“Чингис хаан” хаад язгууртны музейг энэ сарын 11-ний өдөр албан ёсоор нээх” талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Соёлын дэд сайд М.Батбаяр, “Чингис хаан” хаад язгууртны музейн захирал С.Чулуун нар мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны долоодугаар сарын 3-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” хаад язгууртны музейг байгуулах шийдвэр гарч, музейн шавыг 2020 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар: 9 хөлт их цагаан тугийг музейд зална
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны долоодугаар сарын 3-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” хаад язгууртны музейг байгуулах шийдвэр гарч байсан. Энэ шийдвэрийн дагуу Монгол Улсын Засгийн газар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Чингис хаан” хаад язгууртны музейг богино хугацаанд барьж байгуулан үүд хаалгаа нээх гэж байна.
Маргааш 11.00 цагт буюу морин цагт “Чингис хаан” хаад язгууртны музейн нээлтийн ёслолыг хийхээр төлөвлөсөн. Нээлт нь Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жил буюу тэгш ойн жилтэй давхцаж байна. Маргаашийн нээлтийн ёслолын арга хэмжээний үеэр Төрийн есөн хөлт, цагаан тугийг музейд залах Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч байгаа.
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж Эзэн чингис хаан мэндэлсний 860 жилийн ойд зориулж Чингис хааны иш хөргийг дээдлэн залах зарлиг гаргасан. Зарлиг улсын хэмжээнд сайн хэрэгжиж байна.
Чингис хааны түүх бол Монголын төдийгүй дэлхийн түүхийн томоохон хэсэг гэж эрдэмтэн судлаачид үздэг. Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын талаар монголчуудын тогтоож байсан “Монголчуудын амар амгалан”-гийн талаар ихээхэн бичиж, судалж байгаа энэ цаг дор Чингис хааныхаа, хаад язгууртнуудынхаа музейг нээж олон түмэнд соёлын томоохон үзвэр нээж байгаа нь өндөр ач холбогдолтой юм.
Чингис хаан болон Монголын хаад язгууртнуудын түүхийг гэрчлэх музей нээгдэж байгаа нь сурталчлах, аялал жуулчлалыг татах, соён гэгээрлийг нэмэгдүүлэх томоохон арга хэмжээ гэж үзэж байгаа.
Соёлын дэд сайд М.Батбаяр: Музейн барилгыг ковидын цаг үед манай улсын мэргэжилтнүүд, Монголын уран барилгачид өөрсдөө барьж байгуулсан
Музей бол аливаа улс үндэстнүүдийн, ард түмний түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, бүртгэн баримтжуулах, судлан сурталчлах зориулалтай учраас олон улс орон музейг барьж байгуулдаг. Түүн дотроо сан хөмрөгийн бүрдүүлэлтийн бодлого, хадгалалт хамгаалалтын олон улсын стандарт, үйл ажиллагааны чиглэл нь төрийн онцгой анхаарал дор бий болж, бүрэлдэн тогтдог. Музей хүний хөгжлийн цогц орон зайг бүрдүүлдэг гэдгийг юун түрүүнд хэлмээр байна.
“Чингис хаан” хаад язгууртны музейг барьж байгуулах шийдвэр гурван жилийн өмнө гарч, цар тахлын амаргүй нөхцөл байдалд 1.6 жилийн дотор музейн барилгыг барьж, 2021 оны 9-р сарын 20-ны өдөр барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан. Түүнээс хойш үзүүллэг дэглэлтийн ажил өрнөсөөр өдгөө дуусаж байна.
Барилгын тухайд улсын төв цэгт байрладаг, 20500 м.кв талбайтай, 9 давхар музейн зориулалттай барилга. Барилгын нийт талбайн 40 хувийг үзүүллэгийн талбай эзэлж байгаа. 3-9 давхар хүртэл үзүүллэг болон сан хөмрөгийн талбайтай. Сан хөмрөг гэдэг нэн чухал учраас гал унтраах систем нь агаарыг вакамжуулах зэргээр үзмэр, эд өлгийн зүйлд ямар нэг гэмтэл учруулахгүй орчин үеийн системээр тоноглогдсон зэрэг олон давуу талтай барилга болсон.
Мөн нэг онцлог нь энэ барилгыг манай улсын мэргэжилтнүүд, Монголын уран барилгачид өөрсдөө барьж байгуулсан. Тухайлбал, нэрт архитектор Д.Балдан барилгын зураг төсөл дээр ажилласан. Барилга угсралтыг ч дотоодын мэргэжилтнүүд гүйцэтгэсэн. Барилгын дээд давхарт Их эзэн Чингис хааны хүндэтгэлийн танхим бий. Тэр танхимд 7 метр өндөр Чингис хааны алтадмал баримал бий болох юм. 28 метрийн диаметртэй, дундаа баганагүй том орон зайг бий болгож байгаа нь Монгол Улсад барилгын шинэ технологи нэвтэрч, бид өөрсдөө барьж байгуулж чадаж байгаагийн жишээ гэж хэлж болно.
Музейн барилгыг урлагийн бүтээлээр чимэглэсэн байгаа. 1950-иад оноос хойш Сүхбаатарын талбай тойрсон барилгуудыг аль болох үндэсний хээ хуараар чимэглэх ажил хийгдэж байсан бол сүүлийн 30-н жил уран бүтээлчдийг уран барилгын чиглэлийн ажилд оролцуулж байгаа. Үүний нэг жишээ нь “Чингис хаан” хаад язгууртны музей болох юм. 200 гаруй уран бүтээлч 5 багц ажлыг хийсэн. Жишээ нь, музейн хаалга дангаараа цогц урлагийн бүтээл болж байгаа. Эртний хаад язгууртнуудын түүхийг илэрхийлсэн дүрслэх урлагийн бүтээл, уран дарханы хийцийн бүтээлүүд шигтгэсэн. Монгол угсаатны овог, аймгуудын 748 тамгыг барилгын 2 талд байрлуулсан.
Энэ барилга бол Монголын уран барилгын түүхэнд, үндэстнүүдийн хамтаараа бий болгосон том хэмжээний бүтээн байгуулалт болсон.
Музей гэдэг соёлын өвийг хадгалан хамгаалах, үзүүлэхээс гадна боловсрол олгох, харилцаа холбоо үүсгэх, судлах зэрэг орон зайг бүрдүүлж байдаг. Монгол Улсын музейн салбар 100 гаруй жилийн түүхтэй ч бид өнгөрсөн хугацаанд “Чингис хаан” хаад язгууртны музей шиг стандартад нийцсэн музейтэй байгаагүй.
“Чингис хаан” хаад язгууртны музейн захирал С.Чулуун: Музей нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан, Ази тивд буй том хэмжээний музейд тооцогдоно.
Музейн үндсэн үзэл баримтлалыг тодорхойлох, үзэл баримтлалын дагуу үзүүлэг дэглэлтийг бүрдүүлэх, үзмэрээр музейг дэглэж зохион байгуулах гэсэн ажил хийгдэж дууссан. Нөгөө талаас музейн боловсон хүчнийг бүрдүүлэх, сан хөмрөгийг баяжуулах ажлууд үргэлжилж байна.
Музейн хамгийн гол онцлог бол Монгол нутагт анхны төрт улс байгуулагдсан Хүннү гүрнээс эхлээд 20-р зууны эхэн хүртэлх Чингис хааны угсааны алтан ургийн ноёд өнөөгийн Монгол Улсыг хэрхэн бидэнд үлдээж авчирсан тухай түүхийг бүрэн цогцоор нь харуулсан музей болсон. Музейд 11 мянга гаруй үзмэр, дурсгал тавигдаж байгаа. Улаанбаатар хотод байгаа музей, шинжлэх ухааны болон их, дээд сургуулийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа нийт дурсгалын 8 хувь нь дэлгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, музей хангалттай үзмэртэй, бүх цаг үеийн түүхийг, тэр дундаа язгууртнуудын түүхийг харуулсан дурсгал тавигдсан. 11 мянга дурсгал нь нийт үзмэр дэглэлтийн 93 хувийг хамарч байгаа. 93 хувь нь жинхэнэ үзмэр гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 10323 нь эх үзмэр, 637 буюу 5.2 хувь нь сэргээж босгосон үзмэр, дурсгал. Гадаадын 14 улсаас Монголын эзэнт гүрэн болон монголчуудтай холбогдох зайлшгүй шаардлагатай дурсгалуудыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр хуулбарлан авсан. Сүүлийн үед Ази тивд хэд хэдэн музей шинээр нээгдсэн. Тэдгээр музейн жинхэнэ үзмэр манай музейтэй харьцуулахад бага байгаа.
“Чингис хаан” хаад язгууртны музей нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан, Ази тивд буй том хэмжээний музейд тооцогдоно.
Я.Содбаатар: 9 хөлт их цагаан тугийг "Чингис хаан" музейд зална |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10