Лхагва, 2024-11-27
​Л.Оюун-Эрдэнэ: Их хурлаас хэд, хэдэн асуудал дээр улс төрийн дэмжлэг хүсч байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн үзэл баримтлалыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Ерөнхий сайдын танилцуулгатай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Асуулгад Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ асуултад хариуллаа. Тэрээр “Оюутолгойтойн хэлэлцээр амаргүй түвшинд, ахицтай урагшилж байгаа. ТЭЗҮ дээр алдаа гарсан. Үүнд Монгол Улсын Засгийн газар буруугүй гэдэг дүгнэлт гарсан. Үүний заримыг хөрөнгө оруулагч тал хүлээж авна гэдгээ илэрхийлсэн. Бид ногдол ашгаа наашлуулах, манай Засгийн газар алдаагүй юм бол үүссэн өрийг төлөхгүй гэдгээ илэрхийлсэн хэлэлцээр явж байгаа. Олон хөрөнгө оруулагч байгаа учраас тэнд ч хэлэлцэж байгаа. Хөрөнгө оруулагч талын удирдах бүрэлдэхүүн өөрчлөгдсөн. Оюутолгойн хэлэлцээртэй холбоотой асуудлаар УИХ-ын чуулган дээр хаалттай мэдээлэл өгөхөд бэлэн. Мөн УИХ-тай зөвшилцөж шийдэх 2-3 асуудал байгаа.

Ерөнхий сайдын хувьд УИХ-ын гишүүдээс хэд хэдэн асуудал дээр улс төрийн дэмжлэг хүсч байна. Том шийдэл бүхэн дандаа цаанаа төлөөстэй, улс төртэй өрнөдөг. Үүнийг би Ерөнхий сайд болоод бүр их мэдэрч байна. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц цааш явах уу, үгүй юү гэдэг асуудал үүсч байгаа. Удахгүй Эрдэнэбүрэнг эсэргүүцсэн жагсаал, цуглаан ч болж магадгүй. Энэ бүх зүйлд хөтлөгдөөд явах уу, эсвэл эрчим хүчний хараат байдлаас гарах асуудал дээр нэгдэж чадах уу.

Тавантолгой дээр чингэлэг тээврийн технологийн шийдэлтэй болж байгаа. Энэ нь чингэлгээр биш тээвэр хийж байгаа томоохон эдийн засгийн орон зай дээр байгаа хэсгийн эрх ашгийг зөрчинө. Ингэж байж бид ирэх жил 30,4 сая тонн нүүрсээ гаргаж, 18 их наядын төсвөө бүрдүүлж чадна. Үүн дээр бид нэгдмэл байх ёстой.

Ирэх жил Гашуунсухайтын төмөр замыг дуусгана. 13 жилийн түүхтэй төмөр зам ашиглалтад оруулна. Цэг холболтын асуудал гарч ирнэ. Үүн дээр зөрөх олон асуудал гарч ирнэ.

Богдхан төмөр замыг барина. Ингэж байж Улаанбаатар хотын түгжрэл буурна. 60-70 орчим мянган машин нэмэгдэж байхад Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах боломжгүй. Энэ байдлаараа 4-5 жилийн дараа Улаанбаатар хот тэг зогсолт хийнэ. Тиймээс УИХ Засгийн газартай хамт байх ёстой" гэлээ. 


​Л.Оюун-Эрдэнэ: Их хурлаас хэд, хэдэн асуудал дээр улс төрийн дэмжлэг хүсч байна
2021-10-14 18:28:31
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0