Лхагва, 2024-11-27
Баянхонгор аймагт ингэний сүүний үйлдвэр долдугаар сарын 1-нд ашиглалтад орно

УИХ-ын дарга Г.Занданшатар зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ газар тариалан, мал аж ахуй, хоршооллын чиглэлээр дэвшилтэт технологи, инновац шингэсэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, тоо биш чанарын үзүүлэлтийг эрхэмлэсэн шийдлүүдийг хэрэгжүүлснээр салбарын хөгжилд бодит дэмжлэг болно гэдгийг онцлов.

Мөн манай улс "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд эдийн засгийг солонгоруулж, хөдөө аж ахуйн салбарт дэвшил авчрахуйц томоохон төсөл, хөтөлбөрүүд, бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлснээр бүс нутгийн онцлогт тохирсон уламжлалт аж ахуйг дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж дурдлаа.

Баянхонгор аймаг 2021 онд жилийн эцсийн мал тооллогоор 3,1 сая толгой мал тоолуулсан бөгөөд энэ хавар 1,6 сая төл хүлээж авахаар бэлтгэж байна. Малаас гаралтай түүхий эдийг нэмүү өртөг шингээн зах зээлд нийлүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлж эдийн засгаа тэлэх зорилгоор ингэний сүүний үйлдвэр байгуулах, 1000 тонны мах ногооны зоорь байгуулах төслийг эхлүүлээд байгаа юм.

Тухайлбал, Аймгийн төвийн шинэ суурьшлын бүсэд баригдаж буй Ингэний сүүний үйлдвэрийн барилга 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх долдугаар сарын 1-нд ашиглалтад орно.

Үйлдвэр ашиглалтад орсноор аймгийн хэмжээнд 30-40 ингэний сүүний ферм байгуулж хоршоодод хариуцуулан ажиллуулах юм. Нэг ферм хоёр ээлжээр, өдөрт 200 ингэний сүүг нийлүүлж хатаах технологиор боловсруулан дотооддоо болон БНХАУ, Япон зэрэг улс оронд гаргахаар төлөвлөөд байна. Үйлдвэрлэл жигдэрснээр Баянхонгор аймаг жилдээ 229,200 кг хуурай сүү үйлдвэрлэж, өндөр өртгөөр дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлж 300 гаруй хүнийг ажлын байраар хангана гэж тооцоолжээ.

Уг зөвлөгөөнд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, ХХААХҮЯ-ны ТЗУГ-ын дарга Т.Гантогтох, МЭЕГ-ын дарга, ерөнхий эмч Д.Батчулуун, МААБХЗГ-ын хэлтсийн дарга Д.Батсүрэн, ЖДҮГ-ын БТЗГ-ын дарга А.Гэрэлзаяа, ГТБХЗГ-ын мэргэжилтэн Э.Уламбаатар нар оролцов.


Баянхонгор аймагт ингэний сүүний үйлдвэр долдугаар сарын 1-нд ашиглалтад орно
2022-02-28 10:31:46
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0