Мягмар, 2024-11-26
БНЭУ-ын ЭКСИМ банк, “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн Менежментийн зөвлөх компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон БНЭУ-ын ЭКСИМ банк, “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн Менежментийн зөвлөх компанийн удирдлагуудтай уулзаж төсөл хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй зарим асуудлаар санал солилцлоо.

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бараа материал, тээврийн үнэ нэмэгдэж дараа, дараагийн шатны ажил гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажилд багагүй саад гараад буйг уулзалтын үеэр онцолсон. Уг төсөлд хоёр улсын Засгийн газраас ихээхэн анхаарал хандуулж буй бөгөөд тулгамдаад буй асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж, төслийн ажлыг хугацаанд нь дуусгахад санал нэгдэж байгаагаа илэрхийлсэн юм.

БНЭУ-ын Элчин сайд М.П.Сингх  “Төслийн ажил ковидын үеийн цар тахал, өвлийн тачигнасан хүйтэнд ч урагшилсаар байсан.  Гэвч бараа материал болон тээврийн үнийн өсөлтөөс шалтгаалан дараагийн шатны ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах ажил саатаад буй. Иймд БНЭУ-ын Засгийн газраас томилогдон ирж, тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх гарц олохоор уулзаж байна” гэлээ.

Уулзалтын үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Төслийн ажил товлосон хугацаанд дуусна гэдэгт итгэлтэй байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа. Иймд тулгамдаад буй дараагийн шатны ажлын тендер сонгон шалгаруулах ажлыг яаралтай шийдвэрлэж, төслийг хугацаа алдалгүй үргэлжлүүлэх саналтай байна" хэмээв.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн зөвлөх “Engineers India Limited” компанийн гүйцэтгэх захирал Вартика Шукла “Сүүлийн саруудад хоёр улсын Засгийн газраас шалтгаалахгүйгээр төслийн ажлын дараагийн шатны сонгон шалгаруулалтад асуудал үүссэнийг бид ойлгож байна. Иймд нэн тэргүүнд тендерийн сонгон шалгаруулалтад оролцож компаниудын үнийн дүнг бууруулах болон бусад гарц шийдлийг олох нь чухал" гэсэн юм.

Шадар сайд С.Амарсайхан “Манай хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй уг төсөлд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарал хандуулж, Төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах өндөр итгэлийг бидэнд хүлээлгэсэн. Иймд тулгамдаад буй тендер сонгон шалгаруулах ажлыг яаралтай шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Үүнд болзошгүй эрсдэл, зардлын тооцоог нарийн гаргаж, Монгол Улсад байгаа хүн хүч, бараа материалыг аль болох түлхүү ашиглах тал дээр анхаарах нь зүйтэй" хэмээгээд дахин уулзаж, БНЭУ-ын талаас шийдвэрлэх асуудлыг хэлэлцэхээр тогтлоо.

 

БНЭУ-ын ЭКСИМ банк, “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн Менежментийн зөвлөх компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
2022-04-01 10:07:11
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0