Мягмар, 2024-11-26
Т.Доржханд: Хэмнэлтийн бодлого чинь хэрэгжихгүй юм байна

УИХ-ын чуулганы өчигдрийн /2022.04.28/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тодотголын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Нэгдсэн хуралдааны үеэр гишүүдийн анхаарал татаж, асуулт тавьж байр сууриа илэрхийлсэн төсөл бол Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл байв.  Уг хуулийн төсөлд төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд 37 компанийг нээлттэй хувьцаат компани болгож, 34 хувийг нь хувьчлах, Төрийн өмчийн компаниудын орлогч дарга нарын албан тушаалыг цомхтгох, төрийн албан хаагчид төв суурин газарт том оврын автомашин хэрэглэхгүй зэрэг заалтыг тусгасан юм. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг, Орон нутагт хийх хөрөнгө оруулалтаас 100 тэрбум төгрөг хасаж, тэр мөнгөөр Улаанбаатарт цэцэрлэг барина гэж байна. Хот, хөдөөгийн хүүхдийг ялгаж, хотын хүүхдэд хувьсах зардал олгоно гэж заажээ. Ингэж ялгах нь Үндсэн хуулийн зөрчил болох вий. Мөн 400-гаас дээш ажилтантай байгууллагыг дэд даргатай байхаар төсөлд тусгажээ. Манайд 400 албан хаагчтай байгууллага цөөхөн л дөө. Гааль, Татвар л 400-гаас дээш ажилтантай байгаа болов уу. Сангийн сайд өөрийн эрхлэх байгууллагуудын дэд даргыг үлдээж байгаа хэрэг үү? Энэ тоог ямар аргачлалаар гаргасан бэ? 

 

 

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Гааль, Татвар бол хуульдаа орлогч даргатай байна гэж заасан учир орлогчтой үлдэж байгаа. Компанийг олон нийтийн болгож байж, үр ашиг нь дээшилдэг. Засгийн газар эхлээд 34 хувийг нь хувьчлаад үзье, энэ нь амжилттай болохгүй бол дараагийн арга хэмжээгээ авна гэж үзэж байна. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Хотын түгжрэлийн 30 нь харьяаллын бус хүүхдийг сургууль, цэцэрлэгт хүргэх гэж үүсдэг. Улаанбаатарт 2-3 насны 38500 хүүхэд цэцэрлэгт хамрагдахгүй байна. Цэцэрлэгийн хүртээмж Улаанбаатарт орон илүү дутагдалтай байна. Тиймээс 2-3 настнуудыг сугалаагаар цэцэрлэгт хамруулах зохицуулалт хийсэн.  УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Төсвийн хэмнэлт хийхийг зарчмын хувьд дэмжиж байна. Клиникийн эмнэлгүүдэд Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга гэсэн албан тушаалыг цомхголд оруулахаар төсөлд тусгажээ. Эмнэлгийн орлогч бол эмнэлгийн тусламж үйлчилгээгээ хариуцдаг. Гэтэл энэ албан тушаалыг байхгүй болгосноор эмнэлгийн тусламжийн хэвийн үйл ажиллагаанд доголдол гарах вий. Энэ бүхнийг тооцож шийдвэрээ гаргасан уу? Ариун цэврийн байгууламжийн асуудал байна. Улаанбаатар хотын иргэдийн 70 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байна. Гэтэл ариун цэврийн байгууламжийг улс болон орон нутгийн төсвөөр шийдэхийг хориглож оруулжээ. Дэд бүтцийн энэ ажлыг нэгдсэн төсвөөр хийхгүй бол явахгүй шүү дээ. Яагаад энэ заалтыг хассан бэ? Ч.Хүрэлбаатар, Эмнэлгийн хувьд ажлын хэсэг болон Төсвийн байнгын хорооны хурлаар ярилцаад, дэд даргатай байх заалт эмнэлэгт үйлчлэхгүй байхаар тусгасан. Айл өрхийн ариун цэврийн байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийхгүй. Айлын хашаанд ариун цэврийн байгууламж барихгүй гэж тусгасан. Харин гудамж руу орох дэд бүтцийг улсын төсвөөр шийднэ.

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд, Хэмнэлтийн бодлого гэж оруулж ирсэн бол хэмнэсэн шиг хэмнэх л хэрэгтэй шүү дээ. Оруулж ирсэн хэмнэх заалтуудаа дэмжихгүй байна. Тэгээд юугаа хэмнэсэн гэж хэлж байна вэ. Гишүүд хот, хөдөөгөөрөө хуваагдаад үр дүнд нь хэмнэлт байхгүй боллоо. Ингээд хамгийн том татвар төлөгч нь төр, хамгийн сайн бизнес хийдэг нь төр, төрөөс л тендер авдаг ийм хөгийн хойд Солонгосын системд орчихоод тэрийгээ алга ташин дэмжээд байх юм. УИХ-ын гишүүд ичих хэрэгтэй. Тойргийн төсвөөсөө гарч, яаж бодлого ярьдаг парламенттай болъё доо гэж байхад жорлон яриад байх юм. Агуулга, бодлогоо ойлгохгүй. Эдийн засгийн онолоо судал л даа. Олон улсын түвшинг судалж та нар шийдвэрээ гарга л даа. Олуулаа сууж байгаад л дэмжье, унагаая гээд явчих юм. Уучлаарай, би бүх саналуудаа татаж авлаа. Наад хэмнэлтийн бодлого чинь хэрэгжихгүй юм байна. Баг болж байгаад л гол заалтуудаа унагаагаад байдаг. Зарчмаа ойлгохгүй, ийм ажил хэрэгч биш мэдлэггүй, мэдээлэлгүй байж болохгүй шүү дээ хэмээн байр сууриа бухимдангуй илэрхийлээд чуулганы нэгдсэн хуралдааныг орхин гарав. Гишүүд сонирхсон асуултдаа хариулж авч, байр сууриа илэрхийлж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулсны дараа уг хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.  


Т.Доржханд: Хэмнэлтийн бодлого чинь хэрэгжихгүй юм байна
2022-04-29 12:22:06
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0