Лхагва, 2024-11-27
Г.Занданшатар: Тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа хийн ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган (2022.01.18) өндөрлөв. Ээлжит чуулган өндөрлөж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын үг хэлэв.

Тэрбээр "Намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомж, бодлого шийдвэрээс дараах 5 багц асуудлыг онцолж байна.

Нэгдүгээрт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийг баталж, парламентын хөгжлийн шинэ үе шатыг эхлүүллээ.

Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний мэдэх эрх, хувь хүний нууцыг хуулиар хамгаалах үндсэн эрхийг баталгаажуулж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталлаа.

Гуравдугаарт, Цахим гарын үсгийн тухай хуулийг 10 жилийн дараа шинэчилж, Кибер аюулгүй байдлын тухай, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай анхдагч хуулийг баталлаа.

Дөрөвдүгээрт, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиудыг энэ чуулганаар хэлэлцэн баталлаа.

Тавдугаарт, 2022 он бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтуудаа хэрэгжүүлэх хамгийн чухал цаг хугацаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд хийх эрх зүйн шинэтгэлд ч шинэ он чухал байр суурь эзэлнэ.

Иймд эдийн засаг, нийгэм, эрх зүйн шинэтгэлийн хүрээнд тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал, Засгийн газар онцгой анхаарч, нэг зүгт, нэг байр сууринаас, идэвх санаачилгатай хандах зүй ёсны шаардлага тулгарч байна. Гадаад, дотоодын төдийгүй цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан үнийн өсөлт суурь шинжтэй болсноор дэлхийн олон оронд хямралын байдал үүсгэж байна.

Ийм хүнд цаг үед Улсын Их Хурал, Засгийн газар нягт хамтран ажиллаж, хүндрэлийг даван туулахын төлөө, иргэдийнхээ орлого, амьжиргааг хамгаалах, тэтгэвэр тэтгэмжийг боломжит түвшинд нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа хийж ажиллаж байна.

Эхний ээлжид Ирээдүйн өв сангийн хуулиа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааны дагуу Баялгийн сангийн тухай болон Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслүүдийн хамт яаралтай өргөн мэдүүлж хэлэлцүүлэх шаардлагатай байна. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн орд газруудын 10 хувийг ард иргэддээ эзэмшүүлэх хуулийн заалтыг хэрэгжүүлэхээс эхлээд байгалийн баялгийн үр өгөөжийг ард иргэдэд хүртээмжтэй болгоход чиглэсэн бодлого арга хэмжээг боловсруулж ажиллах шаардлагатай байна.

Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудыг шинэчлэх ажлууд хүлээгдэж байна. Эдгээр хуулийг хаврын ээлжит чуулган эхлэхээс өмнө Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зайлшгүй шаардлагатай.

Манай улсын эдийн засгийн өсөлт хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 3.6 хувьтай гарах төлөвтэй байна. Хил, гааль тээвэр ложистикийн асуудлыг шуурхай, зөв зохицуулах нь улс орны эдийн засаг, нийгмийн болон мөнгө санхүүгийн бүхий л хүрээний асуудлыг шийдвэрлэх гол зангилаа болж байна.

Мөн банк, санхүүгийн салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлж, инфляцыг эхний ээлжид тогтворжуулах, цаашдаа бууруулах, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулах, үнийн хөөрөгдлийг онцгой анхаарах шаардлага зүй ёсоор гарч байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Та бүхэндээ болон Монголынхоо нийт ард түмэнд сайн сайхныг ерөөж, удахгүй тохиох үндэсний уламжлалт баяр Цагаан сараа КОВИД-ийн тархалтаас сайтар сэргийлсэн орчинд, гэр бүлийнхээ хүрээнд угтан тэмдэглэхийг хүсье. Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулган завсарласныг мэдэгдье" гэлээ.

Эх сурвалж: Parliament.mn


Г.Занданшатар: Тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа хийн ажиллаж байна
2022-01-19 10:22:36
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0