УИХ-ын чуулганаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Сангийн яамнаас асууя. Далд эдийн засаг, сүүдрийн эдийн засгаа ил гаргах талаар хийж байна вэ. Хар тамхи гэдэг асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаарах асуудал. Хар тамхины худалдаа, хүн худалдах, дээрэм зохион байгуулах зэрэг гэмт хэргийг араасаа дагуулдаг аюултай. Далд эдийн засаггүй улс гэж алга. Яг бодит байдал дээр саарал жагсаалтад орсон оношоо зөв тогтоож чадаж байна уу.
Сангийн дэд сайд Х.Булгантуяа:
-Монгол Улс 2010 оноос далд эдийн засгийг тооцож эхэлсэн. 9.2-15.7 хооронд хэлбэлзэж байсан. Далд эдийн засгийг багасгахад ялангуяа манай НӨАТ-ын шинэ хууль нэлээн үр дүн өгсөн. Татварын тайланг хялбаршуулсан байгаа. Татварын хуулинд өөрчлөлт оруулсан, 135 улсын оффшор бүстэй мэдээлэл солилцох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Саарал жагсаалттай холбоотой дөрөвхөн л асуудал байгаа. Түүнийг биелүүлсэн тохиолдолд саарал жагсаалтаас гарна. Авлига авсан хүмүүс мөнгө угаасан байх магадлалтай гэсэн асуудлыг анхааруулсан. Хилээр орж ирж байгаа мөнгийг нуугаад орж ирж байгаа дээр тавьж байгаа хариуцлагаа сайжруул гэсэн асуудал бий. Энэ заалтуудыг зассанаар Саарал жагсаалтаас гарна гэдэгт итгэж байгаа.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Хэдэн хуульд өөрчлөлт оруулж, хууль баталснаар саарал жагсаалтаас гарахгүй. ФАТФ манайхыг саарал жагсаалтаас гарахын тулд шалгалт нь зургаан сар үргэлжлэх юм байна гэсэн мэдээлэл бий. Нэгд, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хоёрт төр хувийн хэвшлийнхний хоорондын механизмыг бэхжүүлэх. Хууль л баталчихвал Саарал жагсаалтаас гарчихна гэсэн ойлголт байгаад байна. Цаана нь зөндөө асуудал байна.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталъя гэсэн санал хураалтад 45 гишүүн оролцсоноос 23 нь дэмжиж, 51.1 хувийн саналаар хууль батлагдав.
Т.САЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
“Хууль батлаад “Саарал жагсаалт”-аас гарчихгүй” |
|