Лхагва, 2024-11-27
Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ц.Амартөгсийг томилуулах саналыг дэмжжээ

​Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдааны төгсгөлд Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигчийг томилуулах тухай асуудал хэлэлцжээ. 

Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссын ахлагч, Төрийн байгуулалтын хороо хариуцсан ахлах зөвлөх Б.Хатантуул танилцуулга хийсэн юм.

Тус Байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журмын 4.1-д заасныг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссыг Төрийн байгуулалтын хороо хариуцсан ахлах зөвлөх Б.Хатантуулаар ахлуулан 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар Байнгын хорооны энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Журамд заасны дагуу комиссын бүрэлдэхүүнд Удирдлагын академи, Үндэсний аудитын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Төрийн албаны зөвлөл, Жендэрийн үндэсний хороо, Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнууд багтаж ажиллажээ.

Сонгон шалгаруулах комисс Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах мэдээллийг хэвлэл мэдээллээр 7 хоног нээлттэй зарлаж, 8 хүн материал ирүүлснээс журмын шаардлага хангасан 5 оролцогчийг бүртгэж үнэлгээ өгөхөд Ц.Амартөгс нь хамгийн өндөр үнэлгээ авчээ. Иймээс комиссын тайлан, холбогдох материалуудыг Байнгын хороонд хүргүүлж, хамгийн өндөр үнэлгээ авсан Ц.Амартөгсийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлэх саналаа Байнгын хороонд уламжилсан байна.

Сонгон шалгаруулах комиссын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Энхболд, Ж.Мөнхбат нар үг хэлж Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хууль бус томилгоог таслан зогсоож төрийн албан хаагчдыг чадахуйн зарчимд суурилсан шатлан дэвших мэрит зарчим баримтлан сонгон шалгаруулж ажиллуулах, төрийн албан хаагчдыг чадавхжуулахад анхаарч ажиллахыг нэр дэвшигчид захилаа.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Цэнддаваагийн Амартөгсийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулах саналыг дэмжив.

Төрийн албаны зөвлөлийн гишүүнд төрийн албан хаагчийн төлөөллөөс нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна гэж Төрийн албаны тухай хуульд заасан. Улсын Их Хурал зөвлөлийн гишүүнийг зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд зөвлөлийн гишүүнээр нэг удаа улируулан томилж болох зохицуулалттай гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.   

ТОВЧ НАМТАР:

Цэнддаваагийн Амартөгс 

Боловсрол:

  • 1994-1998 онд Хөдөлмөрийн дээд сургуулийг хөдөлмөрийн эдийн засагч, менежер мэргэжлээр төгсөж,
  • 2001-2003 онд МУИС-ийн Эдийн засгийг сургуульд бизнесийн удирдлагын магистр,
  • 2005-2006 онд Австралийн Флиндерсийн Их сургуульд төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан,
  • 2021 оноос МУИС-ийн докторантаар суралцаж байгаа аж.

Ажилласан байдал:

  • 1998-2000 онд Хөдөлмөр зохицуулалтын газарт мэргэжилтэн,
  • 2000-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн, газрын орлогч дарга,
  • 2012-2015 онд мөн яаманд хэлтсийн дарга,
  • 2015-2020 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын дарга,
  • 2020 оноос Төрийн албаны зөвлөлийн Захиргаа, удирдлагын газрын дарга, Ажлын албаны даргаар ажиллаж байгаа аж.

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ц.Амартөгсийг томилуулах саналыг дэмжжээ
2021-12-31 12:13:30
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0