Лхагва, 2024-11-27
“Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн  “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. 

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав. 

Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх нийслэл хотод нийт хүн амын 50 гаруй хувь нь ажиллаж, амьдарч байгаа нь хүн амын төвлөрөл нэг газраа хэтэрснийг харуулж  байгааг Л.Энх-Амгалан сайд танилцуулгадаа онцлохын зэрэгцээ татварын таатай орчинд гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болсноор эдийн засаг, нийгмийн үр өгөөж өгч, 50.0-60.0 мянган ажлын байр шинээр бий болж, “Халамжаас-Хөдөлмөрт” шилжих Засгийн газрын бодлого хэрэгжихэд томоохон хувь нэмэр болно гэв. 

Эдийн засгийн чөлөөт бүсийг амжилттай хөгжүүлснээр Хөшигийн хөндий рүү таталцал бий болж, шинжлэх ухаан, инновацад суурилсан их дээд сургуулиудын хотхон бий болж, “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хангасан, үндэсний өв соёл, уламжлалыг хадгалсан  ухаалаг, эко суурьшлын бүсийг байгуулах нөхцөл бүрдэх аж. Хөшигийн хөндийд байгуулагдах дагуул хотод 150.0 мянган иргэн, 50.0 мянга орчим өрх шилжин суурьшиж, Улаанбаатар хотын замын түгжрэл 15 орчим хувь, 1мкв талбайд оногдох хүн амын нягтрал 20 хувиар буурах тооцоолол гарсныг төслийн танилцуулгад дурдсан байлаа. 

Жилд дунджаар нэг аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний иргэд нийслэл хотноо шинээр шилжин, суурьшиж, жил бүр 70-80 мянган автомашин шинээр замын хөдөлгөөнд нэмэгддэг гэх тоо баримт байдаг. Нийт их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь нь нийслэлд төвлөрч байгаа нь хүн амын төвлөрлийн гол шалтгаан болж байна. Иймд аялал жуулчлалын салбарт нэн шаардлагатай байгаа олон улсын стандартад нийцсэн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээнүүдийг бий болгохыг зорьж “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн 1000 га газарт аялал жуулчлалын цогцолбор, мэдээлэл технологийн кластер, олон улсын санхүү, бизнесийн үйлчилгээний төв бүхий эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар төлөвлөсөн гэж төслийн танилцуулгад дурдсан байв.

Эдийн засгийн байнгын хороо уг тогтоолын төслийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцуулсан. 

Төсөл санаачлагч Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар нүүдлийн соёлын үнэт зүйлсийг харуулсан аялал жуулчлал, төлбөрт таавар бусад бооцоот тоглоом, дагалдах үйлчилгээ, соёлын бүтээлч үйлдвэрлэл, худалдаа, олон улсын банк, санхүүгийн төв бүхий аялал жуулчлал, бизнес, эдийн засгийн бүстэй болох, шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаанд суурилсан экспортын баримжаатай үйлдвэрлэл, инновацын бүс бий болгох, Ази-Европыг холбосон худалдаа, тээврийг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжсэн санхүү, эдийн засгийн зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилгоор тогтоолын төслийг боловсруулжээ. 

Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдсанаар Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд тогтвортой аялал жуулчлал, амралт зугаалгын ресорт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, олон улсын худалдааны төвүүд, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн бүсийг байгуулах, Ази-Европыг холбосон олон улсын тээвэр логистикийн төвийг хөгжүүлснээр уул уурхайн салбарын хамаарлаас хараат бус олон тулгуурт эдийн засагтай байх бодлогод нийцсэн нийгэм, эдийн засаг, хууль зүйн таатай үр дагавар үүснэ гэж төсөл санаачлагч үзсэнийг Ц.Цэрэнпунцаг гишүүн санал, дүгнэлтдээ дурдаад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гшүүдийн зүгээс тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ чөлөөт бүсийн 1000 га газрын бүтээн байгуулалтад төрийн оролцоо, дэмжлэгийг тодорхой төлөвлөсөн эсэх, газар чөлөөлөлтийн үйл ажиллагаа хэр ахицтай байгааг тодруулж байлаа. Мөн Засгийн газрын хуралдаанаар чөлөөт бүсрүү төрийн  зарим байгууллагыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр болсонтой холбоотой төлөвлөгөөт ажлын талаар лавлав.

Ажлын хэсгийн зүгээс  "Шинэ Зуунмод" хот болон Хөшигийн хөндийн чөлөөт бүс байгуулахтай холбоотой нийт 31390.4 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. 2010 онд 12 мянган га газар буюу нисэх буудлын орчмын газрыг Засгийн газрын 140, 2021 оны 307 дугаар тогтоолын дагуу 19390,4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар Барилга, хот байгуулалтын яам дээр байгуулагдсан Ажлын хэсэг ажиллаж байна. Одоогийн байдлаар 232 нэгж талбарын эзэмшигчийн эрхийг хүчингүй болгоод байна. Газар чөлөөлөлтийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна гэж хариулав. Мөн Засгийн газрын өнгөрсөн 7 хоногийн хуралдаанаар төрийн зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Үүнээс гадна “Шинэ Зуунмод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Барилга, хот байгуулалтын яам боловсруулж ирэх 04 дүгээр сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд “Шинэ Зуунмод” хотын тодорхой бүс дээр төрийн зарим байгууллагыг нүүлгэн шилжүүлж, тэнд байх нэгдсэн зураг төслийг боловсруулахаар ажиллаж байна гэсэн нэмэлт тайлбарыг хийсэн.  

Харин Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт хариултдаа, чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын дэд бүтцийн асуудалд төр оролцоно гэдгийг тодотгоод олон улсын туршлагын дагуу нисэх буудлын давуу байдлыг ашиглан нарийвчилсан мастер болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөө  гарган ажиллахаар тооцоолсон гэж байлаа. 

Ингээд “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн  58,8 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 

 

“Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив
2022-03-18 09:11:14
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0