Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 18-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Гаалийн татвараас чөлөөлөх импортын элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны жагсаалтыг баталлаа
Гаалийн татвараас чөлөөлөх импортын элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны жагсаалтыг баталж, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор оролцогч талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлагыг тусгасан гэрээг импортлогч аж ахуйн нэгжтэй байгуулахыг ХХААХҮ-ийн сайдад даалгалаа.
Үнийн өсөлтөд хариу арга хэмжээ авах зорилгоор УИХ-аас Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нд баталсан. Тус хуулийн хүрээнд элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан будааны гаалийн албан татварыг 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд чөлөөлж, эдгээр бүтээгдэхүүний хангамж, нөөц, үнийг тогтворжуулах нөхцөл бүрдсэн.
Импортын гол нэрийн хүнсний гаалийн албан татварыг чөлөөлснөөр импортлогчоос жижиглэн худалдаанд нийлүүлэх цагаан будаа, ургамлын тос, элсэн чихрийн килограмм болон литр тутмын үнэ 4-7 хувиар буурах урьдчилсан тооцоо байна. Мөн хуулийн үйлчлэлийн хугацаанд дээрх бүтээгдэхүүний нийлүүлэлт, нөөц тогтвортой байх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
Циркийн салбарын асуудлыг шийдвэрлэх хамтарсан Ажлын хэсэг байгуулна
Циркийн урлагийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Соёлын сайд Ч.Номин Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
Танилцуулгад дурдсанаар, циркийн урлагийг тогтвортой хөгжүүлэх нэгдсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа бөгөөд зориулалтын байр талбай, орчин нөхцөлд циркийн урлагийн үйлчилгээ үзүүлэх, цаашдын хөгжлийг дэмжих талаар зохих арга хэмжээ авах шаардлагатай байна.
Танилцуулгатай холбогдуулан циркийн урлагийн салбарыг тогтвортой хөгжүүлэх бодлого, стратегийг тодорхойлон танилцуулахыг Соёлын сайд Ч.Номинд, циркийн тэнхимийн сургалтын орчныг стандарт ханган сайжруулах талаар судлан танилцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгав.
Мөн циркийн урлагийн хөгжлийг дэмжих, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар хамтарсан Ажлын хэсэг байгуулан, санал дүгнэлт танилцуулахыг Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нарт үүрэг болгов.
“Аса консалтинг” ХХК-тай байгуулсан “Худалдах, худалдан авах” гэрээнд заасан “Улсын циркийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр, зориулалтын дагуу ажиллуулах нөхцөл”-ийг хангуулах,хэрэгжилтийн тайланг танилцуулж, холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт даалгалаа.
Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллана
Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний ерөнхий найруулагчаар төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар ажиллана.
Үндэсний их баяр наадмын Соёл, урлагийн арга хэмжээг Соёлын яам, Соёл, урлагийн салбар хороо хариуцан нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилладаг. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Үндэсний их баяр наадмын нэр, нэршлийн талаар болон наадмын соёл, урлагийн арга хэмжээний ерөнхий найруулагчийн баг болон наадмын нээлт хаалт, хүндэтгэлийн концертын хөтөлбөрийн талаар танилцуулга хийсэн байна.
Нийслэл хотын нийтийн тээврийг хоёр үе шаттай бүрэн шинэчилнэ
Нийслэл хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд 1240 автобус явж байгаагийн 75 хувь нь арваас дээш жилийн насжилттай байна. 2022 онд парк шинэчлэлтийг 2022 онд 60 хувь, 2024 онд 80 хувь хийхээр төлөвлөсөн. Энэ сард нийтийн тээврийн 70, хүүхдийн 75 автобусыг шинээр үйлчилгээнд гаргана, эдгээр автобус хил дээр ирээд байгаа гэж Засаг дарга мэдээллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 2022-2024 онд хоёр үе шаттай хэрэгжүүлж, бүрэн шинэчлэх нь зүйтэй гэсэн чиглэл өгч, ирэх долоо хоногийн хуралдаанд дахин хэлэлцэж шийдвэр гаргахаар боллоо.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах дараах журмуудыг баталлаа
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг дагалдах дараах журмуудыг баталлаа.
“Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл, журам” болон “Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн системийн үйл ажиллагааны журам”-аар Иргэн, хуулийн этгээд өөрийн бизнес, үйлдвэрлэл, техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэх, шинээр бий болгоход нь төрийн нээлттэй өгөгдлийг ашиглах боломжийг нээж байгаа юм. Энэ нь мэдээллийн технологийн салбарын өнөөгийн хөгжлийн түвшин, дэлхий нийтийн жишиг, хандлагаас урган гарч буй үйл ажиллагаа юм. Төрийн байгууллагууд өөрт байгаа өгөгдөл, мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож, үнэ төлбөргүй нийтэлснээр иргэн, хуулийн этгээд, эрдэмтэн судлаачид тухайн өгөгдөл, мэдээллийг ашиглан судалгаа хийх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, төрийн байгууллагын үйл ажиллагааг үр бүтээлтэй болгох, шинэ санал, санаачилга бий болгох замаар шинэ хэрэглээ үүсгэх зэрэг давуу талтай юм. Нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журмаар Төрийн байгууллага нь нээлттэй мэдээллийг агуулсан мэдээллийн сан үүсгэж албан ёсны цахим хуудсанд байршуулж нийтлэх, нээлттэй мэдээлэл, цахим хуудсыг шинэчлэх, цахим хуудасны хэвийн үйл ажиллагааг хангаж, хяналт тавих харилцааг зохицуулна.Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
Товч мэдээ
· Газрын тосны ашиглалтын “Тосон-Уул-XIX”, ‘Тамсаг-XXI’ талбайнуудад байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг шилжүүлэн авсан “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээг дүгнэх, гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа.
· НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах үзлийг устгах хорооны 82 дугаар хуралдаанаар Монгол Улсын нэгдэн орсон “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц”-ийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын аравдугаар тайланг 2022 оны зургадугаар сарын 23-24-нд цахимаар хэлэлцүүлж, хамгаалах Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг хэлэлцээд Ерөнхий сайдын Захирамж батлахаар тогтов.
Нийслэл хотын нийтийн тээврийг хоёр үе шаттай бүрэн шинэчилнэ |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10