Мягмар, 2024-11-26
Л.Оюун-Эрдэнэ: 2023 онд нийтийн тээврийн салбарыг цогцоор нь шинэчилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн салбарын шинэчлэлийг хэрхэн хийх талаар тус салбарынхантай “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазад уулзаж, “Тэнүүн огоо” компанийн авто баазын үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар  нар оролцов.

УИХ-ын чуулганаар 2023 оны төсвийг хэлэлцэж буй энэ үед Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа автозамын түгжрэл, тэр дундаа нийтийн тээврийн салбарт төрөөс хэрхэн анхаарч, ямар дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаатай биечлэн танилцаж, тус салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 17 аж ахуйн нэгжийн удирдлага, жолооч, ажилтнуудтай уулзаж санал, бодлыг нь сонсохыг чухалчилсан гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм.

Мөн Засгийн газраас ирэхонд Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанар, стандарт, хүний нөөцийн хомсдол зэрэг хүндрэлтэй асуудал бүрийг цогцоор нь шийдвэрлэж, шинэ түвшинд хүргэх томоохон зорилтыг дэвшүүлж байгааг танилцуулсан.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 105 чиглэлд 961 автобус өдөр тутамд 500 гаруй мянган иргэнд үйлчилж байна. Хүрэлцээ, хангамж дутагдалтай. Үйлчлүүлэгчдийн 47,4 хувь нь 500 төгрөгийн төлбөрөө төлдөг бол үлдсэн хэсэг нь өндөр настан, хүүхэд, оюутан, цагдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хөнгөлөлттэй буюу үнэ төлбөргүй зорчдог байна.

Өөрөөр хэлбэл, парк шинэчлэлээс гадна үнэ тарифын асуудал автобусны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэдэг. Сүүлийн үед хүний нөөцийн хомсдолд орсон. Нийтийн тээврийн салбарын хэмжээнд одоогийн байдлаар 560 жолооч дутагдалтай  байгаа.

Автобусны үйлчилгээг цахим төлбөрийн системд шилжүүлсэн нь сайн талтай боловч цагийн системийг хотын хэмжээнд зөвхөн “Улаанбаатар смарт карт” ХХК дангаараа хянаж байгаа нь буруу. Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ чөлөөлөх, тусгаарлах нэн шаардлагатай байгаа зэргийг нийтийн тээврийн салбарынхан илэрхийлж байлаа.


 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг олон улсын жишигт хүргэж сайжруулсны дараа түгжрэлийн эсрэг арга хэмжээ авах дараа дараагийн суурь нөхцөл бүрдэнэ. Иргэдийн 90 гаруй хувь нь нийтийн тээвэрт сэтгэл ханамжгүй гэсэн судалгаа байгаа бол үүнийг бууруулахын төлөө төр, хувийн хэвшил ирэх жил нягт хамтарч ажиллана гэсэн үг. Иргэд автобусанд тав тухтай зорчих боломжийг бид бүрдүүлж өгөх ёстой.

Нийтийн тээврийг өнгөрсөн хугацаанд төр засаг алаг цоог байдлаар дэмждэг байсан бол энэ удаа цогцоор нь шийднэ. Үүнд төр, засаг, иргэд, олон нийт, аж ахуйн нэгжүүд анхаарлаа хандуулж, үүрэг оролцоотой байвал түгжрэлийг бид бууруулж чадна. Тиймээс хамтарсан ажлын хэсэг гаргаж асуудал нэг бүрд тохирсон шийдлийг гаргах нь зөв” гэлээ.


Л.Оюун-Эрдэнэ: 2023 онд нийтийн тээврийн салбарыг цогцоор нь шинэчилнэ
2022-10-10 10:37:32
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0