Мягмар, 2024-11-26
Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол болов

 Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын нутагт орших Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 2022 оны долоодугаар сарын 27-ны өдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уг ёслолд оролцох төрийн элч, төлөөлөгчдийн тэргүүнээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг томилжээ.

Төрийн тахилгын ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Төрийн элч, төлөөлөгчдийн тэргүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж уншиж сонордууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд, Хан Хөхий хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг дөрөв дэх удаагаа ёслол төгөлдөр үйлдэж байгааг дурдав. 

Бидний өвөг дээдэс байгалийн хуулийг танин мэдэж, хувирал хэмнэлд нь ахуй амьдралаа найрсан зохируулж, жам ёсыг ухааран сэнхэрч ирсний яруу тод нэгэн илрэл нь уулын тэнгэрийг тайх ёслол гэдгийг хэллээ.

Байгаль дэлхийн уул ус, мод бут алив бүхэн нь амьтай, эзэнтэй хэмээн итгэн сүсэглэж, унаган нутгаа хайрлан хамгаалж, уугуул төрхөөр нь үр хойчдоо өвлөн үлдээх тухай энэхүү зан үйл нь монголчуудын түүх соёл, итгэл бишрэлийн цогцолбор гэдгийг онцлов.

Тийм ч учраас өвөг дээдсээс уламжлан ирсэн үнэт өв – уул ус, овоо тахилгын уламжлалт зан үйлдээ хүндэтгэлтэй хандаж, уг язгуур төрхөөр нь хадгалан хамгаалж, өвлүүлэн уламжлуулах талаар Төрийн тэргүүн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган ажиллаж байгааг тэмдэглэв. 

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир Хан Хөхий хайрхан уулын тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг Увс аймгийн музейд хадгалуулахаар өгөв. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны долоодугаар сарын 26-ны өдрийн 183 дугаар зарлигаар Хан Хөхий уулыг Төрийн тахилгатай болгосон. Үүнээс хойш 2008, 2012, 2017 онд тус тус Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг зохион байгуулсан юм. 

Увс аймгийн нутагт орших Хан Хөхийн нурууны ноён оргил Алтан Дуулга нь далайн түвшнээс дээш 2,928 метр өндөртэй.

 

 


Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол болов
2022-07-28 11:08:04
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0