтэй байя, агентлагууд нэг л дэд даргатай ажилла, төрийн байгууллагууд шинээр эд хогшил авахгүй бай, бүх зүйл цахимжиж байгаа үед бичиг хэргийн зардлаа хэмнэе, байгууллагууд ой тэмдэглэхгүй, тэмдэглэлт баяраар бэлэг дурсгал, кино хийлгэхэд зардал хуваарилахгүй байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчийн мөнгийг үргүй зарахгүй байя гэдэг зарчмаар эдгээр зардлыг төсвөөс гаргахгүй. Төсөвт эдгээрийг хэмнэх зардал асар өндөр биш. Гол нь төсвийн зарцуулалт, татвар төлөгчийн мөнгийг үр дүнтэй байлгах зарчим юм.

-Төр зарим үйлчилгээгээ хувийн хэвшлээр хийлгүүлдэг болно гэж байсан. Тэгэхээр төрийн захиргаа, үйлчилгээний байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг цомхотгоно гэсэн үг үү?

-Шууд цомхотгоно гэж ойлгож болохгүй. Өнөөдрийн байдлаар 198 мянган хүн төрөөс цалинжиж байна. Үүний 50 гаруй мянга нь төрийн үйлчилгээнийхэн буюу цэвэрлэгээ, хамгаалалт, жолооч, хоол үйлдвэрлэл зэрэг төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд дэмжиж тусалдаг хэсгийнхэн. Энэ хэсгийг төр заавал өөр дээрээ байлгах шаардлагагүй. Хувийн хэвшлээс эдгээр үйлчилгээг худалдан авах зарчим руу оръё гэдэг байдлаар энэ концепцыг оруулсан. Ирэх оноос төрийн бүх үйлчилгээ шилжинэ гэсэн үг биш. Үе шаттайгаар явна. Төр өөрөө эдгээр үйлчилгээг хувийн хэвшлийнхээс худалдаж авснаар чанар, бүтээмж сайжирна, хэрэглэж байгаа техник хэрэгсэл ч шинэчлэгдэнэ, авч байгаа цалин нь өндөр байх боломжтой. Төр хэвийн хэвшлийн хамтын ажиллагааны түншлэл рүү орох л нэг чиглэл. Ер нь төр заавал бүгдийг хийж, төрийн алба данхар байх ёсгүй. Төрийн үйлчилгээний албан хаагчдыг шууд цомхотгоно гэхээс илүү хувийн хэвшил рүү шилжүүлэх  замаар хийгдэнэ. Одоо ажиллаж байгаа хүмүүс хоршоо, нэгдэл болоод үйлчилгээ үзүүлэх боломжтой болно.

-Халамжаас хөдөлмөрт шилжинэ гэсэн хэрнээ халамжийн санхүүжилтийг огт бууруулаагүй, гурван их наяд төгрөгийг халамжинд зарцуулахаар тусгасан байна?

-Халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү шилжихэд шууд төсвийг нь бууруулж болохгүй.  Хамгийн гол нь халамж хүртэх хүмүүсээ л тодорхой болгохыг хариуцсан яаманд чиглэл болгож байгаа. Хөдөлмөр эрхэлж чадахгүй иргэн халамжийн мөнгөөрөө л амьдарна. Тэр хүмүүсийг зөв үнэлж тогтоож, хүртэх халамж нь амьдралд нь хүрэхүйц болох ёстой. Харин хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийг үе шаттай халамжаас хасах шаардлага бий. Төсөв хасах, хасахгүй нь гол биш. Гол нь зарцуулалт үр дүнтэй, зөв томьёолсон, хүрэх ёстой хүндээ хүрэх ёстой.

Мөн  халамжийн бодлого, хөгжлийн бодлого хоёроо ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй байгаа. Жишээ нь, хүүхдийн мөнгө 100 хувь халамжийн бодлого уу гэхээр тийм биш байна. Тиймээс ирэх оноос хүүхдийн мөнгийг халамжаас хуримтлал руу шилжүүлэх бодлого явуулна. Хүүхдийн мөнгийг халамжийн бодлого биш, хөгжлийн бодлог руу чиглүүлнэ. Тухайн хүүхэд 18 нас хүрэхэд хүүхдийн мөнгө нь өөрт нь үлдэх хуримтлалын бодлого руу орно. Ковидын үед хүүхдийн мөнгө халамжийн үүргээ гүйцэтгэсэн, айл өрхүүдийн амьжиргаанд эергээр нөлөөлсөн. Харин цаашдаа хөгжлийн бодлого руу сонголттойгоор шилжүүлнэ. Аль болох хүүхдийнхээ мөнгийг ирээдүйд нь зориулж хадгалаарай, хэрвээ хүсвэл тодорхой хувийг нь авч хэрэглэж болно гэсэн сонголтыг өгнө. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны долдугаар сарын 1 хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийнхөө тодорхой хувийг хуримтлуулаарай, хүсвэл 100 хувь авч хэрэглэж болно. Харин 2022 долдугаар сарын 1-нээс он дуустал хүүхдийн мөнгөнийхөө  50 хувийг хадгалуулж, харин 50 хувийг нь авч болно. 2023 оноос хүүхдийн мөнгөнийхөө 40 хувийг хэрэглэж, 60 хувийг хуримтлуулаарай гэдэг зарчмыг барьж явна. Энэ нь эргээд хүүхдийн хөгжлийг дэмжих зорилго руу чиглэж байгаа юм.

Ер нь судалгаагаар хүүхдийн мөнгөний 30 хувь шууд хадгаламж хэлбэр рүү, 30 хувь зохисгүй, үр дүнгүй зарцуулалт руу, 40 хувь нь шууд амьжиргаа, бодит хэрэглээг дэмжихэд зарцуулагддаг гэсэн үр дүн гарсан байсан.

-Төсвийн хөрөнгө оруулалтыг нэлээд өндөр төсөвлөсөн. Та дээр хэлсэн дэд бүтцийн салбарт 1.7 их наядыг төсөвлөсөн гэлээ. Хөрөнгө оруулалтын ажлуудаас эдийн засгийн дэмжсэн төслүүдээс онцлоод хэлбэл...?

-Шилжих, шинэ, концесс гэсэн гурван чиглэлд нийтдээ 2.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн. Шилжих дээр эхлүүлсэн хөрөнгө оруулалтыг аль болох хурдан дуусгах бодлого барьж байна. Нэг төсөл эхлүүлээд арван жил болж, энэ хооронд төсөв нь нэмэгдээд ямар ч үр дүнгүй болдог. Тиймээс ийм төслүүдийг хурдан дуусгана. Эдийн засгаа эрчимжүүлэх хүрээнд төвсөөс дэд бүтцийн салбарт хийх хөрөнгө оруулалтыг 4-7 дахин нэмэгдүүлсэн. Тухайлбал, боомтын чиглэлийн замуудыг барина, төвлөрөл, түгжрэлийг сааруулах хүрээнд орон нутаг дахь дэд бүтцийн төслүүдийг дэмжинэ. Орон сууц, барилга байшин барих дэд бүтцийг нь шийдэх хөрөнгө оруулалт хийнэ.  Жишээ нь, Залуус хорооллыг Дархан, Эрдэнэтэд байгуулах дэд бүтцийн асуудлыг шийдэж байна. Буянх-Ухаад баригдах Залуус 1, 2 хорооллыг дэд бүцтийг нь шийднэ. Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдэд хөрөнгө хуваарилна. Мэдээж цэцэрлэг, сургууль, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

-УИХ-ын гишүүдийн тойрог бүрд найман тэрбум төгрөг хуваарилж байгаа гэх мэдээлэл байна. Энэ хэр үндэслэлтэй вэ. Ер нь төсөв хэлэлцээд эхлэхээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын тойрог, аймагт их хэмжээний хөрөнгө оруулалт хуваарилсан хэрнээ заримд нь маш бага хуваарилсан гэж шүүмжилдэг шүү дээ?  

-Гишүүн бүрийн тойрогт хуваарилсан хөрөнгө оруулалт гэдэг зүйл байхгүй. Төсвийн хөрөнгө оруулалтыг бүх аймаг, сумдад жигд хуваарилж, тараахаас илүү хөгжлийн чиг хандлагыг дагаж хуваарилах нь хамгийн чухал. Ирэх оны хуваарилалтыг ч бид энэ зарчмыг барьж хийж байгаа. Эдийн засаг, нийгмийн  хувьд ямар ач холбогдолтой, үнэхээр хэрэгтэй хөрөнгө оруулалт уу, үгүй юү гэдгийг цахим системээр үнэлж, оноогоор сонгогдоно. Дээр нь тухайн төсөл нь ТЭЗҮ, зураг төсөлтэй байх ёстой. Бүх зүйл нь бэлэн биш төсөлд төсвөөс хөрөнгө хуваарилахгүй. Энэ дагуу орон нутаг, аймаг бүрээс саналыг авч, хөрөнгө оруулалтын хуваарилалтыг хийдэг. Гишүүд ард түмнээс сонгогдсон учраас тойргийн иргэдийнхээ хүсч байгаа зүйлийг нэгтгэж, тухайн аймаг орон нутаг салбартайгаа ярьж байгаад саналаа өгдөг. Харин гишүүдэд зориулж хөрөнгө оруулалт хуваарилах эрх зүйн үндэс байхгүй.

-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд улсын төсвөөс 420 тэрбум төгрөгийг хуваарилахаар тусгасан байна. Тэгэхээр энэ төсвийг юунд, хэрхэн зарцуулахыг нийслэл өөрөө шийдээд явах уу?

-Гол зарчим нь нийслэл ийм хэмжээний орлого олоход ийм хэмжээний зарлага гаргана гэж тооцоод энэ хоёр зөрүү нь улсын төсөвт төвлөрдөг. Хэрвээ зардал өндөр байвал улсын төсвөөс татаас өгөх байдлаар явдаг. Нийслэлийн зарлага орлогоосоо 420 тэрбум төгрөгөөр давж байна гэсэн үг. Үүнийг нь бид улсын төсвөөс татаас хэлбэрээр олгож, зөвхөн түгжрэлийг шийдэх асуудал зарцуулах чиглэлийг олгож байгаа юм. Нийслэл энэ төсвөөр түгжрэлийг бууруулах ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ гэдгээ өөрөө шийдээд явна.

-Төсөвт шинээр хоёр яам байгуулах зардлыг тусгасан байсан. Мөн шинээр газар, агентлаг байгуулах уу?

-Ирэх онд шинээр Хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулна. Мөн Ерөнхийлөгчийн санаачилгаар Ойн агентлаг, боловсролын салбарт хийгдэх шинэчлэлийн хүрээнд Боловсролын агентлаг байгуулна.  “И-Монголиа”-гийн дэргэд И-Академи байгуулахаар тусгасан.

-Ирэх онд ДНБ-д эзлэх өрийн хязгаарыг нэмэгдүүлсэн байсан. Энэ хүрээнд Засгийн газарт хэдий хэмжээний орон зай үүсэхээр байгаа вэ. Гаднаас нэмэлт хөрөнгө оруулалт татах уу?

-Өрийн дээд хязгаарыг ДНБ-ий 70 хувьтай тэнцэхээр хуульчилсан. Оны төгсгөлд өрийн хязгаар ДНБ-ий 62 хувьд хүрэхээр байна. Харин ирэх онд өрийн хязгаар ДНБ-ий 67 хувьд хүрэх төсөөлөлтэй байна. Сангийн яам сүүлийн жилүүдэд өрийн менежментээ нэлээд сайжруулсан. 2017 оноос хойш нэг ч концессын гэрээ байгуулаагүй, Засгийн газрын баталгаа, дотоодод бонд гаргахгүйгээр өрийн хязгаараа хуулийн хүрээнд барьж ажиллаж байна. Мэдээж эдийн засгаа тэлэх, стратегийн алба холбогдолтой төсөл, бүтээн байгуулалтад баталгаа гаргах шаардлага үүсдэг. Ирэх онд гэхэд газрын тосны үйлдвэрийн дамжуулах хоолойн төсөл, Таван толгойн цахилгаан станцын төсөлд зайлшгүй баталгаа гаргана гэж тооцож байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

 


С.Мөнгөнчимэг: Шинээр 2 яам, 2 агентлаг байгуулж, төр ААН-үүдээс үйлчилгээ худалдаж авдаг болно
2021-10-08 13:04:21
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0