Мягмар, 2024-11-26
Канадын зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүнийг импортлох боломжтой гэв

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын Парламентын Сенатын тaнхимын дарга эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд МҮХАҮТ-д зочилжээ.

Зочид Канадын Засгийн газрын санхүүжилтээр, Азийн сангийн “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд МҮХАҮТ-ын байранд байгуулагдсан “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-тэй танилцлаа. Цаашид эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих, чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд 21 аймгийн салбар танхимыг түшиглэж дээрх төслийг орон нутагт үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд МҮХАҮТ хамтран ажиллахад бэлэн байгаагаа энэ үеэр илэрхийлэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Канад Улс нь манай улсын хувьд тэргүүлэгч хөрөнгө оруулагч орнуудын нэг гэдгийг уулзалтын эхэнд тэмдэглээд Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хөгжилд тодорхой, бодит дэмжлэг үзүүлж байгаад нь талархал илэрхийлсэн юм. МҮХАҮТ эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжихэд онцгойлон анхаарч ажиллаж, Улаанбаатар хот, 21 аймгийн 800 гаруй бизнес эрхлэгч эмэгтэй оролцсон чуулганыг энэ оны 8 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа зохион байгуулсан гэлээ.

Мөн Монгол Улсад бүртгэлтэй 147 мянга гаруй ААН-ээс 37 хувь буюу 54 мянга нь, Топ-100 аж ахуйн нэгжийн 24 нь, ЖДҮ-ийн хувьд 68 хувь нь тус тус эмэгтэй удирдлагатай байна. Тэд ихэвчлэн боловсруулах үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, зочид буудал, нийтийн хоол, тээвэр логистик, боловсрол зэрэг салбарт манлайлан ажиллаж байгааг танилцууллаа.

Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр тодорхой үр дүнд хүрч, эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буйд баяртай байгаагаа илэрхийлээд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагааны туршлагыг сайшаав. Уулзалтын үеэр хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх талаар Канад Улсын Парламентын Сенатын тaнхимын гишүүд саналаа илэрхийлсэн юм. Тухайлбал, худалдааны тэнцлийг хангах, Канадын зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүнийг импортлох боломжтой гэв.

Уулзалтын дараа “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” төслийн оролцогчдын төлөөлөл төслийн үр дүнгийн талаар танилцуулж, өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчиллаа.

Тус төслийн хүрээнд Инкубаторын хөтөлбөрт 2017 онд хамрагдаж төгссөн Д.Жаргалсүрэн цаасан дээрх санаагаа ажил болгон хэрэгжүүлэн эсгийн урлалын "JaSu" брэндийг бий болгосон маань Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвтэй холбоотой гэв. Тэрээр Нийслэл, дүүргийн ЖДҮДТөвөөс зарласан гарааны бизнесийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдэд амжилттай оролцож шагналт байруудад шалгарч байсны зэрэгцээ "Шарк танк" хөрөнгө оруулалтын шоу нэвтрүүлгээс 24 сая төгрөгийн хөрөнгө оруулалт татаж өөрийн бизнесийг өргөжүүлж чадсан туршлагаасаа ярилаа.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн Инкубатор хөтөлбөрт 2018 онд хамрагдаж төгссөн Б.Туяа нь бичил бизнесээс, экспортод гаргах хүртэл бүтээгдэхүүнээ хөгжүүлж чаджээ. Нийлүүлэлтээс үйлдвэрлэл хүртлээ органик стандартыг бүрдүүлэхийг зорьж, "Ногоодой" ногооны шүүс үйлдвэрлэлийг явуулж байна. Төвөөс явуулсан Хог хаядлын талаарх сургалтад хэд хэдэн удаа хамрагдаж, цаашид хаягдлаа 100% боловсруулахаар ажиллаж байгаагаа зочдод танилцуулав.

Уулзалтад Сенатын даргын гэргий Карен Фюри, Сенатын гишүүд, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катерин Ивкоф, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнэг болон МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, МҮХАҮТ-ын газрын дарга нар оролцов.


Канадын зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүнийг импортлох боломжтой гэв
2022-10-13 09:09:07
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0