Мягмар, 2024-11-26
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачид дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хөдөө аж ахуйн их сургууль болон тус сургуулийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч мөн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл болох 100 гаруй эрдэмтэн, судлаачтай уулзаж, хүнсний хангамж, аюулгүй байдал, цаашид тавьж байгаа зорилтын талаар товч танилцуулж, санал бодлыг нь сонсов.

Энэ үеэрээ “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлж байгааг хэллээ.

Ойрын таван жилд мал сүргээ бүрэн эрүүлжүүлж, малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүс болох ёстойг тэмдэглэв. Мөн төрийн бодлого, шийдвэр шинжлэх ухаанд суурилсан байх ёстой учир хүнсний хувьсгал хийхэд эрдэмтэн, судлаачдын оролцоо хамгийн чухал гэдгийг онцлов.

Ирэх таван жилд 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилготой “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эрдэмтэн, багш, судлаачид дэмжиж байгаагаа илэрхийллээ.

 

ХААИС-ийн хувьд шинэ технологи, инновац нэвтрүүлэх, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, тооноос чанарт шилжих зэрэг бодлогын шинж чанартай ажилд манлайлан оролцох боломж байгааг академич А.Бакей хэллээ.

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан Н.Энхболд “Химийн бодис, үр тариа, бордоо зэрэг импортын бүтээгдэхүүнд тавих стандартыг Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний заалттай нийцүүлэн нэг мөр болгох, “Пестицидийн үндэсний хөтөлбөр” боловсруулах зэрэгт дэмжлэг үзүүлэхийг  хүсэв.

Эрдэмтэн, судлаачдын төлөөлөл мал аж ахуйн салбарын хөгжлийг түргэтгэх, эрсдэл даах чадавх бий болгох, олон улсын туршлагыг нутагшуулах чиглэлээр урт хугацаатай төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгээ илэрхийллээ.

Мөн Засгийн газар монгол малын удам зүй, үржлийн үнэт чанарыг молекул-генетикийн түвшинд үе шаттай судлан тогтоох, олон улсад баталгаажуулах ёстой гэдгийг хэлж байлаа.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачид дэмжиж байна
2022-06-08 11:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0