Мягмар, 2024-11-26
Намрын чуулганаар хэлэлцэх онцлох гурван хуулийн төсөл

УИХ-ын намрын чуулган энэ сарын 3-нд нээлтээ хийлээ. Хаврын чуулган 75-аас доошгүй хоног хуралдах бөгөөд нийт 64 хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэнэ.

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нээлтийн үеэр эдийн засгийг яаралтай тогтворжуулах бодлогын хүрээнд дунд хугацаанд эдийн засгаа тэлж, ард иргэдийн амьжиргаа, аюулгүй байдал, улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бүтцийн таван суурь шинэчлэл-реформуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг онцолсон юм. Тэгвэл намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдээс тоймлон хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН 2023 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

Намрын чуулганаар заавал хэлэлцэн баталдаг Төсвийн тухай хууль болон түүнтэй холбогдох бусад хуулийн төслүүдийг дурдахгүй байхыг аргагүй.

Монгол Улс 2023 оны төсвийн төсөлд орлого 19.6 их наяд, зарлага 20.5 их наяд төгрөг хэмээн боловсруулжээ. Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газар ирэх 2023 оны төсвийн төслийг төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэн боловсруулсан. Мөн төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлогыг төсвийн хэмнэлтийн бодлоготой хоршуулан хэрэгжүүлэнэ гэж мэдэгдлээ.

Монгол Улсын 2023 оны төсвийн төслөөс онцолбол:

  • Эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас ихгүй түвшинд хүргэх боломж бүрдэнэ. 
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу хөшөө дурсгал, угтах хаалга, дэд, орлогч, зөвлөх албан тушаалтнуудыг бууруулсан, автомашины хэрэглээг хязгаарласан зэрэгтэй холбогдуулан нийт нэг их наяд төгрөг хэмнэнэ.
  • 2023 онд шинэ хөрөнгө оруулалт тусгахгүй, эхлүүлсэн төслүүдээ ашиглалтад оруулна. Ингэснээр он дамжсан төсвийн хөрөнгө оруулалт бүхий төслүүдийн 86 хувь дуусна.
  • Хөдөө аж ахуйн чиглэлийн боловсруулах үйлдвэрүүдэд 2027 он хүртэл гаалийн татвараас бүрэн чөлөөлнө.
  • Уул уурхайн салбараас бусад компани хөрөнгийн зах зээл дээр IPO гаргаж, нээлттэй компани болж буй тохиолдолд хувьцааны ногдол ашгийн татварыг 5 хувь болгон бууруулна.
  • Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг дэмжиж 10, 25 хувь байдаг татварыг тэглэнэ.
  • IT компаниудын гадаад руу хийж буй гүйлгээний суутгах шимтгэл 20 байдгийг 5 хувь бууруулна.
  • Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд шинэ автобусыг 2024 он хүртэл импортын гааль, НӨАТ-аас чөлөөлнө.
  • Гарааны компаниудыг эхний гурван жил татвараас чөлөөлдөг байсныг таван жил болгож нэмэгдүүлнэ.
  • Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгийн дагуул хот болох “Шинэ Зуунмод” хотын газар доорх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.
  • 2023 онд гадаадын зээл, тусламжаар Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Төв цэвэрлэх байгууламж, Мянганы сорилтын сангийн Улаанбаатар хотын ундны цэвэр усны үйлдвэр, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр зэрэг томоохон төслүүд хэрэгжинэ.
  • Төрийн  албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх,  хотоос орон нутагт шилжин суурьших явдлыг дэмжих зорилгоор орон нутгийн нэмэгдлийг хоёр дахин үүний 20 хүртэл хувийн нэмэгдэлд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс, үлдэх   80 хүртэл хувийн нэмэгдлийг орон нутаг шийдвэрлэх эрхийг олгоно.
  • Хүүхдэд олгох 100 мянган төгрөгийг бууруулахгүйгээр үргэлжлүүлэх, ингэхдээ өрхийн амьжиргааг харгалзан нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгоно.

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛ ЭНЭ САЛБАРТ РЕФОРМ ХИЙЖ ЧАДАХ УУ

Анхаарал татаж буй дараагийн хуулийн төсөл бол Боловсролын тухай багц хуулийн төсөл. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл гээд энэ салбартай холбоотой дөрвөн хуулийн төслийг энэ удаагийн чуулганаар хэлэлцэхээр товлоод буй.

Боловсролын чанар урт хугацааны үр дүнгээр хэмжигдэж гардаг учир багц хуулийн төслийг сүүлийн нэг жилийн хугацаанд нухацтай хэлэлцэж байж, батлахаар төлөвлөн, томоохон ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Мөн “Боловсролын багц хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг 21 аймагт зохион байгуулав.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хуулийн төслийн талаар ярихдаа, улс орны хөгжлийг дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээр бус хүний хөгжлийн индексээр хэмжих асуудал цаашдаа яригдана. Улс орныхоо өрсөлдөх чадварыг хөгжүүлэх, ядуурлаас гарах, ажилгүйдлийг бууруулах, баян хоосны ялгааг арилгая гэвэл боловсролын шинэчлэлийг хийх нь зайлшгүй. Боловсролын салбарт тогтолцооны шинэчлэл хийх нь улс орны аюулгүй байдлын асуудал гэдгийг онцолсон юм.

Тэгвэл дээр шинэчлэл, өөрчлөлтийг хийх хуулийн төслүүдийг энэ удаагийн чуулганаар хэлэлцэн батлахаар байгаа юм. Боловсролын тэгш бус байдал, дөрвөн жил тутамд өөрчлөгддөг хөтөлбөрүүд гээд асуудалтай бүгдийг нь шийдэх гарцыг хуулийн төсөлд тусгахыг онцолж байсан юм.

ГАЗРЫН БАГЦ ХУУЛЬ

Газрын багц хуульд Газрын ерөнхий хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Кадастрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулиуд багтаж байна.

Газрын тухай хууль 2002 онд батлагдан хэрэгжиж эхэлсэнээс хойш 20 жил өнгөрсөн бөгөөд бусад хууль батлагдсантай холбогдуулан Газрын тухай хуульд нийтдээ 32 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ.

Монгол Улсын нийт 60 гаруй хуульд газрын талаарх зохицуулалт, 200 орчим захиргааны хэм хэмжээний актаар мөн газрын харилцааг зохицуулж байгаа нь газрын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг бий болгож, иргэд, олон нийтэд ойлгомжгүй байдлыг үүсгэсэн, мөн нийгмийн шинэ харилцааг зохицуулах эрх зүйн орчин шаардлагатай болсон байна.

Тиймээс хуулийн төслийн зорилтоос эхлээд өнөөдөр энэхүү салбарт хэрэгцээ нь үүсэж, шаардагдаж байгаа зохицуулалтуудыг хуулийн төсөлд шинэчлэн болон шинээр тусгасан байна. Тухайлбал газрын нэгдсэн төлөвлөлтөөр дамжуулан салбар хоорондын уялдааг хангах, зорилтот бүлгийн иргэдэд амины орон сууц, гэр, хашаа барих зориулалтаар тэргүүн ээлжинд газар олгох, иргэн хуулийн этгээд газраа цахим биржээр нээлттэй эдийн засгийн эргэлтэд оруулах, өмчилж авсан газраа шилжүүлэх, худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглах, олон өмчлөгчтэй барилгын доорх газрыг өмчлөгч нарт нь дундын мэдлийн газрын эрхээр олгох, газрын маргаан таслах зөвлөлийг байгуулж, маргаан шийдвэрлэх үйл ажиллагааг түргэн, шуурхай болгох юм.

Мөн тус багц хуулийн төслөөр нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх, иргэн, хуулийн этгээдэд нөхөх олговор олгох эрх зүйн орчин бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байна.

НАМРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛҮҮД

1.Автотээврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
2.Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /1970 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Гаагийн конвенц/;
3.Ашигт малтмалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
4.Аялал жуулчлалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
5.Боловсролын багц хуулийн төсөл;
6."Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
7.Газрын багц хуулийн төсөл;
8.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
9.Геодези, зураг зүйн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
10.Даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
11.Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
12.Жолоочийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
13."Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
14.Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
15.""Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай"" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
16.Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;
17.Иргэний нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
18.Иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
19.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
20.Монгол Улсын Засгийн газрын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
21.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
22.Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхуулийн төсөл;
23.Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2023 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл;
24.Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
25.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
26.Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
27.Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл;
28.Ойн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
29.Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төсөл;
30.Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл;
31.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл;
32.Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;
33.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
34.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
35.Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтын тусгай журмын тухай хуулийн төсөл;
36."Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын
төсөл;
37.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
38.Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийн төсөл;
39.Тээврийн ерөнхий хуулийн төсөл;
40."Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
41."Улсын хилийн зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
42.""Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай" Улсын Их Хурлын 1998 оны 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
43.Ургамал хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
44.Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
45.Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;
46.Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
47.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
48."Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
49.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
50.Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төсөл;
51.Хөрөнгө оруулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
52.Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
53.Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
54.Хүний генетикийн тухай хуулийн төсөл;
55.Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
56.Цусны донорын тухай хуулийн төсөл;
57.Шинжлэх ухаан, технологийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
58.Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
59.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тухай хуулийн төсөл;
60.Эдийн засгийн сэргэлтийг дэмжих хөгжлийн төслийг санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх тухайхуулийн төсөл;
61.Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл;
62.Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл;
63.Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
64.Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.


Намрын чуулганаар хэлэлцэх онцлох гурван хуулийн төсөл
2022-10-10 10:39:05
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0