Мягмар, 2024-11-26
Тэтгэвэрт гарсан ч үндсэн цалин, нэмэгдэл хөлсийг тэтгэврийн хамт авч байгааг зогсооно

2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцлээ.

2023 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан нийт 101 хуулийн төсөл, УИХ-ын  тогтоолын  зургаан төсөл өргөн мэдүүлсэн юм.

Нэгдүгээрт, уул уурхайн төсөл, хөтөлбөрөөс орон нутгийн иргэдийн хүртэх эдийн засгийн өгөөжийг нэмэх, хандив тусламжийг холбогдох орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх, энэхүү хандив, тусламжийн гэрээ ил тод байх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилго бүхий Төсвийн тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

Хоёрдугаарт, төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох төрийн албанаас өндөр насны тэтгэвэрт гарсан боловч төрийн албан хаагч гэдэг статустайгаар албан тушаалын үндсэн цалин болон хуульд заасан бүх нэмэгдэл, хөлсийг тэтгэврийн хамт авч байгааг зогсоож, төрийн албанд тавигдах нийтлэг шаардлагад төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрч, төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байх гэснийг хангасан байх шалгуурыг нэмж тусгахаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

 

Төрийн албанаас өндөр насны тэтгэвэрт гарсан атлаа үргэлжлүүлэн албаа хашиж байгаа 5.1 мянган хүнд 72 тэрбум төгрөгийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлжээ.

Гуравдугаарт, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр тооцож, нийт хүүхдийн 91 хувьд үргэлжлүүлэн олгохтой холбогдуулан Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

Дөрөвдүгээрт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үнэт цаасны зах зээл, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх, бизнесийн орчныг дэмжих, зарим татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх, шаталсан татварын тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;

Тавдугаарт, мэргэжлийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллагууд болон улсын байцаагчдын чиг үүргийн давхардлыг арилгах, салбарын бодлого төлөвлөх, гаргах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилго бүхий Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай анхдагч хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан нийт 82 хуулийн төслийг боловсруулсан.

Түүнчлэн Засгийн газрын үнэт цаас, баталгаа гаргах эрх олгох, хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой болон Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдыг хоолны үйлчилгээнд хамруулах тухай заалтад холбогдох өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслүүдийг тус тус боловсруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан төрийн тусгай албанд ажиллаж байгаа хүмүүс 45, 50 насандаа тэтгэвэрт гаргадаг асуудалд холбогдох судалгаа, тооцоо хийсэн, эсэх уг асуудалд уян хатан хандах боломж бий эсэхийг лавлав.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариултдаа, Төрийн албаны тухай хуульд тэтгэврийн насанд хүрээд чөлөөндөө гарсан тохиолдолд үргэлжлүүлж ажиллах боломжгүй. Харин тухайн хүн өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгохгүйгээр үргэлжлүүлэн ажиллах нь нээлттэйг тодотгов.

Өнөөдрийн байдлаар төрийн албанаас өндөр насны тэтгэвэрт гарсан атлаа үргэлжлүүлэн албаа хашиж байгаа нийт 5.1 мянган хүн байна. Үүнд 72.9 тэрбум төгрөгийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. Иймд тэтгэврээ тогтоолгосон нөхцөлд төрийн албанаас чөлөөлөгдөхөөр холбогдох хуульд нь тусгаж өгсөн гэж байлаа.

Ингээд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг төсөл нэг бүрээр санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг тус тус дэмжсэн.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын  Их Хурлын гишүүн Г.Амартүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Тэтгэвэрт гарсан ч үндсэн цалин, нэмэгдэл хөлсийг тэтгэврийн хамт авч байгааг зогсооно
2022-10-12 09:21:29
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0