Австрали Улсын нийслэл Канберра хотод болж байгаа Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат нар оролцож буй талаар бид мэдээлсэн.
Тэгвэл УИХ-ын даргын айлчлал тойрсон албан ёсны мэдээлэл түгэхээс өмнө бүрэлдэхүүнд явсан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн “…Сиднейн казинод энэ сарын 17-18-нд тоглож байгаа нь” гэсэн агуулга бүхий мэдээлэл цацагдлаа.
Түүнтэй хамт АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Австрали дахь Элчин сайд Б.Чулуунхүү нарыг байсан гэж www.zarig.mn сайт мэдээлсэн.
Дээрх мэдээлэл үнэн эсэх талаар өөрөө эсвэл багийн ахлагч, УИХ-ын дарга Г.Занданшатар нотолж, хариулт өгч таарна. УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд өмнө нь казинод орж байсан тушлагатай. Түүний Солонгосын казинод орсныг батлах овог нэр, гадаад паспортын дугаар бүхий хуудас хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарсан. Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэг ид мандаж байхад орсон байдаг.
Өнгөрсөн хавар буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газрын хуралдаанаар Төрийн албан хаагчид, дарга нар гадаадад очиж казино, мөрийтэй тоглохыг хориглох шийдвэрийг гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 40.2-г үндэслэж Засгийн газраас Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулсан байдаг. Үүнд, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3 дахь хэсгийн 3.1.4.в, 3.1.4.г дэх дэд заалтуудыг нэмж, гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг хатуу барих…мөрийтэй, казино тоглохгүй байхаар тусгаж өгсөн. Үүнийг зөрчсөн хоёр хүн ажлаасаа чөлөөлөгдөж байсан. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Дарга нар казино тогловол ажлаас нь чөлөөлнө" гэсэн гарчиг бүхий ярицлага өгч байсан.
Цэрэг тогловол ажлаасаа чөлөөлөгддөг. Дарга тоглоход үлддэг байж болохгүй. Хууль тэгш үйлчлэх нь шударга ёс мөн. Казино тоглосон дарга нарыг хэрхэн шийтгэх нь МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хамаарах нь дамжиггүй. Түүний шударга үг амьдралд хэрхэн тусдагийг хамтдаа харцгаая.