Мягмар, 2024-11-26
С.Чинзориг: Дөрвөн төрлийн тэтгэвэр, тэтгэмж барьцаалсан зээлийг тэглэнэ

Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэлэлцлээ. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодруулсан юм. 

-Иргэдийн тэтгэвэр барь­цаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг та өчигдөр УИХ-д өргөн мэдүүллээ. Хуулийн төслийн гол үзэл баримтлал юу вэ?
-Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж дэмжүүллээ. Ерөнхий сайдын захирамжаар өнгөрсөн долоо хоногт ажлын хэсэг байгуулагдан миний бие ахалж ажилласан. Өнгөрсөн гурван хоног Монголбанк, Сангийн яам болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зэрэг холбогдох байгууллагын төлөөлөлтэй хамтран иргэдийн зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийг боловсрууллаа. Үүнийгээ Засгийн газрын хуралдаанд танилцуулж, нэн яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Өнөөдрийн байдлаар 229 мянган тэтгэвэр авагч иргэн нийт 763.3 тэрбум төгрөгийн зээлтэй байна гэсэн судалгаа гарсан. Арилжааны банканд тэтгэврийн зээлтэй байгаа нийт иргэдийн 95 хувь нь найман сая төгрөгөөс доош хэмжээний зээлтэй байна. Байгалийн баялгаас олж байгаа орлогыг иргэдэд тэгш, хүртээмжтэй хуваарилах асуудал ярьж байгаа учраас тэтгэврээ барьцаалж зээл авсан иргэдийн зээлийн хэмжээнээс үл хамааран бүх зээлийн үлдэгдэл өрийг тэглэх арга хэмжээнд хамруулна. 

-Зөвхөн зээлтэй ахмадууд хамрагдан гэж ойлгох болох уу?
-Зөвхөн ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх асуудал биш тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг иргэд тэтгэврээ барцаалан зээл авсан бол, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас 55, 60 нас хүрэхээсээ өмнө тэтгэвэрт гарсан иргэд тэтгэврээ барьцаалан зээл авсан бол хамрагдана. Мөн цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн дагуу 55, 60 насанд хүрээгүй иргэн улсад 25 жил ажилласнаараа 45, 50 насандаа тэтгэвэрт гараад зээл авсан бол хамруулна гэдэг асуудлыг хуулийн төсөлд тусгасан. Дээрээс нь тэтгэвэр барьцаалж зээл авсан иргэн нас барсан тохиолдолд зээлийг нь тэглэнэ. Энэ мэтчлэн хамрах хүрээг нь тодорхой болгосон. 

-Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, санхүүгийн эх үүсвэрийг шийдэх гаргалгаа яригдаж байна. Энэ орд шүүх дээр маргаантай байгаа шүү дээ?
-”Эрдэнэс Монгол” компанийн охин компани болох “Эрдэнэс силвер ресурс”-ийг байгуулсан. Ингээд 2019 оны зургаадугаар сард Салхитын мөнгөний ордны лицензийг “Эрдэнэс силвер ресурс” компанид шилжүүлсэн байдаг. Энэ компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал иргэдийн дунд шүүх дээр асуудал байна уу, төрийн мэдэлд бүрэн очсон уу, үгүй юу гэдэг асуулт бий. Бид Ажлын хэсгийн явцад судалж үзэхэд хуучин лицензийг эзэмшиж байсан хятадын компани Захиргааны хэргийн шүүхэд хандан Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас тусгай зөвшөөрлийг нь цуцлаад “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлсэн нь хууль зөрчсөн байна гэдэг гомдол гаргасан юм билээ. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх тэр компанийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Тиймээс лиценз дээр маргаан байхгүй. Салхитын мөнгөний ордны  ашиглалтын талбайн гуравны хоёрт нь хайгуул хийсэн. Хайгуул хийсэн судалгаанаас үзэхэд 808 тонн мөнгө, 1.1 тонн алтны нөөцтэй нь тогтоогдсон. Энэ ордын нөөцийг барьцаалан бонд гаргаж, арилжааны банкуудад худалдаална. Салхитын мөнгөний ордоос олборлож байгаа эрдэс баялгийг нь Монголбанк худалдан авч шилжүүлснээр өрийг барагдуулна. Ямартай ч ирэх хоёрдугаар сард багтаан ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээ авахаар ажиллаж байна. 

-Үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг хамтад нь тэглэх үү?
-Тийм. Ер нь тэтгэврийн зээлийн хүүгийн үлдэгдэл гэж байдаггүй. Арилжааны банкууд зээлийн мөнгө авахдаа тэтгэврээс хүүгийн төлбөрийг хамтад нь суутгадаг юм байна.  Тэгэхээр тэтгэврийн зээлийн хүүгийн үлдэгдэл гэж гарахгүй. 

-Тэтгэврийн зээлийг зогсоож буйд иргэд бухимдалтай байна. Цаашид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр болсон бэ?
-Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээр боллоо. Цаашдаа иргэдийн шууд орлогыг барьцаалан тэтгэврийн зээл олгох нь оновчгүй гэж үзсэн. Тэтгэврийн зээл нь ахмад настнуудын амьжиргаанд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс энэ асуудлыг зогсоох ёстой гэдгийг Засгийн газрын хуралдаанаар ярьсан. Цаашдаа өрхийн зээл гэсэн бүтээгдэхүүн шинээр гаргахгүй. Харин богино хугацаатай, хүүгүй, тэтгэврийн урьдчилгаа гэсэн бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна. Монголбанктай хамтран дараагийн арга хэмжээг авна. 

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин


С.Чинзориг: Дөрвөн төрлийн тэтгэвэр, тэтгэмж барьцаалсан зээлийг тэглэнэ
2020-01-07 12:01:07
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0