Мягмар, 2024-11-26
Л.Оюун-Эрдэнэ: Нийтийн тээврийг евро стандарттай болгох хүрээнд Германтай хамтарна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж, хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлд хүргэхээр тохиролцлоо. Айлчлалын үр дүнгийн талаар Ерөнхий сайд мэдээлэл өглөө.

-Европ дахь анхны айлчлалаа ХБНГУ-аас эхлүүллээ. Айлчлалын зорилго биелсэн гэж үзэж байна уу?
-Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлоготой улс. Сүүлийн жилүүдэд цар тахал, дэлхийн геополитик хурцдаж буй цаг хугацаа тохиож байна. Энэ үед Монгол Улсын гадаад харилцаа идэвхтэй бөгөөд тэнцвэртэй байх ёстой. Энэ агуулгаараа бид ЕХ-ны гол түнш болсон Герман улсад албан ёсны айлчлал хийлээ. Эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр олон зүйлийн талаар санал солилцлоо.

2024 онд Монгол, Германы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. 50 жилийн ойгоо тэмдэглэх, шинэ 50 жилийг илүү бүтээлч байдлаар эхлүүлэх тал дээр Холбооны Канцлертай санал солилцлоо. Сэргээгдэх эрчим хүчний төслүүд тэр дундаа эрчим хүчний хараат байдлаас хэрхэн гарах энэ хүрээнд Тавантолгой цахилгаан станцын төсөл, Өмнийн говьд хэрэгжиж буй сэргээгдэх эрчим хүчний бусад төслүүдтэй холбоотой асуудлаар мөн санал солилцов. Их долоогийн хувьд эрчим хүчний томоохон төслүүд хэрэгжүүлэхээр болж буй. Энэ хүрээнд хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгийг ярилцсан.

 

Ирээдүйд дэлхий нийт цахилгаан машин руу шилжих нь. Энэ хүрээнд манай улс газрын ховор элементийг үйлдвэрлэдэг хэмжээнд очиж чадвал стратегийн хувьд гол тоглогч болох боломжтой. Энэ агуулгаар хоорондоо ярилцсан зүйлүүд бий.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд аж үйлдвэржилтийн бодлогоор Герман улстай хамтарч ажиллах ёстой гэж бодож байгаа. Эрчим хүч, Хот хөдөөгийн тэнцвэр хангах, Боомтын сэргэлт, мэдээлэл технологи, ойн инженер зэрэг салбарт Германы талтай хамтран үе шаттайгаар 1000 инженер бэлтгэх хэлэлцээрт хүрлээ. Энэ маш чухал. Эдийн засаг тэлэх тусам инженерүүдийн хомсдолд орох нөхцөл байдал үүсээд буй. Бидэнд 30 гаруй мянган инженер хэрэгтэй болно. Дээрх хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын ЗГ герман хэлний мэдлэг хангах түвшинд хариуцлага хүлээнэ. Хэлний тодорхой шалгуур хангасан тохиолдолд Германы ЗГ-ын тэтгэлгээр дээрх мэргэжилтнүүдийг шат дараатай бэлтгэх, дадлагажуулах хүрээнд том алхам хийлээ.

Аялал жуулчлалын салбарын тухайд 2023 оныг Монгол Улс зочлох жил болгон зарласан. Аялал жуулчлал бол манай эдийн засгийн төрөлжин хөгжих боломжтой гурав дахь том салбар. Нөгөө талаараа аялал жуулчлал эдийн засгийн том боломж гэхээсээ илүүтэй Монгол Улсын соёлын дархлаа, зөөлөн хүчний бодлоготой холбоотой. Энэ агуулгаараа 2023 онд Монгол Улс дэлхийд өөрийгөө сурталчлан таниулах жил болгон зарласан гэж ойлгож болно. Энэ хүрээнд Герман улстай хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд, ААН-үүдийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын уулзалтыг хөгжүүлэхээр ярилцаж тохиролцлоо.

Дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүрээнд ХБНГУ-ын Ерөнхийлөгч, Канцлер нарыг Монгол Улсад айлчлахыг урьсан. Айлчлалын үеэр хэд хэдэн бичиг баримтад гарын үсэг зурсны нэг нь нийтийн тээврийг шинэчлэх, евро стандартад оруулах асуудлаар байлаа.  Мөн тээвэртэй холбоотой хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр Монголд ирэх оны нэгдүгээр сард Германы Цахим шилжилт, зам тээврийн яамтай санамж бичигт гарын үсэг зурна. Энэ үеэр нийслэлийн нийтийн тээвэрт үнэлгээ хийнэ. Мөн Германы Засгийн газар авто замын түгжрэлтэй холбоотой асуудал дээр үнэлгээ хийнэ. Үүний дараа хамтарсан шийдэл гаргана. 2023 онд нийтийн тээврийн асуудалд анхаарал хандуулахаар болсон бөгөөд энэ хүрээнд евро стандарт буюу цахилгаан автобус руу орох боломжийг судалж буй. Евро стандарт мэдээж үнэтэй.Иймээс үнийн зөрүүн дээр Германы ЗГ-тай хамтарч ажиллахаар ярилцана.

 

Манай улсад газрын ховор элементийг ашиглаж байгаагүй. Маш өндөр технологи шаарддаг. Газрын ховор элементийг боловсруулах, хагас боловсруулах хүрээнд Герман улстай хамтарч ажиллах, тэр дундаа ААН-үүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх туйлын чухал.

Германы Эдийн засгийн, хөгжлийн сайдтай цаашид тууштай хамтарч ажиллахаар болсон. Энэ хүрээнд томоохон ААН-үүдтэй хамтарч ажиллах тохиролцоонд хүрлээ. Манай улс зурагдсан гэрээнээсээ өөр байдлаар ажилласан, хөрөнгө оруулагчдыг гомдоосон асуудал бий. Энэ агуулгаараа томоохон хөрөнгө оруулагчидтай Ерөнхий сайдын хувьд биечилж уулзаж, зарим нэг зүйл дээр тайлбар хийлээ. Ер нь цаашид бид гадны хөрөнгө оруулалтын орчинг эрх зүйн хувьд тогтвортой болгож хамгаалахгүй бол хэлсэндээ хүрдэггүй, байр суурь нь өөрчлөгддөг, тогтворгүй гэдэг дүр төрхийг сүүлийн 20 жил гадаад талдаа өгчихсөн. Үүнийг хамтдаа өөрчлөх зайлшгүй шаардлагатай.

2009 оноос хойш Засгийн газрын тэргүүн айлчилж байна. Цаашид айлчлалын давтамжийг нэмэх шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн.

-Герман улс эрчим хүчний дутагдалд орсон талаар Холбооны Канцлер өөрөө бас дурдлаа. Манай улс энэ асуудлаар Германтай хамтарч ажиллах ямар боломж байна вэ?
-Дэлхийд дөрөвт тооцогдох томоохон гүний уурхайг ирэх жил бид ашиглалтад оруулахтай холбогдуулан Зэс боловсруулах үйлдвэрийн хамтын ажиллагааны чиглэлээр Канцлер Шольц олон асуулт асууж, энэ талаар ярилцсан. Дэлхий нийт цахилгаанжиж байгаа энэ үед газрын ховор элемент өөрөө чухал ач холбогдолтой. Энэ бол стратегийн асар чухал бүтээгдэхүүн. Манай улсад газрын ховор элементийг ашиглаж байгаагүй. Маш өндөр технологи шаарддаг. Газрын ховор элементийг боловсруулах, хагас боловсруулах хүрээнд Герман улстай хамтарч ажиллах, тэр дундаа ААН-үүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх туйлын чухал.

Ирээдүйд дэлхий нийт цахилгаан машин руу шилжих нь. Энэ хүрээнд манай улс газрын ховор элементийг үйлдвэрлэдэг хэмжээнд очиж чадвал стратегийн хувьд гол тоглогч болох боломжтой. Энэ агуулгаар хоорондоо ярилцсан зүйлүүд бий. Ер нь монголчууд бид юм гуйхаасаа илүүтэй харилцан ашигтай хамтын ажиллагааны стратегийн түншлэл рүү орох нь хамгийн чухал. Энэ харилцан ашигтай хамтын ажиллагааны гол хоёр суурь нь Зэсийн үйлдвэрлэл, автомашиныг цахилгаанжуулахтай холбоотой хоёр чиглэл болж байна.

 

Геополитикийн зөрчилдөөнт байдлыг зөвшилцлийн ширээний ард сууж шийдэх хэрэгтэй гэсэн Монгол Улсын ЗГ-ын байр суурь хэвээрээ.

-Манай улс өөрөө бас эрчим хүчний хараат байдалд орсон. Хараат байдлаасаа гарахын тулд цахилгаан станцын төслүүдээ урагшлуулах шаардлагатай. Гэтэл Тавантолгой цахилгаан станц дээр ахиц гарахгүй байгаа шүү дээ.
-Ирэх жил эрчим хүчний 3-4 томоохон төсөл урагшилна. Үүн дотор Тавантолгой цахилгаан станцын төсөл багтаж буй. Ер нь ажиглавал манай ЗГ асуудалд илүү прагматик ханддаг. Хөдөлгөөд дундаас гацдаг биш, шинэ зүйл эхлүүлэх гэж яарах биш, өмнө нь гацсан төслүүдийн ТЭЗҮ-ийг дахиж нягтлах, өмнөх төслүүдийг урагшлуулах чиглэлд ажиллаж байна.

Энэ хүрээнд Тавантолгой цахилгаан станц төслийг ирэх жил эхлүүлнэ. Төслийг хөдлүүлэхдээ сэргээгдэх эрчим хүчтэй хосолсон байдлаар, санхүүжилтийн хувьд БНХАУ-тай эсвэл ЕХ болон Герман улстай түншлэх, аль эсвэл хөрөнгө оруулагч Рио Тинто компанитай хамтарч ажиллах гэсэн 2-3 хувилбар бий. Эдгээрээс хамгийн чанартай, урт настай хувилбарыг сонгоно. Тавантолгойн цахилгаан станц бол аж үйлдвэржилтийн хувьд чухал учир энэ төслийг хөдөлгөнө. Монгол Улс аливаа төсөлд гарын үсэг зурахаас өмнө сайн бодох хэрэгтэй. Хэрэв нэгэнтээ гарын үсэг зурсан бол байр сууриндаа хатуу зогсох хэрэгтэй. Тэгэхгүй бол хэдэн хүний эсэргүүцлийн дагуу зогсчихдог олон улсын төсөл гэж байж болохгүй. Тийм учраас бидний хувьд үсрэнгүй хөгжихийн тулд, ДНБ-ээ тэлэхийн тулд гадны хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай.

-Холбооны Канцлертай албан ёсны хэлэлцээ хийсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэр та Орос, Украинтай холбоотой асуудлаар дайныг зогсоох ёстой гэсэн утга бүхий үг хэллээ. Манай улс НҮБ-ын Ерөнхий ассамблейд түдгэлзсэн байр суурь нь өөрчлөгдөж байна гэж ойлгож болох уу?
-Монгол Улсын байр суурь хэвээрээ. Бид нар аль нэг талд орохгүй. Гэхдээ Монгол Улс энх тайвны төлөө байгаа. Албан ёсны хэлэлцээний дараа мэдээлэл өгөх үеэр хэлсэн асуудлын тухайд гэвэл энх тайвны, дипломат аргаар шийдэх уриалгыг дэвшүүлсэн. Владивостокт ОХУ-ын удирдлагуудтай уулзахдаа энэ байр сууриа илэрхийлсэн. Өнөөдөр Германы эрх баригчидтай уулзахдаа мөн адилхан зүйлийг хэллээ. Асуудлыг энх тайвны аргаар шийдэх нэг ч гэсэн хувийг ашиглах хэрэгтэй. Цөмийн зэвсэг дээр битгий тулаасай. Хүн төрөлхтөнд одоо байгаагаас том хохирол битгий учраасай. Геополитикийн зөрчилдөөнт байдлыг зөвшилцлийн ширээний ард сууж шийдэх хэрэгтэй гэсэн Монгол Улсын ЗГ-ын байр суурь хэвээрээ. Яагаад гэвэл үүнээс хожих нэг ч улс байхгүй. Хамгийн их хохирол хүлээх нь хөгжиж буй улс орнууд. 


Л.Оюун-Эрдэнэ: Нийтийн тээврийг евро стандарттай болгох хүрээнд Германтай хамтарна
2022-10-17 09:06:45
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0