МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын өнгөрсөн долоо хоногт гаргасан шийдвэр МАН-ын зарим гишүүдийн хувьд хүндхэн цохилт болж эхэлжээ.
Монголын улс төрийн намууд тодорхой хэмжээний мөнгөний босго тавьж, энэ мөнгийг хандивласан хүн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ олж авч ирсэн. Энэ оны УИХ-ын сонгуулийн тухайд ч Ардчилсан нам нэр дэвших эрх горилсон гишүүддээ өмнө нь баримталж ирсэн жишгийн дагуу 100 саяын босго тавьсан байгаа. АН-ын гишүүд 100 саяын эрэлд хатаж, гадаад дотоодын компани, хувь хүмүүсээр дэмжүүлэн арай гэж намын даргынхаа тушаалыг биелүүлж амжсан мэдээ бий.
Харин МАН-ын удирдлагууд 2020 оны парламентын сонгуульд нэр дэвших хүмүүсээс ямар нэг байдлаар мөнгө авахгүй. Хууль зөрчсөн хандив дэмжлэгийг иргэд болон ААН-үүдээс авсан гишүүнээ 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Ёс зүйтэй, хариуцлагатай, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн гишүүдээ дэмжинэ хэмээн мэдэгдээд байгаа.
Энэ нь улс төрийн хүрээнд ялангуяа улс төрийг мөнгөөр хэмждэг, төрийн албыг мөнгө болгон хардаг улстөрчдөд хүндхэн цохилт болж эхэлсэн бололтой.
“Улс төрд орж ирж байгаа хүн огт мөнгөгүй байж болохгүй, би хөөрхөн сайхан гэж харсан халаас хоосон хүн улс төрд хол явахгүй” хэмээн ил цагаан мэдэгддэг С.Эрдэнэ даргатай Ардчилсан намынхан МАН-ын энэ удаагийн шийдвэрт эмзэг хандаж, шүүмжлэл өрнүүлээд эхэлжээ.
Тэгвэл үүний нөгөө талд МАН-ын мөнгөлөг, хэл үг дагуулдаг гишүүд цааш ахих боломжгүй гэдгээ ойлгоод, эхнээсээ УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээс сайн дураараа татгалзаж эхлээд байна. Өчигдөр мэдээллийн сайтууд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр намын даргадаа УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн хүсэлтээ өгсөн талаар мэдээлсэн. Энэ нь зөвхөн эхлэл аж.
Мөнгөтэй хүн улс төрд орж, төрийн алба руу зүтгэснээр үүдсэн гамшиг бол өнөөдрийн нийгэмд үүсээд буй авлигын “аалзан тор” юм. Улс төрд орохын тулд зарцуулсан мөнгөө тэд төрийн алба, эрх мэдлийн хүчээр хэд дахин нугалаад олж авдаг энэ тогтолцоог зогсоох гэсэн У.Хүрэлсүхийн санаачилга мөнгөлөг улстөрчдийн зоригийг мохоож, тэд өөрсдийн саналаар улс төрөөсөө татгалзаж байгаа нь энэ нийгэмд гарч буй эерэг өөрчлөлтийн нэг гэж үзэх болох юм.
Н.Номтойбаярыг МАН-ын хамгийн “болдоггүй” хүнд гишүүдийн нэг гэсэн ойлголт нийгэмд бий. Түүний нэр холбогдсон зодоон цохионы хэрэг нэг биш удаа нийгэмд дуулиан болон цацагдаж байсан. Одоо ч Н.Номтойбаяр гишүүнийг тойрсон Г.Батхүү агсны үхэл, авлигын гэсэн ангилалтай хэргүүд хуулийн байгууллагууд дээр шалгагдаж байгаа.
МАН-ын дарга нарын шийдвэрээс хойш долоо ч хоноогүй Н.Номтойбаяр УИХ-д нэр дэвшихгүй байх шийдвэр гаргаад байна. Тус намын болдоггүй гэсэн тодотголтой, мөн мөнгөлөгт тооцогддог, сонгуулийн дараа заавал ч үгүй аль нэг яамны сайдаас (Н.Номтойбаяр ч Хөдөлмөр, нийгэм хамгааллын дэд сайд, сайдаар ажиллаж байсан) өөр албан тушаалд очихгүй хэмээн тулгадаг олон арван бизнесмэн гишүүд УИХ-д нэр дэвших бодлоосоо татгалзахад хүрсэн мэдээ байна.
Н.ТУНГАЛАГ
МАН-ын мөнгөлөг гишүүд УИХ-д нэр дэвших эрхээсээ сайн дураараа татгалзаж эхэллээ |
|