Лхагва, 2024-11-27
“Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан өнөөдөр /2021.12.28/ болж, “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллоор санал хураалт явуулав.

Тухайлбал, Тогтоолын төсөлд “Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх” хэмээн заасныг “Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох “Оюутолгой” ХХК-иас “Туркойз” компанид төлөгдөх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хуримтлагдаж буй нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх хэмээн тодотгон өөрчлөх санал, төслийн нэрийн хангуулах гэснийг нэмэгдүүлэх гэж өөрчлөх, төсөл дэх “Оюу толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах гэсэн заалтад ус ашиглах гэж нэмэх зэрэг саналуудыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.

Түүнчлэн гишүүдийн гаргасан бусад санал, найруулгын саналаар санал хураалт явуулан Түр хорооноос гаргасан санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


“Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2021-12-29 13:30:48
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0