Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ыг үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр гаргасан тус намын дарга Ц.Оюунгэрэлийн өргөдлийг хэлэлцэж гаргасан 37 дугаар тогтоолын талаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.10, 22.11 дэх хэсэгт заасны дагуу хураангуй мэдээллийг олон нийтэд хүргэж байна.
Өргөдлийн товч агуулга:
Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ын дарга Ц.Оюунгэрэлээс 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөр огноолж, “Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ыг улсын бүртгэлд бүртгэж өгнө үү” хэмээн өргөдөл гаргаж, 6 хавтас баримт хавсарган ирүүлснийг Улсын дээд шүүх 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авчээ.
Нягтлан шалгах ажиллагаа явуулсан байдал:
Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлага хангасан эсэхэд нягтлан шалгах ажиллагааг явуулсан.
Өргөдөлд хавсаргаж ирүүлсэн тухайн намын 1152 гишүүний мэдээлэл нь Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын харьяалалтай байна”, 9 дүгээр зүйлийн 9.3-т “Нам нь Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.1-д зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:” гээд 9.3.7-д “намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл /овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг/” гэж заасан шаардлага хангаж буй эсэх талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас тодруулахад 838 иргэний мэдээлэл зөрүүтэй болох талаар хариу ирүүлсэн байна.
Баримтын зөрчлийг арилгах талаар тус намын дарга Ц.Оюунгэрэлийн гаргасан хүсэлтийг хангаж, өргөдлийг холбогдох баримтын хамт 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр буцаасан. Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ын дарга Ц.Оюунгэрэлээс 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөр огноолж, дахин өргөдөл гаргаж, 6 хавтас бүхий холбогдох баримтыг ирүүлжээ.
Холбогдох хуулийн зохицуулалт:
Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Улсын дээд шүүх намыг дараахь үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана:”
10.1.1.намын дүрэм, хөтөлбөр нь Монгол Улсын Yндсэн хууль болон бусад хуульд харшилсан;”
11.2-т “Намын дүрэмд дараахь нийтлэг зүйлийг тусгана:”
11.2.5. “намын Их болон бусад хуралд төлөөлөгч сонгох, оролцох, удирдах болон хяналтын байгууллага байгуулах, тэдгээрийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны тухай;”,
11.2.6. “намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах журам”,
13 дугаар зүйлийн 13.3-т “Намын Их Хурлын чөлөөт цагт намын бага, бүгд хурал, тэдгээртэй адилтгах намын төлөөллийн төв байгууллагыг намын Их Хурлаар сонгож байгуулна. Сонгуулийг нууц санал хураалтаар явуулна.”,
13.7-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр болон нэр дэвшүүлэх асуудлыг намын Их Хурал, эсхүл намын Их Хурлаас сонгож байгуулсан намын төлөөллийн төв байгууллага шийдвэрлэнэ. Нэр дэвшүүлэх асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.”,
13.8-д “Намын орон нутгийн төлөөллийн байгууллагыг нууц санал хураалтаар сонгож байгуулна”,
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
Улсын Дээд шүүхийн тогтоолын агуулга:
Улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгэхэд тухайн намын дүрэм, хөтөлбөр нь Үндсэн хууль болон бусад хуулиар үүрэг болгосон, хориглосон заалтыг илтэд зөрчсөн, эсхүл дүрэм, хөтөлбөрийн зарим хэсэг нь хуулийн үзэл баримтлал, зарчим, зохицуулалтын агуулгад нийцэхээргүй бол бүртгэхээс татгалзахаар хуульд зохицуулжээ.
Өргөдөл гаргагчаас хавсаргаж ирүүлсэн “Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын дүрэм”-д “нууц санал хураалтаар” намын төлөөллийн төв болон орон нутгийн төлөөллийн байгууллага, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулах талаар тусгаагүй, мөн “намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах журам”-ыг хуульд зааснаар нарийвчлан зохицуулаагүй байна.
Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын удирдах байгууллага, албан тушаалтан, төрийн сонгуульд нэр дэвшигчийг сонгох процессыг “нууц санал хураалтаар” явуулах, намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг өөрчлөх журмыг урьдчилан нарийн тогтоосон байхыг шаардсан Улс төрийн намын тухай хуулийн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхлын үүднээс эвлэлдэн нэгдэх, улс төрийн нам байгуулах иргэдийн үндсэн эрх болон намын дотоод ардчиллыг бодитойгоор хангахад чиглэсэн зохицуулалт тул хууль тогтоогч хуульд сонголтгүйгээр, үүрэг болгосон байдал (тушаасан буюу императив диспозиц)-аар заасан бөгөөд нам нь өөрийн дүрэмдээ тухайн журмыг нарийвчлан зохицуулах үүрэгтэй.
Иймд, “намын дүрэм хуульд харшилсан” гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Тогтоолд Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй талаар мөн заасан бөгөөд өргөдөл гаргагчаас дахин ирүүлсэн 1117 намын гишүүний бүртгэлийн мэдээллийг нягтлахад 136 иргэний мэдээлэл зөрүүтэй талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн. Түүнчлэн тохиолдлын журмаар түүвэрлэн 64 иргэний мэдээллийг нягтлан шалгахад тухайн намд элсээгүй гэх 15, өөр намын харьяалалтай гэх 7 иргэн байсан бол мөн нам үүсгэн байгуулагдах үед насанд хүрээгүй 5, нэр нь давхар бичигдсэн 7 иргэн намын гишүүний мэдээлэлд тус тус илэрснийг дурдсан байна.
Санамж:
Энэ хураангуй нь тогтоолын агуулгыг зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болохыг тэмдэглэв.
Монгол Улсын дээд шүүх
УДШ: Намын дүрэм хуульд харшилсан бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах зохицуулалттай |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10