Мягмар, 2024-11-26
ОХУ, Япон хорт хавдрын эмчилгээний шинэ аргыг нутагшуулахад Монголтой хамтран ажиллана

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр (2022.08.08) “Анагаах ухааны боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын симпозиум-2022” арга хэмжээнд оролцож буй Япон Улс, ОХУ-ын эмч, мэргэжилтнүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав.

Энэхүү симпозиумыг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар Хавдар судлалын үндэсний төв  болон АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хамтран энэ сарын 05-12-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хорт хавдрын мэс заслын орчин үеийн арга технологи, дүрс оношилгооны шинэ аргуудаас суралцаж, туршлагажихын чухлыг онцлоод өөрийн орны сайн туршлагаасаа хуваалцаж манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.

 

Хорт хавдар нь манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг бөгөөд тэр дундаа элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралт өсөн нэмэгдэж байна. Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төсөв санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Тухайлбал, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлээд таван жил болсон байна. Мөн эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулж, хорт хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэхээр зорин ажиллаж байна. Энэ тогтолцоог бэхжүүлэхэд “Анагаах ухааны боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын симпозиум-2022” арга хэмжээ чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ. 

Мөн хорт хавдар тэр дундаа элэгний хорт хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэхэд эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шинэ технологиудыг нэвтрүүлэх асуудал чухлаар тавигдаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар дурдаад гурван улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хорт хавдрын эрт илрүүлэг, орчин үеийн оношилгоо, эмчилгээний арга технологийг судлах хамтарсан сургалт, судалгааны төвийг Монгол Улсад байгуулах боломжтой талаар байр сууриа илэрхийлэв. 

 

 

ОХУ болон Япон Улсын эмч, мэргэжилтнүүд УИХ-ын даргын санаачилгыг бүрэн дэмжиж буйгаа тэмдэглээд хорт хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлж, эмчилгээний шинэ арга технологид суралцах, нутагшуулахад хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн юм. ОХУ-ын эрүүл мэндийн салбарт цөмийн анагаах ухаанд суурилсан хорт хавдрын орчин үеийн өндөр техник-технологи хэдийнэ нэвтэрсэн бол Япон Улсад дүрслэл оношилгооны технологийг ашиглан хорт хавдрыг эрт илрүүлж, эмчилгээний олон аргыг амжилттай нэвтрүүлж байгааг эмч, мэргэжилтнүүд уулзалтын үеэр хэлж байлаа


ОХУ, Япон хорт хавдрын эмчилгээний шинэ аргыг нутагшуулахад Монголтой хамтран ажиллана
2022-08-09 10:29:57
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0