Лхагва, 2024-11-27
Л.Оюун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй

Авлигын эсрэг үндэсний чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэллээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг Олон улсын авлигын эсрэг өдөр болгон тэмдэглэхээр зарласан. Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо; Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Манай улсын хувьд авлигын төсөөллийн индексээр сүүлийн хоёр жилд 35 оноо авч, дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод авлига, төрийн хүнд суртал хөгжлийг боомилогч үндсэн хүчин зүйл болоод байна гэлээ. Мөн тэрбээр “Авлига, хүнд суртал иргэдэд үйлчлэх учиртай төрийн гол чиг үүргийг хөсөрдүүлж, эдийн засгийн цусны эргэлтийг гацааж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг үргээж, төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж байна. Авлигатай хийх бидний тэмцэл зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдээр хязгаарлагдахгүй, харин түүнийг ургуулж буй хөрс суурь, нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг устгахад чиглэнэ. Тиймээс

авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн албан тушаалтнуудыг цаашид төрд ажиллуулахгүй байх эрхзүйн зохицуулалт хийнэ. Мөн төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулан шинэчлэх ёстой” хэмээсэн юм.

Авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар сайжирч, нийт шалгасан хэргийн тоо жил ирэх тусам нэмэгдэж буйг АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа хэлж байлаа. Тухайлбал 2007-2016 онд жилд дунджаар 200 орчим хэрэг шалгаж байсан бол сүүлийн гурван жилд энэ тоо 1300 хүрч даруй 6.5 дахин өссөн байна. Шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хэргийн тоо болон хохирол нөхөн төлүүлэх байдалд ч мөн эрс өөрчлөлт гарчээ. Тодруулбал 2019 онд 11.3, 2020 онд 35.6, 2021 онд 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна.

Гэсэн хэдий ч авлигатай тэмцэх ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатайг олон улсын болон дотоодын судалгааны дүн харуулсаар байгаа юм. Авлигын индексийг бууруулахад иргэн, төр, иргэний нийгэм, хувийн хэвшил болон бусад байгууллагуудын идэвх оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатайг албаныхан хэлж байлаа. Энэ хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай, Улс төрийн намын тухай зэрэг хуульд өөрчлөлт оруулахаар болсныг Ерөнхий сайд энэ үеэр онцлоод 2024 он гэхэд бизнес эрхлэхэд төрийн байгууллагаас шаарддаг 1000 гаруй зөвшөөрөл, техникийн нөхцөл, гарын үсэг, гэрээний тоог 50 хувиар бууруулан, хүний хүчин зүйлийг багасгаж, И-Монгол системээс авдаг болохоор ажиллаж байгааг хэллээ. Одоо төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монгол системээс 512 төрлийн үйлчилгээ авч байгаа юм.


Л.Оюун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй
2021-12-09 08:10:37
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0