Лхагва, 2024-11-27
АН: Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д оруулна

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Монгол Улсын иргэн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэтэл сүүлийн жилүүдэд, сүүлийн өдрүүдэд болж байгаа жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хэрхэн яаж хангагдаж байна вэ гэдэг өөрөө томоохон асуудал боллоо. 1996 онд баталсан Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль гэж байдаг. Нийгмийн харилцаагаа зохицуулж чадахгүй, 27 жил болчихсон хууль. Жагсаал, цуглаан хийх хүмүүс тухайн засаг захиргааны байгууллагад мэдэгдэл хүргүүлнэ гэж байгаа. Энэ мэдэгдлийн дагуу төрийн захиргааны байгууллага, цагдаа хүчний байгууллага иргэдийг үзэл бодлоо аюулгүй илэрхийлэх нөхцөл боломжоор хангаж өгөх ёстой. Гэтэл үүнийг заавал Засаг дарга зөвшөөрвөл жагсаал хийнэ гэдэг заалт оруулчихсан. Даргын эсрэг, эрх баригчдын эсрэг жагсах гэж байж өөрөөс нь зөвшөөрөл авдаг тогтолцоо болоод хувирчихсан. Хоёр жилийн өмнө эрх баригчид гудамжинд гарч жагсаал хийхэд, ард түмэн, сөрөг хүчин яаж жагсаал хийдгийг харсан. Тодруулбал, эрх баригчид 20,30 гэр бариад, зуух тавиад, цахилгаан татаж байгаад жагсахыг бид харсан. Мөн сөрөг хүчин, иргэд нь жагсахаар ямар байдгийг бид харж байна. Тиймээс УИХ-ын гишүүний хувьд, АН-ын төлөөллийн хувьд Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн өөрчлөлтийг санаачилж өргөн барина. Үүнд иргэний нийгмийн байгууллага, Хүний эрхийн комисс бүгдээрээ хамтран хуулийн төсөл дээр хамтран ажиллая.

АН-ын дарга М.Тулгат: АН-ын үзэл баримтлалын нэг номерт хувь хүний эрх чөлөө гэж байдаг. Улс төрийн тэмцлийн замаар бид иргэдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаална. Есдүгээр сарын 23-нд АН-аас мэдэгдэл хийж, шаардлага тавьсан. Гэтэл энэ шаардлагын хариуг өгөөгүй. Тиймээс өнгөрсөн аравдугаар сарын 1-нд Төв талбай дээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Засгийн газрыг огцрох шаардлагыг тавьсан. Бид Засгийн газартай хариуцлага тооцох энэ ажлаа зогсоохгүй. Хэнэггүй, хариуцлагагүй энэ Засгийн газар Монгол төрийн цааш аваад явах боломжгүй гэж үзэж байгаа. Тиймээс дараагийн шатанд УИХ-д Засгийн газрыг огцруулах асуудлыг тавина.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Сүүлийн таван жил МАН-ын үнэмлэхүй олонх болж засаг төр барьж байгаа. Гэтэл сүүлийн хоёр жилд Үндсэн хуулийн хэрэгжилт, хэвлэл мэдээлэл чөлөөтэй байх, үгээ хэлэх эрх чөлөө аажим, аажмаар байхгүй болж байна. МАН сонгуулиар, ардчилсан зарчмаар олонх болсон. Гэтэл улс орныг засаглаж чадахгүй байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Яагаад Засгийн газар хариуцлагаа хүлээхгүй байгаа юм. Хариуцлагаа хүлээхгүй явах тусам энэ байдал дордоод байна.


АН: Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д оруулна
2021-10-07 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0