-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулиар Үндсэн хуулийн тодорхой нэг заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан бол тухайн заалтыг найман жилийн хугацаанд хөндөж болохгүй гэсэн байдаг-
Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуультай болсон 30 жилийн ой энэ онд тохиож байна. Иймд Үндсэн хууль батлахад оролцсон Ардын Их Хурлын зарим депутаттай манай сонин ярилцаж байна. Энэ удаа Ардын Их Хурлын 24 дүгээр тойргоос сонгогдсон депутат Р.Хатанбаатартай ярилцлаа.
-Ардчилсан шинэ Үндсэн хуультай болох үйл явц хэзээнээс эхэлсэн юм бэ?
-Танай сониноор дамжуулж ард иргэддээ шинэ Үндсэн хуультай болсон 30 жилийн ойн байрын мэнд хүргэе. Монгол Улсад 1989 оны үед ардчилсан шинэчлэлт өөрчлөлт эхэлж нийгэм солигдох үе шат өрнөсөн. Ингээд үйл явдлын долгион дээр Үндсэн хуулиа шинэчилсэн. Ер нь Үндсэн хуулиа өөрчлөх асуудал нийгэм солигдохоос нэлээд өмнө яригдаж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл 1988 оноос Үндсэн хуулиа өөрчлөх тухай яриад дараа жилээс нь баримт бичгүүд гарсан л даа. Тэгээд 1990 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нэлээд хүчээ авсан. Тухайн үеийн Ардын Их Хурлын чуулганаас 1990 оны гуравдугаар сард Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг хассан. Үүний зэрэгцээ Үндсэн хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулсан юм. Мөн төрийн тогтолцоог ямар байх тухай асуудлыг ярих ажлын хэсэг ч бас байгуулсан түүхтэй. Ингээд 1990 оны тавдугаар сарын 10-нд Ардын Их Хурлаас Үндсэн хуулийн нэмэлтийн хуулийг баталсан. Энэ хуулиар Монгол Улсын төрийн байгуулалтыг өөрчилсөн. Тухайлбал, Ерөнхийлөгчтэй болсон. Бас байнгын ажиллагаатай парламентын эхлэлийг тавьж Улсын бага хурал болон Ардын Их Хурал байх ёстой гэдгийг тодорхойлсон. Мөн Засгийн газар Сайд нарын зөвлөлөөр биш Засгийн газрын хэлбэрээр ажиллах болно гэх мэтээр Үндсэн хуулийн нэмэлтийн хууль үйлчилж эхэлсэн. Үүний үндсэн дээр Монгол Улсад 1990 оны долдугаар сард анхны ардчилсан чөлөөт сонгууль явуулсан шүү дээ. Энэ сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурал 1990 оны есдүгээр сард Үндсэн хуулийн нэмэлтийн дагуу Засгийн газар, Улсын Бага Хурлыг байгуулсан. Улсын Бага хурлын хамгийн гол зорилт нь Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг боловсруулж Ардын Их Хурлаар батлуулах явдал байсан юм. Ингээд 1990 оны аравдугаар сарын 4-нд Улсын Бага Хурлын тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг зохион байгуулах комисс байгуулсан юм. Энэ комиссыг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат тэргүүлж, нарийн бичгийн даргаар Б.Чимид гуайг томилсон. Нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй комисс шинэ Үндсэн хууль боловсруулах ажилд орсон. Тэгээд Үндсэн хуулийн төсөл бэлтгэх олон ажлын хэсэг байгуулсан. Үүнд олон эрдэмтэн оролцуулж, ажилласан.
-Тэгвэл Үндсэн хуулийн төсөл боловсруулахдаа өмнөх Үндсэн хууль дээр суурилав уу эсвэл бусад улс орны туршлагаас судалж шинээр зохиосон юм уу?
-Бүгд л орно шүү дээ. Монгол Улс өмнөх гурван Үндсэн хуулийн туршлага болон гадаад улсуудын Үндсэн хуулийг судалсан. Үндсэн хуулийн хамгийн гол хэсэг нь төрийн байгуулалтын асуудал байдаг. Ерөнхийдөө 1990 оны тавдугаар сард батлагдсан Үндсэн хуулийн нэмэлтийн хууль төрийн байгууллалттай холбоотой хэсгээрээ шинэ Үндсэн хуулийн суурь болж өгсөн. Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг болох Хүний эрх, эрх чөлөөний тухай асуудал хэдийгээр өмнө байсан ч гэсэн цоо шинэ зүйл болсон. Энэ нь манай улсын Үндсэн хуулийн хамгийн чухал зүйлийн нэг. Бараг хоёр жил шахуу хугацаанд явж ирсэн туршлага дээрээ үндэслээд байнгын ажиллагаатай парламент, хууль тогтоох байгууллага болон гүйцэтгэх засаглалын хоорондын харилцаа, Ерөнхийлөгчийн институт бүгд шинэчлэгдэн бичигдсэн.
-Улсын нэр өгөх асуудлыг хэрхэн шийдвэрлэж байв. Нэлээд маргаан өрнөсөн гэдэг шүү дээ?
-Тийм. Үндсэн хуулийг хэлэлцэж байхад их яригдсан асуудлын нэг нь улсын нэр байсан. Урд нь Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэж нэрлэж ирсэн. Бүгд Найрамдах Ард Улс гэдэг нэршил социалист системийн орнуудад байсан юм. Шинэ Үндсэн хууль батлах үед уг систем нураад уначихсан байлаа шүү дээ. Мэдээж хэрэг улсаа дотор нь ард, сэхээтэн гэх мэтээр иргэдээ ялгаварласан маягтай улсын нэр цаашдаа байхгүй болох нь ойлгомжтой юм. Тэгээд Бүгд Найрамдах Монгол Улс, Монгол Улс гэдэг хоёр нэр дээр голлон ярилцсан. Олон хоног депутатуудын хооронд маргаан өрнөсөн түүхтэй. Бас эрдэмтэн судлаачдын үг яриаг сонссоны эцэст Монгол Улс гэдэг нэр олонхийн санал авсан юм.
-Төрийн сүлд батлах үйл явц бас нэлээд хурцаар өрнөсөн гэдэг. Одоо ч зарим хүн өнөөгийн сүлдийг солих ёстой. Амьгүй байна гэж шүүмжилдэг. Төрийн сүлд батлах үеийн талаар та дурсахгүй юу?
-Төрийн сүлд батлахад маш их асуудал гарсан. Маш их маргаан мэтгэлцээнтэй байлаа. Ард иргэдээс Төрийн сүлдний олон загвар ирсэн. Улсын Бага Хурлаас зураач Тэнгисболдын зурсан цагаан шонхор шувуутай сүлдний төсөл дэмжигдэж гарч ирсэн. Тэгээд Ардын Их Хурлаар хэлэлцэх явцад Төрийн сүлд батлах асуудлыг нэгэн утгаар шийдэхэд хэцүү болсон. Ийм учраас маш өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж, бүр тусгай ажлын хэсэг байгуулсан. Төрийн сүлдний загвар ирүүлээгүй зураач үлдээгүй гэхэд хэтийдэхгүй байх. Ард иргэдээс олон загвар ирж байлаа. Ингээд эцсийн дүнд өнөөгийн сүлд батлагдсан. Хүн бүр Төрийн сүлдний талаар янз янзаар л ярьдаг. Өмнө нь социализмын үед Төрийн сүлд гурав, дөрвөн удаа өөрчлөгдсөн. Тэр үед ард түмэн Төрийн сүлдний талаар нэг ч үг дуугардаггүй, үг хэлэх эрх чөлөө хаалттай байсан. Тэгвэл өнөөдөр Төрийн сүлдний талаар иргэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа нь шинэ Үндсэн хуулийн ач гавьяа шүү дээ. Өөрөөр хэлбэл хүний эрх, эрх чөлөөг тунхагласан учраас иргэд өөртөө таалагдсан, таалагдаагүй асуудлаа Төрийн сүлдний хэмжээнд ярьж байгаа юм. Энэ бол манай улсын Үндсэн хуулийн хамгийн гол ололт.
-Шинэ Үндсэн хууль хэлэлцэх үед засаглалын хэлбэрээ сонгоход нэлээд маргаан үүсч хурал гацах үе гарсан. Бүр засаглалаа сонгож чадахгүй бол Ардын Их Хурал бараг тарах хэмжээнд яригдсан гэдэг?
-Үндсэн хуулийн төслийг бэлтгэх ажлыг зохион байгуулах комиссоос парламентын засаглалтай байхаар тусган оруулж ирсэн. Улсын Бага Хурал дээр үүнийг хэд хэдэн удаа хэлэлцээд парламентын засаглалтай байх нь зүйтэй гэж үзсэн байдаг. Дараа нь ард нийтээр хэлэлцүүлсэн. Тэгэхэд бас л парламентын засаглалыг дэмжсэн. Харин Ардын Их Хурлаар хэлэлцэх үед Ерөнхийлөгчийн эсвэл парламентын засаглалтай байна гэдэг талаар ихээхэн маргаан гарсан юм. Маргалдсаар, ярьсаар эцсийн дүндээ парламентын засаглалтай байх нь зүйтэй гэдэг шийдэл гарсан. Дэлхийн хоёр том гүрний дунд байдаг цөөн хүн амтай улсын хувьд нэг хүний гарт их эрх мэдэл төвлөрөх нь тийм ч оновчтой хэлбэр биш гэсэн санаа олонхийн дэмжлэг авсан даа. Ер нь нэг хүний гарт бүх эрх мэдэл төвлөрөх, түүний гаргасан шийдвэр нь илүү их сөрөг үр дагавартай байж магадгүй юм. Өнгөрсөн 30 жилийг өнөөгийн өндөрлөгөөс харахад Монгол Улс парламентын засаглал сонгосон нь тэр үеийн Ардын Их Хурлын депутатуудын хамгийн зөв шийдвэрийн нэг байсан гэж би боддог.
-Зарим хүн Ардын Их Хурлын гишүүдийн дийлэнх нь сум нэгдлийн дарга нар байсан учраас мал сүргийг төрийн хамгаалалтад авсан. Энэ нь утаггүй зүйл, хүнээ дээдлэх ёстой гэсэн шүүмжлэл гардаг?
-Монгол Улсын Үндсэн хуулийн нэг бүтэн бүлэг нь Хүний эрх, эрх чөлөө юм. Монгол Улсын Үндсэн хуулийн оршилд нь “Хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм байгуулна” гэж тусгасан. Тэгэхээр хүнээ дээдлээгүй, орхисон гэж хэлж болохгүй биз дээ. Монгол Улсын Үндсэн хуулийн хамгийн гол үндэс суурь, үзэл санаа нь хүний эрх, эрх чөлөө шүү дээ. Ийм учраас хүнээс илүү малыг төрийн хамгаалалтад авч дээдэлсэн гэдэг нь утгагүй зүйл юм. Мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэдгийг хүмүүс янз бүрээр хэлдэг. Энэ нь эргээд хүнээ бодсон шийдвэр. Монголчуудын нүүдэлчин амьдрал ахуйгаа хамгаалсан зүйл.
-Та яриандаа Ардын Их Хурлын хамгийн зөв шийдвэрийн нэг нь парламентын тогтолцоог сонгосон явдал гэж дурдсан. Гэтэл сүүлийн үед Монгол Улс парламентын дээд, доод хоёр танхимтай байх оновчтой гэж зарим хүн ярих боллоо. Энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?
-Манай улсын өнөөгийн парламентын тогтолцоо сонгодог хэлбэр нь. Гишүүд нь иргэдээсээ сонгогдоно. Өөрөөр хэлбэл иргэд өөрийн сонгосон төлөөллөөрөө дамжуулж төрийн эрхийг барьдаг тогтолцоо юм. Дэлхий дээр парламентын хоёр төрлийн тогтолцоо бий. Нэг нь хоёр танхимтай. Нөгөө нь нэг танхимтай. Зарим хүмүүсийн яриад байгаа байнгын бус ажиллагаатай Ардын Их Хурал, байнгын ажиллагаатай Бага хурал гэдэг систем бол парламентын сонгодог тогтолцоо биш. Гэтэл үүнийг зарим хүн андуураад яриад байгаа юм. Холбооны улсууд парламентын хоёр танхимтай байх нь их элбэг. Жишээ нь ОХУ, ХБНГУ, АНУ байна шүү дээ. Нөгөө талаас хүн ам олон улс парламентын хоёр танхимтай байгаа. Манай улс шиг цөөн, гурван сая хүн амтай холбооны бус нэгдмэл улсад парламентын хоёр танхимтай тогтолцоо төдийлөн тохиромжтой бус болов уу даа гэж боддог. Бодъё л доо. Байнга ажилладаг парламентын хоёр танхимтай боллоо гэж. Энэ хоёр танхим нь хоорондоо зөрөлдөөд эхэлбэл яах билээ. Шийдвэр гаргах процесс их хүнд бөгөөд зарим үед боломжгүй ч байх тохиолдол гарч ирж болно. Ийм учраас манай улсад нэг танхимтай сонгодог парламентын тогтолцоо тохиромжтой гэж би хувьдаа боддог.
-Тухайн үед шинэ Үндсэн хууль боловсруулж байх үед Их цааз гэж нэрлэх асуудал гарч байсан гэдэг. Энэ талаар тодруулж өгнө үү?
-Ер нь 1990 оны Ардчилсан хувьсгал Монголын ард түмний үндэсний бахархал, үзэл бодлыг сэргээсэн үйл явдал болсон юм. Иймд Монголын уламжлалт хууль цаазын бичгүүд тэдгээрийн нэр томъёо яригдаж эхэлсэн. Анх Их засаг, Монгол Улсын Их Цааз гэж нэрлэх асуудал яригдаж байсан. Тэгээд дэлхийн өнөөгийн жишгээр Үндсэн хууль гэдэг нэр дээр тогтсон юм.
-Монгол Улс 2019 онд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтын талаар та ямар байр суурьтай явдаг юм бол. Дахиад өөрчлөлт оруулж Засгийн газарт парламентаас оруулах гишүүний тоог нэмэх ёстой гэсэн байр суурь ч гарч ирж байна шүү дээ?
-Монгол Улс өмнө нь 1924, 1940, 1960 онд Үндсэн хуулиа өөрчлөн, шинэчлээд мөрдөж ирсэн түүхтэй. Тэгээд 1990 онд Үндсэн хуулиа бүрэн шинэчилж сольсон. Сүүлийн 30 жилд Монгол Улсад маш их өөрчлөлт гарсан. Бод л доо, 1990 оноос өмнөх Монголыг өнөөгийн Монгол Улстай харьцуулбал тэс өөр болсон. Хүмүүсийн сэтгэлгээ, амьдарлын хэв маяг нь бас эрс өөрчлөгдсөн юм. Нийгмийн өөрчлөлт хурдан явж буй тохиолдолд Үндсэн хуульдаа түүнийг нь тусгах ёстой. Ийм учраас тодорхой хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орох нь гарцаагүй зүйл. Үүгээр зогсохгүй цоо шинээр Үндсэн хууль боловсруулахыг ч үгүйсгэх аргагүй.
Монгол Улсын Үндсэн хуульд 1999 онд анх нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайн үед хурдан шуурхай, ард нийтээр хэлэлцүүлэлгүй зөвхөн УИХ-ын хүрээнд яриад шийдчихсэн. Ийм учраас ард нийтийн дунд “Дордуулсан долоон өөрчлөлт” гэсэн нэр авсан юм. Яг бодит байдал дээр дордуулсан юм уу гэвэл үгүй. Тухайн цаг үеийнхээ асуудлыг тусгаад Үндсэн хууль тодорхой хэмжээгээр сайжирсан. Жишээ нь Ерөнхий сайдыг томилоход бидэнд ямар асуудал, бэрхшээл тулгардаг байлаа даа. Жишээлбэл, Ерөнхийлөгч Ерөнхий сайдад нэр дэвшсэн хүнийг долоон удаа буцаасан түүх бий. Парламентад олонх болсон нам нь Ерөнхий сайдаа томилохоор нэр дэвшүүлэхэд Ерөнхийлөгч нь буцаадаг. Тэгэхээр үүнийг засах шаардлага байсан байгаа биз.
“Дан”, “давхар” дээл гээд их ярьдаг байсан. Бас нэг жишээ дурдъя. Үндсэн хууль батлагдсаны дараахан 1992 онд Засгийн газар байгуулагдахад гишүүдийнх нь гуравны нэг нь давхар дээлтэй байлаа. Гэтэл 1996 онд энэ болохгүй гээд тас хорьсон. Тас хорьсон үед улс төрийн намын лидерүүд нь парламентад ороод суучихсан тул хоёр дугаар эгнээнийхэн нь Засгийн газраа бүрдүүлсэн. Тэгээд Засгийн газраа шүүмжлэх явдал маш их гарсан. Үүнээс болоод Засгийн газар тогтворгүй болж байлаа. Дараа нь Засгийн газрын гишүүдийг парламентаас сонгодог болсон. Засгийн газрын 17-18 гишүүн нь бүгд парламентад суудалтай байлаа. Энэ нь парламент дотор асар том хүч шүү дээ. Гэтэл хууль тогтоох гүйцэтгэх засаглал хоёрын ялгаа зааг арилаад Засгийн газар нь хууль тогтоох байгууллагынхаа дээр нь гараад ирсэн юм шиг тохиолдол гарсан. Өөрөөр хэлбэл тас хорьсон ч, задгай тавьсан ч болохгүй л байсан. Иймд дундын боломжтой хувилбарыг сонгох нь гарцаагүй болж байгаа биз дээ. Тэгэхээр 1990 оны Үндсэн хуульд Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь парламентын гишүүн байна гэж заасан нь боломжит нэг хувилбар юм. Эсвэл 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр тодорхой тоо зааж өгсөн нь оновчтой шийдэл болсон. Засгийн газрын гишүүний дөрөв нь парламентад суудалтай байна гэж заасан шүү дээ. Энэ нь тэр гуравны нэг гэсэнтэй ойролцоо байгаа юм. Тодорхой тоо зааж өгөхгүй хувиар тооцвол Засгийн газраа 30, 40 гишүүнтэй байгуулаад 10, 20 хүн парламентаас оруулаад ирэх бололцоо гараад ирнэ гэсэн үг. Иймд 2019 онд тодорхой тоо тавих нь зөв гэж үзсэн.
-Та Үндсэн хуулийн “Дордуулсан долоон өөрчлөлт”-ын талаар дурдлаа. Энэ тийм их хэрэгтэй өөрчлөлт байсан уу?
-Энэ долоон өөрчлөлт бүгд тийм муу байгаагүй. Тухайн үед парламентын гишүүдийн гуравны хоёроос дээш нь хүрэлцэн ирснээр хуралдаан хүчин төгөлдөр байна гээд Үндсэн хуульд заасан байлаа. Парламентын 50 гишүүн нь цуглачихаад байхад хуралдаж чадахгүй 51 дэх хүнээ заавал хүлээдэг болсон байсан. Өөрөөр хэлбэл парламентын гишүүдийн олонх нь 39 шүү дээ. Гэтэл олонхоос илүү гишүүн цуглаад байхад парламентад хуралдаж чадахгүй асуудал гарсан. Үүнээс болоод парламентаас гарах шийдвэр нэг хүнээс маш их хамаардаг болчихож байгаа юм. Нэг ёсондоо парламент дийлэнх олонхоороо хуралдаад шийдвэр гаргах гэж байхад нэг хүн ирцээр “бойкотлох”, шийдвэр гаргуулахгүй хэмжээнд тулсан. Товчхондоо парламент шийдвэр гаргахад маш хүнд болж эхэлсэн. Энэ мэт сайн өөрчлөлтүүд Үндсэн хуульд орсон л доо. Бас сайныг нь муутгасан тохиолдол гарсан. Парламентын гишүүдийн олонх ирснээр хуралдаан хүчинтэй болно. Тэгээд олонхоор шийдвэр гаргана гэж байсан. Өөрөөр хэлбэл парламентын 39 гишүүн ирснээр хуралдаан хүчин төгөлдөр болох юм. Үүний олонх буюу 20 гишүүний саналаар хууль батлагдах нөхцөл бололцоо үүссэн. Эндээс дахиад л хүндрэл үүсч байгаа биз дээ. Гэхдээ энэ нь Үндсэн хуулийн өөрийнх нь дутагдал биш. Парламентын гишүүдийн ажилдаа хариуцлагагүй хандаж буйн буруу. Манай улсын парламентад ийм хариуцлаггүй гишүүдтэй болоод ирсэн үе таарсан тул үүнийг засахаас өөр арга байгаагүй. Одоо мөрдөж буй Үндсэн хуулиар парламентын гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд хууль батлагдана. Тэгэхээр доод тал нь 39 гишүүн дэмжиж байж хууль төрнө гэсэн үг. Бүр 40, 50, 60 хувь нь дэмжиж байж хууль батлагдаж байгаа юм. Ингэж сайжруулсан. Энэ мэтээр Үндсэн хууль өөрөө алдаагаа “хэлж”, алхам алхмаар сайжраад явдаг л даа.
-Би дахиад асууя. Яг өнөөдөр Үндсэн хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа юу?
-Миний үзэл бодлоор Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага харагдахгүй байгаа. Ер нь 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг ярьж байх үед парламентын гишүүдийн тоог олшруулах нь зөв гэдэг асуудал яригдаж байсан. Ерөнхийлөгчийг парламентаас сонгоё гэсэн. Ерөнхийлөгчийн эрх мэдэл өнөөгийнхөөс арай өөр байх нь зөв юм биш үү гэдэг асуудал яригдсан. Энэ нь зөв байсан. Бас сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн нь бас л зөв асуудал. Гэхдээ үүнийг тухайн үеийн парламентаар дэмжээгүй л дээ. Тэгэхээр тухайн үед дэмжигдээгүй асуудлыг дахин оруулахын тулд, хоёр жилийн дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийе гэж ярих нь буруу гэж бодож байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хууль гэж бий. Уг хуулиар Үндсэн хуулийн тодорхой нэг заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан бол тухайн заалтыг найман жилийн хугацаанд хөндөж болохгүй гэсэн байдаг. Улс төрд, нийгмийн нөхцөл байдалд уг заалтаас шалтгаалж хүндрэл учирч болно. Засгийн газрын үйл ажиллагаанд хүндрэл учирч болно. Гэхдээ түүнийг давж туулах аргаа олох ёстой юм. Түүнээс биш Үндсэн хуулиа л өөрчилчихье гээд дураараа гар дүрээд шийдвэрлэх асуудал биш. Тухайн үед тулгарсан хүндэрлийг шийдэхийн тулд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт л дөө. Өөрөөр хэлбэл улс төрд тулгарсан хүндрэлийг хялбар туулах арга нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт байлаа. Үүнээс шалтгаалж олон яриа хэлцэл гарсныг бид мэднэ шүү дээ. Тэр байтугай хүндрэл гарч байсныг ч бас мэднэ. Тухайн үеийн улс төрийн хүндэрлээ шийдсэн ч гэсэн Засгийн газар, парламентын үйл ажиллагаа, хоорондын харилцаанд бас хүндрэл авч ирсэн. Тэгэхээр ямар нэг тулгарсан хүндрэлийг шийдэхийн тулд Үндсэн хуулиа өөрчлөнө гээд барьж аваад байх нь оновчтой, ухаалаг биш асуудал юм даа.
Т.Жанцан
“Монголын мэдээ” сонин.
Р.Хатанбаатар: Монгол Улс парламентын засаглал сонгосон нь хамгийн зөв гэж боддог |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10