Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Цагааннуур боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажиллаж буй ес дэх боомт юм.
Засгийн газрын 2021 оны 155 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн авто замын Цагааннуур боомтыг 24 цагийн байнгын ажиллагаанд шилжүүлсэн. Энэ боомтоор ОХУ-аас баруун аймгуудын хэрэглээний нефть, хүнс, малын тэжээл, бусад барааг импортолдог. Үүнд шатах тослох материал 60 хувь, малын тэжээл 15 хувь, хүнс, бусад бараа материал 25 хувийг эзэлж байна. Тус боомт байнгын ажиллагаатай болсноос хойш зорчигч болон ачаа тээврийн эргэлт эрс нэмэгджээ. Энэ онд улсын төсөвт 30 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.
Цагааннуур боомтод олон улсын транзит хурдны зам барих, хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбож байна. Цагаануур-Улаанбайшинт чиглэлийн 27.8 км авто замын ажил өнгөрсөн жилээс эрчимжиж, ирэх сард ашиглалтад орно.
Энэ зам ашиглалтад орсноор импортын ачаа тээвэр нэмэгдэн, ОХУ, БНХАУ-ын хооронд манай нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн олон улсын нэг гарц бий болох юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: -“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хөгжлийн хурдасгуур гэж ойлгож болно. Зургаан зорилт дэвшүүлсний нэг нь боомтын сэргэлт. Манайх далайд гарцгүй улс учраас бүх боомтоо авто замаар, Алтанбулаг, Замын-Үүдийг хурдны замаар холбохоос гадна шинээр 5-6 төмөр замын экспортын томоохон гарц гаргах зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд төмөр замын төслүүд хэрэгжээд явж байна. Бид өнөөдөр ес дэх боомт дээр ажиллаж байна. Энэ нь боомтын ажилтай биечлэн танилцахаас гадна хоёр хөршдөө ач холбогдол өгч буйн илэрхийлэл. ОХУ, БНХАУ-ын Засгийн газартай хамтарсан томоохон коридоруудын төслүүд урагштай, үйл ажиллагаа нь эрчимжиж байна. Бид боомтуудаа авто болон төмөр замаар аль болох хурдан холбож л тээвэр логистикийн өрсөлдөх чадвар дээшилнэ. Ингэснээр экспорт нэмэгдэж, эдийн засаг тэлнэ. Баруун аймгийнхан бензин шатахуунаас эхлээд хүнсний бордоо зэрэг голлох стратегийн бүтээгдэхүүнээ авдаг боомт бол Цагаан нуур. Баруун бүс хөгжиж, өрсөлдөх чадвар дээшлэх хэрээр нийслэлийн түгжрэл багасах, төвлөрөл саарах зэрэг олон талын ач холбогдолтой. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд экспортын таван төмөр замын гарц бий болгоно. Ирэх жилд багтаад төмөр замууд ашиглалтад орвол манай улсын түүхэнд байгаагүй, өрсөлдөх чадвар, үсрэнгүй дэвшил, том гарц болно. Мянганы замын төслийг эхлүүлээд 21 жилийн дараа энэ жил дуусгасан. Одоо боомтуудад анхаарна" гэлээ.
Ерөнхий сайд үргэлжлүүлэн Даян боомтод ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Цагааннуур боомтод хурдны зам барих, хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбож байна |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10