БНХАУ-ын буцалтгүй тусламжаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчмын 4.2 га талбайд “1,008” айлын орон сууцыг барьж байгуулах барилгын ажил өчигдөр эхэлжээ.
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” нь 21 давхар 8 блок бүхий нийт 84,833 м.кв талбайтай, 7,519 м.кв ил болон газар доорх нэгдсэн автомашины зогсоолтой, иж бүрэн инженерийн дэд бүтэц, шугам сүлжээтэй, 2,420 м.кв явган хүний талбай, 1,262 м.кв хүүхдийн тоглоомын талбай, 7,270 м.кв ногоон байгууламжийн талбайтай, цутгамал төмөр бетон хийцтэй, давхартаа 49.95, 55.04 м.кв хоёр өрөө бүхий зургаан айлтай нийт 1,008 айлын цогцолбор хороолол болж босох юм.
“Ногоон нуур-1,008 айлын орон сууц”-ны зураг төслийг “Интеллект тауэр” ХХК, Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хятадын хоёр дахь металлурги групп корпорац” ХХК БНХАУ-ын буцалтгүй тусламж 347.4 сая юанийн хөрөнгөөр 30 сарын хугацаанд хэрэгжүүлж ажиллах юм.
Төслийн ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах, барилгын ажлын гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах, холбогдох техникийн нөхцөлүүдийг авах, барилгын ажлын үед ашиглах цэвэр ус, цахилгаанаар хангах, төсөл хэрэгжих талбайг чөлөөлөх, барилгын талбай руу орох орц, гарц гаргах бэлтгэл ажлуудыг бүрэн хангаснаар барилгын ажил ийнхүү эхэлжээ.
Барилгын ажлын нээлтэд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү, Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, “Төрийн орон сууцны корпорац” ТӨХХК-ийн захирал Л.Батжаргал, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын захирал Ц.Тулга, БНХАУ-ын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй, “Хятадын хоёр дахь металлурги групп корпорац” ХХК-ийн Монгол дахь төлөөллийн газрын захирал Лиан Южин, Төслийн баг хамт олон, гүйцэтгэгч байгууллагуудын төлөөллүүд ирсэн бол Бугат хотын ардын Засгийн газрын хотын дарга Жан Руй болон бусад албаны төлөөлөгч нар цахимаар оролцсон байна.
Уг хорооллыг барих шийдвэр 2017 онд гарч байжээ. Тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д айлчлах үеэр манай улсад хоёр тэрбум юань буюу 330 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болсон юм.
Энэ хөрөнгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж байв.
Ногоон нуурын 1,008 айлын орон сууцыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 2.5 жилд барьж дуусгахаар бүтээн байгуулалтыг эхлүүлжээ |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10