Лхагва, 2024-11-27
​Д.Сумъяабазар: Сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж төлөвлөөгүй нэг ч хотхоныг дахин бариулахгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд ажиллалаа. Тодруулбал, тус хороодод улсын сургууль, цэцэрлэг барих асуудлыг шийдвэрлэхээр нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзсэн юм.

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо нь 26 мянган хүн амтай бөгөөд 7500 нь 18 хүртэлх насны хүүхдүүд. Үүнээс цэцэрлэгийн насны 3000 орчим хүүхэд байдаг ч улсын хоёрхон цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Миний хайпермаркет”-ийн зүүн талд байрлах Тээврийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны газарт улсын цэцэрлэг байгуулахаар төлөвлөжээ. Тус байршил нь 2011 оноос хойш Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяанд байсан бөгөөд 3500 ам метр талбай бүхий газар юм.

 

Энэ үеэр Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон Б.Энхбаяр гишүүн “Боловсрол, шинжлэх ухааны яамны барилга захиалагчдын албаныханд тус байршлыг үзүүлэн, судлуулсан. Гэвч уг газар нь сургууль барих хэмжээний том биш тул цэцэрлэг барих саналыг хүргүүлсэн юм. Иргэдээс санал авахад ногоон байгууламж хэлбэрээр тохижуулахыг хүссэн. Гэхдээ ногоон байгууламж барилаа гэхэд хэдэн жилийн дараа хэн нэгэн Хотын дарга нь газрын эрхийг цуцлаад, барилга барих зөвшөөрөл олгочих вий гэх болгоомжлол үүсээд байгаа юм. Тиймээс тус чөлөөлсөн газарт цэцэрлэг барих санал гаргаж байна” хэмээлээ.

Харин Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо нь 31 мянган хүн амтай, Улаанбаатар хотын хамгийн их оршин суугчтай, нягтаршил ихтэй бүс. Тус хорооны оршин суугчдын 16 мянга орчим нь 18 хүртэлх насны хүүхдүүд бөгөөд сургууль, цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас өөр дүүрэг, хорооны сургууль, цэцэрлэгт хамрагддаг. Иймд “Баянмонгол” хорооллын урд, “Олимп” хотхоны ард байрлах 7500 ам метр талбай бүхий газрыг Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэн, 640 хүүхдийн сургууль барихаар төлөвлөжээ.

 

Ийн эхний ээлжид Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хорооны дээрх хоёр байршилд нийт 1000 орчим хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, сургууль байгуулахаар боллоо. Ингэснээр дор хаяж 1000 машины хөдөлгөөн татарна гэх тооцоолол гараад байгаа юм.

Д.Сумъяабазар: Сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж төлөвлөөгүй нэг ч хотхоныг дахин бариулахгүй

Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дүүрэгтээ ирэх онуудад бүтээн байгуулахаар төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн төслүүдийг танилцуулсан юм. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 2023-2024 онд нэг сургууль, 3-4 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөж байгаа аж. Тус сургууль, цэцэрлэгийн газрын асуудал бүрэн шийдэгдсэн бөгөөд гагцхүү төсвийн асуудлыг шийдвэрлэхэд анхааран ажиллахыг Хотын даргаас хүслээ.

 

Үүний хариуд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улс, нийслэлийн төсөв хэлэлцэх чухал үед санаачилга гарган, уг саналыг хүргүүлж байгаа УИХ-ын гишүүн Б.Энхбаярын саналыг хүлээн авлаа. Удахгүй нийслэлийн төсвийг хэлэлцэх үеэр уг саналыг оруулан, шийдвэрлэх болно. Тус 25, 26 дугаар хороонд барих сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтад нийслэлийн зүгээс онцгой анхаарал хандуулна. Улаанбаатар хотын хувьд газар бол хамгийн үнэ цэнтэй зүйл. Сургууль, цэцэрлэггүй хотхонууд хотод маш олон байгаа. Тиймээс Хотын даргын хувьд сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж төлөвлөөгүй нэг ч хотхоныг дахин бариулахгүй. Хүүхдэдээ, иргэндээ ээлтэй, ногоон байгууламжтай,  амьдрах орчин, чанарыг сайжруулсан хот байхын төлөө бодлогоо чиглүүлнэ” хэмээв.

Нийслэлийн хэмжээнд 2020-2022 онд нийт 152 сургууль, цэцэрлэг барих ажил эхэлсэн бөгөөд барилгын ажил үргэлжилж байна. Хамран сургах тойргийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд нэмж 71 сургууль, цэцэрлэг барих шаардлагатайг Нийслэлийн Боловсролын газраас мэдээлж байлаа.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн  “Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороо болон Хан-Уул дүүргийн 17, 18, 19 дүгээр хороо хамгийн өндөр нягтаршилтай бөгөөд газар байхгүйн улмаас сургууль, цэцэрлэгийн хүртээмж тааруу байдаг. Үүнээс үүдэн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, түгжрэл үүсэх нөхцөл бүрдээд байна. Улаанбаатар хотын түгжрэлийн 28.5 хувийг хамран сургах тойрогт нь сургууль, цэцэрлэг хүртээмжгүйгээс хүүхдээ зөөх хөдөлгөөн бүрдүүлдэг” хэмээн онцоллоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 


​Д.Сумъяабазар: Сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж төлөвлөөгүй нэг ч хотхоныг дахин бариулахгүй
2021-10-21 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0