Мягмар, 2024-11-26
Ц.Элбэгдоржид хандсан Г.Занданшатарын САНУУЛГА

УИХ-ын намрын чуулганы нээлт дээр спикер Г.Занданшатар "Төрийн түшээд, улс төрийн нам хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагууд, ард иргэд Үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлаа эрхэмлэн дээдэлж, нам, улс төрийн талцал хуваагдал, хийрхлийг хойш тавин, Монгол Улс гадаад харилцаандаа нэг цонхны бодлогыг тууштай баримтлах ёстой" хэмээн онцолж хэлэв. Энэ үгийг олон нийт, хэвлэлийнхэн тогтож анзааралгүй өнгөрөөх шиг боллоо. Энэ үгийг хэнд зориулав, ард нь ямар асуудал нуугдаж байгааг ухахгүй өнгөрч огтоос боломгүй. Нэг цонх гэдэг бол Г.Занданшатарын үг биш, хуульд амилсан зарчим. Монгол Улс олон тулгуурт гадаад бодлого баримтлах үзэл баримтлалтай. Ц.Элбэгдорж өөрөө Ерөнхийлөгч байхдаа байнга төвийг сахих тухай байнга сурталчилж явсан улстөрч.

УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Г.Занданшатар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид энэ үгийг хаягласан байх өндөр магадлалтай. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хойд хөрш ОХУ-ын удирдагч В.Путинд хандан дайнаа зогсоохыг шаардсаныг CNN зэрэг барууны хэвлэлүүд нэлээн сэвсэн. Үүнд буруу байхгүй. Дайныг хүсдэг, дайныг дэмждэг ард түмэн гэж хаана ч байхгүй. Харин ОХУ-ын дотоодод цэргийн дайчилгаа эхэлсэн үйл явдалтай холбогдуулан экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цэргийн дайчилгаанаас зугтсан оросуудыг Монгол Улс хүлээн авахад бэлэн байна гэж мэдэгдсэн нь араасаа асуудал дагуулж эхэлжээ. Аливаа улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох нь дипломат ёсонд нийцэхгүй. Оросууд бидний дотоод хэрэгт оролцоод, зааж зааварлаад байвал юу болох нь ойлгомжтой.

Бид ОХУ-аас эрчим хүчний тодорхой хэрэглээ, шатахуунаа бараг 100 хувь авдаг. Сергей Лавровын Монголд хийсэн айлчлалаар шатахуун нийлүүлэх гэрээг 5 жилийн хугацаатай болгож, гол хэрэглээ болсон А92 бензиний үнийг ОХУ-ын дотоодын зах зээлийн ханшаар тооцож авах зэрэг тун нааштай тохиролцоо хийж, толгой дохиулаад гэрт нь хариулсан. Ц.Элбэгдорж Оросын үндэсний цөөнхийг эх орондоо хүлээж авахад бэлэн гэж мэдэгдсэний, түүнийг нь барууны хэвлэлүүд өлгөн авч цацсаны дараа ОХУ-ын тал дээрх тохиролцоонуудаас буцаж эхэлжээ. Энэ бол ноцтой, бас Монгол Улсад хохиролтой үр дагавар. Гадаад харилцаа бол ийм эмзэг. Үүнийг хамгийн сайн мэдэх хүнь экс Ерөнхийлөгч өөрөө. Хувийн нэр хүндээ өсгөх хэрэгцээ шаардлага байж болох ч улсаа хорлох үг, үйлдлийг гаргаж яавч болохгүй. 

Цахилгааны хомсдол үүсвэл угаасаа аваарын нөхцөлд ажиллаж байгаа цахилгаан станцууд хэрэглээг хангаж хүчрэхгүй. Хөхөө өвлийн хүйтнээр улсын нийслэлээсээ авахуулаад хөлдөх эрсдэл нүүрлэнэ. Шатахууны тухайд яриад ч илүүц. Үнийн хөөрөгдөл тэнгэрт гарч, 1990-ээд оны хязгаарлалтын горим руу шилжиж таарна. Монгол Улс бол мөнхий хоёр хөрштэй. Гэрээ ачаад нүүх боломжгүйгээс хойш энэ хоёр хөрштэйгөө эв зүйгээ ололцож, эрх тэгш харилцахад үе үеийн дипломатууд зүтгэж ирсэн. Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн гишүүн байсан хүн хөршийнхөө дотоод хэрэг рүү өнгөлзсөн үйлдэл хийсэнд ОХУ эмзэглэж, тийм болохоор УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нээлт дээр Ц.Элбэгдоржид сануулга өгчээ. 


Ц.Элбэгдоржид хандсан Г.Занданшатарын САНУУЛГА
2022-10-03 20:43:12
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0