Лхагва, 2024-11-27
С.АМАРСАЙХАН ОХУ-ЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН САЙДЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ А.П.ЧУПРИЯНТАЙ УУЛЗЛАА

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Онцгой байдлын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч, хурандаа генерал Александр Чуприянтай уулзаж, онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уснаас эрэн хайх аврах ажиллагааг шинэ түвшинд гаргах, техник технологийн болон боловсон хүчний чадавхыг сайжруулах чиглэлээр санал солилцлоо.

Онцгой байдлын салбар дахь хоёр орны харилцаа 1995 оноос эхлэлтэй бөгөөд өнгөрсөн 26 жилийн хугацаанд Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг жил бүр тогтмол хоёр талдаа ээлжлэн зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ оны 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Халимаг Улсын Элиста хотноо “Монгол-Оросын хамтарсан комиссын XVIII хуралдаан”-ыг зохион байгуулсан. Манай төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч, хуралдааныг амжилттай бөгөөд үр дүнтэй зохион байгуулсанд баяртай байгаагаа Шадар сайд С.Амарсайхан уулзалтын эхэнд уламжлав.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтран Хөвсгөл нууранд живсэн автомашинуудын байршлыг тогтоох, гарган авах гүний усны дадлага сургуулийг 2021 оны 09 дүгээр сарын 20-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан нь цэнгэг усны гол нөөц болох Хөвсгөл нуурын эко системийг хадгалах, нөхөн сэргээхэд өндөр ач холбогдолтой тул цаашид жил бүр зохион байгуулахаар тогтсон.

Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх бодлогын хүрээнд ОХУ-ын Гал эсэргүүцэх албаны академид 2001 оноос эхлэн “Галын аюулгүй байдлын мэргэжилтэн”, Иргэний хамгаалалтын академид 2008 оноос “Гамшгийн удирдлага”, “Цэргийн анги, нэгтгэлийн удирдлага”, Санкт-Петербургийн Улсын Гал эсэргүүцэх их сургуульд 2019 оноос "Шүүхийн шинжээч” мэргэжлээр нийт 144 алба хаагчдыг суралцуулж иргэний хамгаалалт, галын аюулгүй байдлын чиглэлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгоод буй. Цаашид ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа академи, сургуулиудад Монгол Улсын Онцгой байдлын байгууллагаас инженер техник, холбоо, зарлан мэдээлэл, хими, цацрагийн аюулгүй байдал зэрэг чиглэлээр суралцах алба хаагчдын тоог нэмэгдүүлэх саналтай байгаагаа Шадар сайд энэ үеэр илэрхийллээ.

Хөвсгөл нуур, цаашлаад Байгаль нуур, тэдгээрийн сав газрын эко системийг хамгаалах, нөхөн сэргээхэд Хөвсгөл нуур дахь хамтарсан дадлага сургууль нь томоохон үүрэг гүйцэтгэх тул хамтарсан дадлага сургуульд ОХУ-д хэрэглэгдэж буй усны эрэн хайх аврах ажиллагааны сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжийг ашиглах замаар Монголд шинэ технологийг нэвтрүүлэх санал дэвшүүлснийг Оросын тал дэмжин хамтарч ажиллахад таатай байна гэдгээ дуулгалаа.

Мөн Хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хил дамнасан гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд мэдээлэл солилцох дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, ашиглах чиглэлээр хамтран ажиллахаар талууд харилцан тохиролцлоо.

 


С.АМАРСАЙХАН ОХУ-ЫН ОНЦГОЙ БАЙДЛЫН САЙДЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ А.П.ЧУПРИЯНТАЙ УУЛЗЛАА
2021-12-20 10:16:40
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0