Лхагва, 2024-11-27
Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад шинээр томилогдсон Элчин сайдыг хүлээн авч уулзав

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.12.22) Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон, ажилдаа ороод буй Элчин сайд, ноён Себастиен Сүрүн-г хүлээн авч уулзлаа. Тэрбээр энэ оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан билээ.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноён Себастиен Сүрүн-д Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, Монгол Улсын Их Хурал болоод Засгийн газар Франц Улстай найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгдөг, манай улсын хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөө болон эрх зүйт ёсыг дээдлэх үнэт зүйлсээрээ нэгддэг, Европ дахь гуравдагч хөрш юм гэдгийг онцлон тэмдэглэв.

Элчин сайд, ноён Себастиен Сүрүн Улсын Их Хурлын даргатай биечлэн уулзаж байгаадаа баяртай байна гээд Монголын ардчиллын институцийг бэхжүүлэх, улс орны гадаад бодлого зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын Их Хурал томоохон байр суурь эзэлдэг болохыг тэмдэглэв. Тэрбээр, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Ардчиллын төлөөх дээд түвшний уулзалт”-ад Монгол Улсыг төлөөлж байсан талаар дурдаж, манай хоёр орны харилцаанд Монгол Улсын Их Хурлын үүргийг хэрхэн харж байгааг тодруулав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, тус уулзалт хүний эрхийг хангах, авлигатай тэмцэх үндсэн сэдвийн дор зохион байгулагдсан ба Монгол Улсын Их Хурал хүний эрхийг дээдэлсэн парламент болохыг зорьдог. Үүний нэг тод жишээ бол бид Авлигын эсрэг парламентын бүлгийг Улсын Их Хуралд байгуулж, анх удаа албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгээр нийтийн сонсгол хийх, сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийг баталсан гэв.

Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал зэрэг асуудлаар санал солилцов. Түүнчлэн, өнгөрсөн есдүгээр сард Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүйэ тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн айлчал нь хоёр улсын харилцааг шинэ түвшинд авчирсан болохыг Улсын Их Хурлын дарга уулзалтын төгсгөлд тэмдэглэж, Монголын соёлын өдрүүд Парис хотноо ирэх оны хоёрдугаар сард амжилттай зохион байгуулагдана гэж найдаж байгаагаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад шинээр томилогдсон Элчин сайдыг хүлээн авч уулзав
2021-12-23 10:03:48
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0