УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.01.06/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулсан юм.
Сайд А.Ариунзаяа, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд ашгийн төлөө бус хуулийн этгээдийг төрөл тус бүрээр нь нарийвчлан зохицуулах, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, сангийн төрөл, ангилал, дотоод зохион байгуулалт, удирдлага, төлөөлөл, үүсгэн байгуулагчийг тодорхой болгож, сангийн бүртгэл, хяналт, тайлагналт, ил тод байдал, татан буугдах нөхцөл, журмыг боловсронгуй болгож, төрөөс санд үзүүлэх дэмжлэг, төрийн чиг үүргийг гүйцэтгүүлэхтэй холбоотой зохицуулалтыг бий болгох зорилгыг дэвшүүлсэн.
Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т сангийн эрх зүйн байдлыг тусгайлсан хуулиар тогтоохоор заасан бөгөөд түүнчлэн Төрийн бус байгууллагын тухай хуульд 1998-2016 оны хооронд нийт 6 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч эдгээр нэмэлт, өөрчлөлт нь Төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд тулгарч байгаа бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, бодлогын баримт бичигттуссан зорилтыг оруулах бус харин салбарын бусад хуулиуд шинэчлэгдсэн, эсхүл тэдгээрт нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотой байна.
Мөн 2002 оны батлагдсан Иргэний хуультай нийцүүлэх талаар хангалттай зохицуулалт хийгдээгүйгээс Төрийн бус байгууллага болон ашгийн төлөө бус хуулийн этгээдийн хэлбэрийн хооронд зөрүүтэй байдлыг үүсгэж, улмаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд төрийн бус байгууллагын хэлбэр болон үйл ажиллагааны төрлийг хольж бүртгэх, ойлголт, нэр томьёоны хэрэглээний хувьд ойлгомжгүй байдал үүсгэхэд хүргэсэн. Өөрөөр хэлбэл дээр дурдсан нийгмийн өөрчлөлт, сангийн үйл ажиллагааны өргөжилт, тоо хэмжээний өсөлт зэрэгтэй холбоотой харилцааг Төрийн бус байгууллагын тухай хууль бүрэн дүүрэн зохицуулж чадахгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг үндэслэн Төрийн бус байгууллагын тухай хуулийг Иргэний хуулийн суурь зохицуулалт, нэр томьёонд нийцүүлэн ашгийн төлөө бус хуулийн этгээдийн нэг төрөл болох сангийн зохицуулалтыг тусгайлан нарийвчлан зохицуулахаар Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг батлан уг хуулийн төслийг боловсруулсан гэлээ.
Энэ хуулиар Засгийн газрын тусгай сан, Хөрөнгө оруулалтын сан, Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих сан, олон улсын болон гадаад улсын сангийн салбар, төлөөлөгчийн газар болон холбооны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахгүй юм байна.
Сангийн эрх зүйн байдлыг Иргэний хуульд заасан ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төрөлд нийцүүлэн тодорхойлж, сангийн эрх зүйн зохицуулалтыг санхүүжилтийн хэлбэрээр хувийн сан, нийтийн сан гэсэн хоёр төрөл ялгамжтай байдлаар хуулийн төсөлд тусгасан бөгөөд нийтийн санг олон нийтээс хөрөнгө төвлөрүүлэх онцлогийг харгалзан тавигдах шаардлагыг хувийн сангаас илүү нарийвчлан зохицуулсан аж.
Мөн хувийн санг гэрээслэлийн үндсэн дээр байгуулж болох бөгөөд гэрээслэлд тухайн санг үүсгэн байгуулах шийдвэр гаргах этгээдийг заахаас гадна гэрээслэлд заасан зорилгоос бусад зориулалтаар үйл ажиллагаа явуулахыг хориглосон зохицуулалтыг тусгасан хэмээн танилцуулсан. Түүнчлэн хуулийн төсөлд сан нь өөрийн дүрэмдээ зорилгоо тодорхой заахаас гадна зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг олон улсын сангийн жишиг ангиллын дагуу тодорхойлох, зорилгыг хэрэгжүүлэх шаардлагатай хөрөнгө, эсхүл санхүүжилтийн талаар тодорхой заах, төлөөлөх эрх бүхий этгээдийг тодорхойлох, татан буугдсаны дараа эд хөрөнгийг хүлээн авах этгээдийг тодорхойлох зэрэг шаардлагыг тогтоосон байна.
Сангийн дотоод засаглал, санхүүгийн зарцуулалтад ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, хөрөнгө, орлого, ашгийг шууд ба шууд бусаар хандивлагч байгууллагын удирдах зөвлөлийн гишүүдийн хувийн ашиг сонирхолд ашиглахгүй байх, сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчийг сангийн хөрөнгөөр санхүүжүүлэхгүй байх зэрэг одоогийн хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг хэвээр хадгалсан бөгөөд сангийн нөөц, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангахад анхаарч, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, төлбөртэй үйлчилгээ үзүүлэх, орлогыг дүрэмдээ заасан зорилгодоо зарцуулах нөхцөл, журмыг нарийвчлан тодорхойлжээ.
Мөн сангийн хандив тусламж, аж ахуйн үйл ажиллагааны орлогоос гишүүд болон бусад этгээдэд ашиг хуваарилахыг хориглож, санд үзүүлэх татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг нэгдсэн журмаар татварын хууль тогтоомжид тусгаж зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд сангийн эрхлэн явуулах аж ахуйн болон нийтэд тустай үйл ажиллагааг аж ахуй нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөхөөр тусгажээ.
Сангийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар ашгийн төлөө бус хуулийн этгээдийн нэг хэлбэр болох сангийн хэлбэрээр ажиллах нөхцөл бүрдэж, эрх зүйн зохицуулалтын хүрээнд үүсээд байгаа зөрчил, хийдэл арилж, нарийвчилсан зохицуулалттай болно хэмээн сайд онцолсон. Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн баталгааг ашгийн төлөө бус хуулийн этгээдийн ил тод, хариуцлагатай байх зарчмаар дамжуулан хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх тул хүний эрхийг хангах чиглэлд эерэг үр нөлөөтэй гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.
Сангийн үйл ажиллагааны санхүүжилтийн шууд ба шууд бус боломжуудыг өргөжүүлж, шууд санхүүжилтийн хэлбэрүүд болох төрийн чиг үүргийг сангаар гэрээлэн гүйцэтгүүлэхэд баримтлах зарчмыг тодорхойлж, зорилгодоо чиглэсэн аж ахуйн үйл ажиллагааг ил тод, шударгаар эрхлэх эрхийг баталгаажуулснаар хувийн болон нийтийн сангийн үйл ажиллагаагаа тогтвортой, чадавхтай эрхлэх юм байна. Сан нь ашгийн төлөө бус хуулийн этгээд болохын хувьд тодорхой орлого, хандивыг татвараас чөлөөлөх, бусад татвараас хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зэрэг санхүүжилтийн шууд бус дэмжлэгүүдтэй болсноор олон нийтийн сайн үйлсийн төлөөх хандив өргөх, ур чадвараа нэмэрлэх сэдлийг дэмжиж хөгжүүлэх болно гэж үзэж байгаа ажээ. Хувийн болон нийтийн сан нь татвар төлөгчөөр татварын байгууллагын бүртгэл, хяналтад орсноор ашгийн төлөө бус байгууллагаар халхавчлан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдүүдийг илрүүлэх, хууль бус үйл ажиллагаа эрхэлж байгаа санг ялгах, хариуцлага тооцох боломж бүрдэх юм байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, гадаадын зээл тусламж, буцалтгүй тусламжид аудит хийж үзэхэд ТББ-аар ихэнх нь дамжин, нэг хоёр жилийн дараа тэр сан нь татан буугдчихсан байдаг. Үүнийг зохицуулах зайлшгүй шаардлага байна. Нийтэд тустай үйл ажиллагаа явуулж буй сангаас үүнийг хэрхэн ялгах вэ гэж тодруулсан.
Ажлын хэсгээс хариулснаар, өнөөдрийн энэ замбараагүй байдал хуулийн этгээдийн дотоод засаглалтай холбоотой аж. Нэг хуулийн этгээд байгуулаад өөрөө захирал болоод хувийн компани мэт санхүүгээ дур мэдэн захиран зарцуулдаг. Хуулийн гол зорилго бол сан удирдах зөвлөл, хяналтын хороотой байх ёстой гэсэн шалгуурыг тавьж байгаа аж. Дотоод засаглал сайжирвал хяналт сайжирна. Хандив тусламжийг олон нийтэд тайлагнавал хяналт сайжирна гэлээ.
Сангийн хариуцлагыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа ил тод байх зарчмыг хэрэгжүүлэхэд анхаарч нийтэд тустай үйл ажиллагаа эрхэлж, татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдэлж байгаа бол тухайн үйл ажиллагаатай холбоотой санхүү, татвар, үйл ажиллагааны тайлангаа холбогдох байгууллагад гаргах, ил тод байлгах эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа гэсэн хариулт өгсөн.
Эцэст нь хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахын өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга хуулийн төслийг дахин хэлэлцэж ойлголтоо нэгтгэх шаардлагатай байгаа учир тав хоногийн завсарлага авлаа.
Дараа нь “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав.
Тус Байнгын хороо 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийг баримтлан явуулсан гэлээ.
Ажлын хэсгээс тогтоолын төслийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан Монгол хүний удмын санг хамгаалж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих зорилтыг үндэслэн зарчмын зөрүүтзй саналын томьёоллыг бэлтгэж Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлжээ.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Б.Бейсен угийн бичгийг айл өрх бүрд хөтлүүлэн, хэвшүүлэх ажлыг хаанаас зохион байгуулах талаар, УИХ-ын гишүүн Ц.Туваан цус ойртолт, удамшлын эмгэг өвчнийг эрт үед нь оношлох талаар, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл эхийг жирэмсэн үед ургийн гажгийг оношлох, илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах талаар, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол хүүхдийн чадвар чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхэд анхаарах талаар асуупт асууж, хариулт авчээ.
Ажлын хэсгээс "Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 11 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн танилцууллаа.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, хэт хөдөлгөөнтэй, анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй хүүхдийн эмгэг, аутизм гэх мэт өвчний учир шалтгаан юутай холбоотой вэ. Жирэмсний явцад ургийн гажигийг гадны улс орнуудад молекул, генетикийн түвшинд хийж байна. Манайд хэзээ ийм оношилгоо хийдэг болох вэ гэсэн асуулт тавьсан.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, монголын анагаах ухааны хөгжлийн гол шалгуур нь молекул, генетикийн оношилгоог хэрхэн хийж байгаа асуудал аж. Одоогоор хавдрын эсийн түвшинд энэ оношилгоог хийж эхэлсэн ч манай анагаах ухааны түвшинд ургийг молекул, генетикийн түвшинд оношилж чадахгүй байгаа гэлээ. Энэ салбарыг илүү хөгжүүлэхгүй бол их хоцрогдсон учир орчин үеийн дэвшилтэт технологи бүхий генетикийн төвлөрсөн лаборатори болон генийн сан байгуулах асуудлыг судлан шийдвэрлэх заалт оруулахаар тусгасан аж.
2016-2020 онд 384.5 мянган хүүхэд төрснөөс 3260 гаруй нь нь төрөлхийн гажигтай төрсөн байна. Молекул, генетикийн өндөр түвшний цогц лаборатортой болбол өнөөдөр байгаа түвшинг 30-60 жилээр урагшлуулж чадна гэж үзэж байгаа гэсэн хариулт өгсөн.
Гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа Байнгын хороо дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан бөгөөд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүн”-гийн талаарх Үндэсний статистикийн хорооны мэдээллийг сонслоо шилжүүллээ.
Мөн хуралдаанаар “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүн”-гийн талаарх Үндэсний статистикийн хорооны мэдээллийг сонслоо.
Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа танилцуулга хийлээ.
Тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 2021 оны эцэст 67.3 сая толгой мал тоологдож, нийт малын тоо өмнөх оноос 268.4 мянга буюу 0.4 хувиар өсжээ. Үүнийг малын төрлөөр авч үзэхэд адуу 4.3 сая, үхэр 5 сая, тэмээ 454 мянга, хонь 31.1 сая, ямаа 26.5 сая тоологдсон байна. Өмнөх онтой харьцуулахад хонь 1 сая буюу 3.4 хувиар, үхэр 289 мянга буюу 6.1 хувиар, адуу 230 мянга буюу 5.6 хувиар тус тус өсч, ямаа 1.3 сая буюу 4.6 хувиар, тэмээ 19.1 мянга буюу 4 хувиар буурчээ.
Мал тооллогыг жил бүр зохион байгуулснаар мал аж ахуйн салбарын нийт үйлдвэрлэл, нэмэгдэл өртгийг тооцох, мал сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт, бэлчээр, уст цэгийн мэдээлэл, малын үүлдэр зэргийг бүртгэдэг. Түүнчлэн мал тооллого нь хөдөөгийн өрхийн аж байдал, хөдөлмөр эрхлэлтийг тооцоод зогсохгүй малчин өрхийн хөрөнгийн бүртгэлийн гол эх үүсвэр болдгоороо онцлогтой.
Тухайлбал, тооллогын мэдээллийг ХНХЯ, НДЕГ малчдын тэтгэвэр, тэтгэмж, халамжийн суурь мэдээлэлд, Мал эмнэлгийн ерөнхий газар мал эмнэлгийн нэгдсэн системд, Монголбанк, арилжааны банкнууд малчны зээл, зээлийн эргэн төлөлтийн үнэлгээнд, Татварын ерөнхий газар малын тоо толгойн албан татварын мэдээлэлд, Үндэсний давхар даатгал малын индексжүүлсэн даатгалын мэдээлэлд, Эрүүл мэндийн яам, Хүнсний аюулгүй байдлын зөвлөл хүнсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийг хамгаалах бодлогод, ХХААХҮЯ малын үүлдэр омог, генетик нөөцийн мэдээлэл, малчдад сүү, ноос, арьс ширний урамшуулал зэрэгт тус тус ашигладаг.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2021 онд Хөвсгөл аймаг хамгийн их буюу 5.9 сая толгой мал тоолуулсан бол Архангай аймаг 5.6 сая, Хэнтий аймаг 5 сая, Төв аймаг 4.7 сая, Сүхбаатар аймаг 4.2 сая толгой мал тоолуулсан байна. 2021 онд малын тоо Улаанбаатар хот, Төв, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Баянхонгор аймгуудаас бусад аймгуудад өссөн байна.
Нийт сүрэгт таван төрлийн малын эзлэх хувийн жинг 2021 оны урьдчилсан гүйцэтгэлээр авч үзвэл, хонь 46.2 хувь, ямаа 39.3 хувь, үхэр 7.5 хувь, адуу 6.4 хувь, тэмээ 0.7 хувийг эзэлж байна. Энэ нь сүүлийн 30 гаруй жилд мал сүрэгт ямааны эзлэх хувь 19.5 нэгж хувиар өсч харин хонь 12.1, үхэр 3.5, адуу 2.3, тэмээ 1.4 нэгж хувиар тус тус буурсныг илтгэж байна.
Хашаа худгийн тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд мал ундаалах зориулалт бүхий 62.5 мянган худаг, 82.9 сая толгой малын багтаамж бүхий 249.8 мянган ширхэг хашаа тоологдсон байна.
Үүнээс гадна, 2021 оны тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 188.5 мянган малчин өрх тоологдсон нь нийт өрхийн 20 орчим хувийг эзэлж байна. Малчин өрхийн тоо өмнөх оноос 7.5 мянга буюу 4.1 хувиар өсжээ. Малчин өрхийг малын тоогоор нь бүлэглэж үзэхэд 50 хүртэлх малтай өрх 14.3 хувь, 51-200 хүртэлх малтай өрх 33.2 хувь, 201-500 малтай өрх 31.6 хувь, 501-999 малтай өрх 15.3 хувь, 1000-аас дээш малтай өрх нийт өрхийн 5.6 хувийг тус тус эзэлж байна. Өөрөөр хэлбэл улсын дунджаар нэг малчин өрхөд 323 толгой буюу адуу 20, үхэр 23, тэмээ 2, хонь 150, ямаа 128 тус тус ногдож байна.
Тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд нийт 305.2 мянган малчин бүртгэгдэж, өмнөх оноос малчдын тоо 6.4 мянга буюу 2.1 хувиар өссөн байна. Жилийн 4 улирлын туршид мал аж ахуй эрхэлдэг малчдын 94.1 хувь нь үндсэн малчин, 5.9 хувь нь туслах малчид байна гэсэн мэдээллийг өгсөн.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Батлут танилцуулсан юм.
Байнгын хорооны хуралдаанаар тооллогын дүнг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар статистикийн үнэн зөв тоон мэдээлэл гаргах, тооллогын үр дүнг бодитой болгохын тулд хяналтын тооллогыг оновчтой явуулах, үүнтэй холбоотой гарах зардлыг шаардлагатай бол нэмэгдүүлэх саналаа тооцоолж холбогдох Байнгын хороонд хүргүүлэх, УИХ-ын гишүүн Д.Батлут статистикийн тоон мэдээлэл үнэн зөв байх тусмаа улс орны ирээдүйн зөв хөгжлийг бий болгох тул тоон мэдээлэл үнэн зөв байх, хууль, эрх зүйн зохицуулалтаа боловсронгуй болгох, тооллого хийх уламжлалт арга барилыг шинэчлэх, холбогдох яам, газруудтай хамтран тооллогын үр дүнд суурилсан зөв бодлого боловсруулах гэсэн саналыг хэлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд тооллогын дүнгийн талаар асуулт асууж, хариулт авлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
“Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10