Мягмар, 2024-11-26
Баяр наадмын тухай хуулийг шинэчлэх төсөлд 2025 оны тавдугаар сарын 1-н хүртэл цэвэр цусны азаргыг импортлохыг хориглох санал оруулжээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Засгийн газраас 2020 оны тавдугаар сарын 4-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг УИХ 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас 2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгтгэн Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, А.Адъяасүрэн, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, Ц.Даваасүрэн, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Г.Тэмүүлэн, С.Чинзориг нар ажилласан юм.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Мөнхбат Байнгын хороонд танилцуулга хийлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн төслөө татан авсан гэдгийг тэрбээр мэдэгдсэн.

Ажлын хэсгээс төслийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг “Үндэсний их баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулахаас бусад үндэсний бөхийн барилдаан, үндэсний хурдан морины уралдаан, сурын болон шагайн харваатай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.” гэж өөрчлөн найруулах, төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг ”Үндэсний их баяр наадам” гэж Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт баярыг” гэж,өөрчлөн найруулахаар саналын томьёолол боловсруулжээ.

Мөн 5 дугаар зүйлийн 5.9, 5.10 дахь хэсгийг нэгтгэн “Улс, аймаг, сумын баяр наадмаар үндэсний бөхийн барилдаан, үндэсний сурын болон шагайн харваа, үндэсний хурдан морины уралдааныг явуулна.” гэж найруулахаар тусгасан байна.

Түүнчлэн энэ хуулийн бөх, сурын харваачаас допингийн шинжилгээ хийх арга хэмжээг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага зохион байгуулахаар
бөх болон сурын харваач допингийн төрлийн бодис хэрэглэсэн бол Үндэсний их баяр наадамд бөхийн барилдах, сурын харваачийн харвах эрхийг энэ хуульд заасны дагуу хасах
2025 оны тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл цэвэр цусны азаргыг Монгол Улсад импортлохыг хориглох
Монгол үүлдрийн адууны стандартыг шинэчлэн боловсруулж, батлуулах хүртэл хугацаанд үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах морийг уралдуулахдаа энэ хуулийн 15.1.1-д заасны дагуу Засгийн газраас баталсан дүрмээр зохицуулах зэрэг саналын томьёоллуудыг танилцуулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Баяр наадмын тухай хуулийг шинэчлэх төсөлд 2025 оны тавдугаар сарын 1-н хүртэл цэвэр цусны азаргыг импортлохыг хориглох санал оруулжээ
2022-06-17 09:48:28
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0