Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын хуралдаанд цахимаар оролцож үг хэллээ. Хуралдааныг Бүгд Найрамдах Солонгос улс, НҮБ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэлхий даяар тархаад буй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар зохион байгуулагдаж байгаа юм.
Энэхүү хуралдаан нь 2014 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн, Батлан хамгаалахын болон гадаад харилцааны сайд, олон улсын байгууллагын тэргүүнүүд, эрдэмтэн судлаачид оролцдог аж.
Энэ удаагийн хуралдааныг Ази тивд анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд дэлхийн 100 гаруй орны төлөөлөгчид оролцож, энхийг сахиулах ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж буй сорилтууд, цаашдын бодлого тодорхойлох асуудлуудыг хэлэлцэж байна. Хуралдаанд БНСУ-ын ерөнхийлөгч Moon Jae-in, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Antonio Guterres нар цахим мэдчилгээ дэвшүүлж, БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Suh Wook, Гадаад хэргийн сайд Chung Eui-yong нар нээж үг хэллээ.
Уг хуралдааны хоёр дахь өдөр буюу өчигдөр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр үг хэлэв. Тэрбээр Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэнээс хойш 60 жилийн хугацаанд НҮБ-ын зорилго, үйл ажиллагааг хүндэтгэн дэмжиж, сайн санааны туслалцаа үзүүлэх, зуучлах, эвлэрүүлэх талаар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж ирлээ. Монгол Улс цэргийн алба хаагчдынхаа бэлтгэл, ур чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд шаардлагатай байгаа Түргэн байрлах хүчний рот, Инженерийн рот, явуулын мэс заслын хүчин чадавхитай Цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийг тус тус шинээр оролцуулахаар төлөвлөж, бэлтгэлээ хангаж байна. Мөн байгаль орчныг хамгаалах чиглэлээрх НҮБ-ын уриалгыг дэмжиж энхийг сахиулах ажиллагаанд шинээр оруулах цэргийн багуудыг тодорхой хэмжээний сэргээгдэх эрчим хүчний хүчин чадавхтайгаар үүрэг гүйцэтгүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулж байгаагаа дуулгав.
Үүний зэрэгцээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” 1325 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог үе шаттайгаар нэмэгдүүлж, 15 хувьд хүргэхээр зорин ажиллаж байгаагаа ч дурдсан юм. Энэ ажлын хүрээнд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын оролцоо, тэдний туршлага сургамжийн талаар олон улсын хурлыг Улаанбаатар хотноо 2022 онд зохион байгуулж ажиллахаа онцоллоо. Цаашид Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг тогтоох, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж, НҮБ-ын дүрэм, Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр батлагдсан мандаттай НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоогоо өргөжүүлэхийн тулд идэвхтэй ажиллана гэдгээ илэрхийлэв.
Эх сурвалж: БХЯ
Эмэгтэй энхийг сахиулагчид ирэх онд Монголд чуулна |
2024-11-27 11:51:50
2024-11-27 11:51:01
2024-11-27 11:49:42
2024-11-27 11:48:33
2024-11-27 11:47:46
2024-11-27 11:46:17
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11