Монгол Улсын 2022 оны төсөвт 36.7 сая тонн нүүрс экспортлохоор баталсан. Тэгвэл Засгийн газар ирэх онд нүүрсний экспортын гүйцэтгэлийг хангах ажлыг энэ долоо хоногоос эхлүүлжээ.
Улмаар Сангийн сайд Б.Жавхлан Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтууд дээр үүссэн экспорт-импортын гацааг арилгах чиглэлд Засгийн газрын шийдвэрлэсэн асуудлууд болон БНХАУ-ын талтай Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хилийн огтлолцлын цэгийг тохиролцсон талаар мэдээлэл өглөө.
Тодруулбал, БНХАУ-ын тал өнгөрсөн долоо хоногт Гашуунсухайт-Ганцмод боомтоор дайран өнгөрөх төмөр замын огтлолцлын цэгийг ноот бичгээр хоёр тал харилцан тохиролцох төслийг манай талд хүргүүлсэн аж. Уг асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд урд хөршийн талаас ирүүлсэн төслийг зөвшөөрөх, гарын үсэг зурах ажлыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгасан байна.
Монгол Улсын Гадаад харилцааны яам ирэх өдрүүдэд Хятадын талд энэ асуудлаар ноот бичиг илгээснээр арав орчим жил яригдсан асуудал гэрээ болж хэрэгжих эрх зүйн орчин бүрдэнэ. Үүний дараа Монголын талаас "Тавантолгой төмөр зам" болон Хятадын талаас “China Energy” компаниуд бүтээн байгуулалтыг хамтран хэрэгжүүлснээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам эдийн засгийн эргэлтэд орох боломж нээгдэх юм.
Хилийн боомтуудын хувьд:
Сангийн сайд болон Шадар сайдын хамтарсан ажлын хэсэг өнгөрөгч сард Гашуунсухайт боомтод ажиллаж, Гашуунсухайт-Ганцмод боомтоор чингэлэг терминал болон бөмбөлөгийн зохион байгуулалтаар нүүрс экспортлох журмыг баталсан. Журмын хүрээнд нүүрсний экспортыг тогтвортой явуулах асуудалд нааштай тодорхой ахиц, дэвшлүүд гарсан байна.
Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмод боомтоор сүүлийн 3-4 хоногт дунджаар 400-500 нүүрс ачсан автомашин экспорт хийсэн бол өнөөдөр 600 орчим тээврийн хэрэгсэл урд хөрш рүү гарчээ. Цаашид нүүрсний экспортыг тогтвортой, хэвийн үргэлжлүүлэх асуудлаар Хятадын Ганцмод боомтын удирдлагуудтай хамтран ажиллаж байгаа аж.
Замын-Үүд боомтын хувьд төмөр замын ачаа тээвэр хэвийн явагдаж байгаа ч урд хөршийн талаас газраар бараа тээвэрлэх, импортлох асуудал зогсоод байгаа билээ.
Тэгвэл Засгийн газар Хятадын талаас тавьсан нөхцөл, шаардлагуудыг судалсны үр дүнд тээврийн жолооч нарыг өөр хооронд нь контакт үүсгэлгүйгээр бараа материалыг чингэлгээр татаж авах шинэ горимд шилжих асуудлыг тавьсан байна. Тодруулбал, Хятадын талаас боомтын тэг бүсэд жолооч нар бараа материалаа буулгаад буцах бөгөөд Монголын талаас жолооч бараа материалыг тэг бүсээс татан авах аж.
Эрээн хотод сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд “COVID-19”-ийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Хэрэв цаашид ажиглалтын 14-20 хоногт шинээр тохиолдол илрэхгүй бол дээрх горимоор бараа материалыг татан авах ажлыг эхлүүлэхээр талууд тохиролцжээ.
Шивээхүрэн боомтын хувьд чингэлэг терминалын бүтээн байгуулалтын ажил 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ сардаа багтаж ашиглалтад орох төлөвтэй байна. Мөн бүтээн байгуулалтын ажилтай зэрэгцээд Хятадын талтай чингэлэг терминалыг хэрхэн ашиглах талаар хэлэлцээ өрнүүлж байгаа аж. Улмаар чингэлэг терминал ашиглалтад орсны дараа Шивээхүрэн боомтоор нүүрсний экспорт хийгдэж эхлэх хүлээлттэй байна.
Б.Жавхлан: Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын хилийн огтлолцлын цэгээ Хятадын талтай тохирлоо |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10