Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын Тээврийн ажлын хэсгийн ээлжит 17-р хуралдаан ОХУ-ын Москва хотноо 2022 оны есдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Ажлын хэсгийг Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Оросын талаас Тээврийн яамны орлогч сайд В.И.Иванов нар удирдан хуралдуулав. Тээврийн ажлын хэсэг нь Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын дэргэдэх дэд комиссуудын нэг бөгөөд хоёр улсын тээврийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж ажилладаг.
Энэ удаагийн хуралдаанаар хоёр тал тээврийн бүх салбар чиглэлүүдэд 2021 онд хуралдсан өмнөх хуралдаанаар тохиролцсон ажлуудын хэрэгжилтийг дүгнэж, 2022-2023 онд хэрэгжүүлэх ажлууд, шийдвэрлэх асуудлуудаа хэлэлцэн тохирч хурлын эцсийн баримт бичигт тусган оруулж баталлаа.
Төмөр замын салбарт өнгөрч буй 2021 онд томоохон ахиц дэвшил гарч “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хэмжээнд түүхэн дээд амжилт тогтоон 31.3 сая тонн ачааг тээвэрлэсний зэрэгцээ удаан хугацаанд шийдэлд хүрч чадаагүй байсан Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банкнаас авсан МОН-П1, МОН-П2 хөнгөлөлттэй зээлийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон ахиц дэвшил гарч хоёр тал хувь тэнцүү хэмжээгээр нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх, уг хувь хөрөнгийг оруулах арга хэлбэрийг тохирч шийдвэрлэсэн.
Дүрмийн санг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг үүсгэн байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколыг байгуулах ажлыг түргэвчлэн ойрын хугацаанд гарын үсэг зурахаар тохиролцов.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор тээвэрлэлтийн үнэ тарифыг уул уурхайн гаралтай экспортын бүлэг ачаа болон зорчигч тээвэрт тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх, нийгэмлэгийн 2050 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулж батлах, замын засвар, техник технологийн шинэчлэлт хийх, хилийн төмөр замын боомтуудын дэд бүтцийг сайжруулах, шинээр баригдаж буй болон төлөвлөгдсөн төмөр замын төслүүдэд хамтран ажиллах зэрэг олон асуудлаар дэлгэрэнгүй хэлэлцэж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тохиролцон баталлаа.
Тээврийн салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд Оросын Засгийн газрын тэтгэлгээр их дээд сургуулиуд, түүний дотор Оросын тээврийн их сургуульд сургах оюутнуудын тоог нэмэгдүүлж, тээврийн бүх чиглэлээр бакалавр, специалитет (5 жилийн дээд боловсрол), магистр, аспирантурын бүрэн хөтөлбөрөөр сургах боломжийг бүрдүүллээ. Автотээврийн салбарт хоёр улсын хооронд болон тэдгээрийн нутгаар дамжин гуравдагч улс руу тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичгийн тоо хэмжээ, төрөл зүйлийг тохирч, солилцох арга замыг хэлэлцэн тохирч шийдвэрлэсэн.
Мөн ОХУ-ын Алс дорнодын боомтууд Новороссийск, Владивостокоор дамжуулан тээвэрлэлт гүйцэтгэх боломжийг нээж өгсөн ба Монгол Улсын баруун бүс нутагт ОХУ, БНХАУ-ыг холбосон Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто замын барилгын ажил 2022 оны 9-р сард дууссан. Ингэснээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх боломж бүрдсэнийг мэдэгдэж, цар тахлаас сэргийлэх хязгаарлалтын дэглэм буурч хил нээгдэхэд гурван улсын хамтарсан туршилтын тээврийг явуулах талаар санал солилцлоо.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 2021 онд 31.3 сая тонн ачааг тээвэрлэж түүхэн дээд амжилт тогтоожээ |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10