Мягмар, 2024-11-26
МОНГОЛЧУУДЫН “ҮР МОГОЙ” БОЛСОН “ЖЕНКО” Х.БАТТУЛГАД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ?

 

“Үр могой” гэж Б.Лхагвасүрэн гуайн аймшигтай өгүүллэг байдаг. Өнөөгийн бидний энэ буурай, гундуу амьдралын шалтгаан нь хэдэн “үр могой”-той өсгөснөөр яригдах хэмжээнд тулав. Тэд монголчуудын боломжийг хулгайлж, хөгжлийг гацааж, шударга ёсыг хуйвалдагчдийн өлмийд хаясан юм. Хамгийн харамсалтай нь тэд ард түмний ирээдүйдээ итгэх итгэлийг сөнөөлөө. Хэрэв төр нь тунгалагшиж, “үр могой”-нууддаа хариуцлага тооцож, цэвэршиж чадахгүй бол цөхөрсөн олны давалгаагаар бүр ч халаглам хананд тулахад ойрхон болчихжээ. 

Наад захын жишээ нь, төрийн сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүнээр сонгогдож, олонд хүндлэгдэн хамгийн их хөрөнгөлөг амьдарсан “Женко” хэмээх Х.Баттулга байж байна. Ганзагын наймаагаар хөрөнгөжсөн үү, мафийн үзэл санаагаар өндийсөн үү гэдгийг нь ялгах гэвэл нэлээд юм тайлбарлах болно. Ямар ч байсан 17 чингэлэг спиртийг ус болгон хувиргасан, “Баянгол” зочид буудлыг сэйфэнд байсан мөнгөөр нь хувьчилж авсан тухай домог мэт яриа бий. “Талх чихэр” үйлдвэрийг хэрхэн авсан гэх мэтээр бизнесийнхээ эзэнт гүрнийг босгосон бүхэн нь монголчуудын социализм байгуулах дэврүүн жилүүдийн хөдөлмөрт суурилсан нь илэрхий байдаг. Жишээ нь, “Мах импекс” компаний хувьчлал байна. Учир нь УИХ 1999 оны долоодугаар сард хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтад “Мах импекс” ХХК-ийг оруулсан байсан ч 1999 оны 8 дугаар сард “Мах импекс”-ийн төрийн өмчийн хэсгийг Х.Баттулга хувьчилж авсан гэдэг. Хувьчилж авахдаа хууль зөрчин “Эрдэнэт” үйлдвэрээс ОХУ-ын цахилгааны төлбөрт өгөх ёстой байсан гурван сая ам.доллараар авчээ. УИХ-аас томилогдсон ажлын хэсэг “Мах импекс”-ийн хувьчлалыг шалгаад хууль бус гэж тогтоосон боловч УИХ-аар хэлэлцээгүй байна. Энэхүү үйлдлийн цаана Ц.Элбэгдорж, тухайн үеийн Ардчилсан холбоо эвслийн өндөр албан тушаалтнууд байсан гэж яригддаг. Х.Баттулга “Мах Импекс”-ийг 20 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байхад нь зориуд үнэгүйдүүлж, хоёр гаруй тэрбум төгрөгөөр хувьчилж авсан гэдэг хэл ам өдгөө ч арилдаггүй. 

Ингэж хөрөнгөжсөн нь зөвхөн эхлэл л дээ. Өнөөдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамаарал бүхий их наядаар яригдах өр Хөгжлийн банкны “хар жагсаалт”-д байж байна. МоАХ-ын газрыг барьцаанд тавьсан, Баянхонгорын алтны уурхайд холбогдсон гээд урсаж өгнө. Тухайлбал, 2011 онд ЗТЯ-ны сайд Х.Баттулга Сүхбаатар аймагт төмөр замын газар шорооны ажил хийх тендер зарлаж “Кей эйч эн ар” ХХК хөрс хуулалтын ажил хийхээр шалгарчээ.  Санхүүжилт ороогүйн улмаас “Кей эйч эн ар” ХХК-ын захирал З.Баасандорж 4 тэрбум төгрөгний өрөнд орсон. Өрийн дарамтанд орсон З.Баасандорж нь Х.Баттулгад гэрээслэл үлдээгээд амиа хорлосон тухай мэдээлэл цацагдаж байв. 2011 онд Х.Баттулга нь зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Чойбалсан-Даланзадгадын 1100 км төмөр замын ажлыг хятадын “MORIC” LLC-д нууцаар өгсөн. Энэ нууц гэрээг хийснээс нэг жилийн дараа Х.Баттулгын “CAMEX”-ын дансанд хоёр сая ам.доллар орж ирсэн, Х.Баттулга нь 2012 онд эхэлсэн Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам барих төслийн 280 сая доллараас 658 тэрбум төгрөг хулгайлсан гэх мэтээр хэвлэлээр гарсан мэдээлэл бүрийг шүүвэл их юм гарна. Түүнчлэн 2012-2013 онд Х.Баттулгыг Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлвэрийн сайдаар ажиллаж байх хугацаанд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн худалдан авах ажиллагаанд нийт долоон тэрбум гаруй төгрөгийн зөрчил илэрсэн байдаг.

Учир мэдэх хүмүүс салбарын сайд Х.Баттулгын хамаарал бүхий этгээдүүдийн компаниудтай холбоотой учир энэ хэрэг нам дарагдсан гэдэг тухай ч уншиж байлаа. “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын хүрээнд, “Шинэ Яармаг” төслийн хүрээнд урсгасан олон арван тэрбум төгрөг бол өдгөө зүгээр тоо шиг л яригддаг болжээ. Түүнчлэн Монголын ард түмний хандиваар байгуулж буй “Майдар хот” ч өдгөө таг чиг. 

Хятадын танк ороод ирэх болохоор нарийн царигаар төмөр зам тавьж болохгүй тухай түүний арваад жилийн үлгэр өнөөдөр эргээд харахад Монголын ирээдүйн 100 жилийн хөгжлийг хулгайлчихсан л байгаа биз дээ. Бид алдагдсан боломжийг ярьдаггүй. Яагаад гэвэл үнэлэх аргагүй болохоор. Харин зүгээр алдчихсан зүйлсээ тоолоход аймаар дүн гарч байна. Сүүлд гэхэд 2022 оны тавдугаар сарын 12-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийг хувьчлах тухай 2015 оны заалтыг УИХ-ын тогтоолоос хасах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Энхбаяр “2015 онд Хөтөл цемент шохойн үйлдвэрийг хувьчлах тухай УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэж байна. Тухайн үеийн сайд Х.Баттулгын гарын үсэгтэй, Худалдаа хөгжлийн банкны үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбилэг нарын оролцоотой энэ хувьчлал буруу замаар орсон гэдэг нь тодорхой болсон. Нэг өдрийн дотор бүх ажиллагаа нь явагдсан юм билээ. Энэ компанийн үүсгэн байгуулагч нь Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурийн аав. Тухайн үед Худалдаа хөгжлийн банкны Хуулийн хэлтсийн захирал байсан. Энэ луйврыг төр буцааж авч байгаа санаачилгыг дэмжиж байна. Хэдий хожуу илэрч байгаа ч үүнд хариуцлага тооцох ёстой. Гэхдээ Х.Баттулга гэдэг хүний нэр холбогдсон болохоор хариуцлага тооцох асуудал нь сааталтай байна уу үгүй юу. Хэрэг үүсгэж байгаа асуудалд энэ хүн шалгагдаж байгаа юу” гэж асууж байсан байгаа юм. 

“Хүрээний бузрыг ухвал далай” гэдэг шиг “Женко” Х.Баттулгын асуудлын зах зухыг гарчиг маягаар сөхөхөд л ийм болж байна. Төв аймгийн Эрдэнэ сумаас 20 гаруй км зайд орших “13 дугаар зуун” амралтын бааз нь гэхэд жирийн хүний мөрөөдөх ч аргагүй зүйл шүү дээ. Энэ цогцолбортоо 2020 оны наадмыг зохион байгуулж байлаа. Түүхэнд “ноёдын наадам” гэдгээрээ үлдэх биз. Гэхдээ ингэж наадам зохион байгуулахдаа багагүй хөрөнгө оруулалт ч улсаас авсан. Нэгхэн жишээ хэлэхэд 20 гаруй км шилэн кабель татуулсан байгаа юм.

Түүнчлэн Цонжин болдог цогцолборын хойно байрлах хамаарал бүхий этгээдийн “Тэгри мед” амралт, сувиллын газартаа Ерөнхийлөгч байхдаа нэг км гаруй засмал зам тавиулсан гэдэг. Том асуудлуудтай нь харьцуулахад бага ч гэлээ энэ бүхэнд тэрбум тэрбумаар татвар төлөгчдийн мөнгө урссан гэдгийг бодох хэрэгтэй.

Энэ бүхнийг яагаад дурдаж байна гэхээр өнөөдөр эмч, сувилагч, багш гэх мэт төрийн жирийн албан хаагч хэн ч энэ зэргийн ажил хувьдаа хийх гэвэл лавтай гурав үхэж төрөн зогсоо зайгүй ажиллаж байж хуримтлуулах болно. Шударга бус явдал, дабль стандарт гэдэг чинь энгийнээрээ энэ юм шүү дээ. 

“Женко” гэгч АН-ын өнгөтэй өөдтэй бүхнийг нэр хоч зүүлгэн улс төрөөс холдуулсан нь ч дүүрч. Эцэстээ талбай дээр цэрэгжилт маягаар зохион байгуулагдсан залуусыг турхирч, тусгаар тогтносон улс дотор “Тусгаар тогтнол” хөдөлгөөн санхүүжүүлсэн нь илэрч эхэлж байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн үйлийнх нь үрийг үүрсэн олон залуусыг нь дурдах гэвэл нэлээд урт бичвэр болно. Монголчууд бид ийм л “Үр могой” өсгөжээ. Өнөөдөр тэр “үр” нь юуг л бол юуг их бага гэлгүй залгихаар болчихсон байж байна. Хариуцлага тооцох болоогүй гэж үү. 


МОНГОЛЧУУДЫН “ҮР МОГОЙ” БОЛСОН “ЖЕНКО” Х.БАТТУЛГАД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ?
2022-08-08 11:25:39
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0