Мягмар, 2024-11-26
Монгол, Австралийн гадаад харилцааны яамд зөвлөлдөв

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Австралийн Холбооны Улсын Гадаад хэрэг, худалдааны яамд энэ сарын 29-нд Канберра хотод зөвлөлдөв.

Дөрөв дэх удаагийн зөвлөгөөнд Монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, австралийн талаас Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргын Геостратегийн асуудал хариуцсан орлогч Жастин Хэйхөрст нар тус тус төлөөлөгчдөө ахалж оролцжээ.

Зөвлөлдөх уулзалтаар талууд хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, уул уурхай, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэнгийн өргөтгөлийн нээлтийн арга хэмжээнд мөн оролцож, тус хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав. Тэрбээр Австралийн Үндэсний их сургуулийн захирал, Гадаад хэргийн сайд асан Жули Бишоп, дэд захирал Нобелийн шагналт Браян Шмидт нартай уулзаж, Австралид монгол судлалыг хөгжүүлэх, их сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцав. Түүнчлэн Австралийн Худалдаа, хөрөнгө оруулалтын хорооны дэд захирал Филиппа Кинг болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар өргөн хүрээнд санал солилцов.


Монгол, Австралийн гадаад харилцааны яамд зөвлөлдөв
2022-03-31 09:43:16
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0