Мягмар, 2024-11-26
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай болон дагалдах хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа. Тэрбээр, Олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн хямралт нөхцөл байдал 2024 он хүртэл үргэлжилнэ хэмээн төсөөлж байгаа энэ үед Засгийн газраас төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг хамгаалахад чиглэсэн мөнгөний хатуу бодлого болон төсвийн хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байна. Иймд Засгийн газар ирэх 2023 оны төсвийн бодлогыг төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, “Шинэ сэргэлтийн бодлого-ыг дэмжих, импортын дарамтыг сааруулах,  нөөцийн оновчтой хуваарилалтаар дамжуулан макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн дараах зорилтуудад чиглүүлж байна. Үүнд:

Нэгт, Төрийн хэмнэлтийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;

Хоёрт, Эрүүл мэнд, боловсролын салбарт эхлүүлсэн төрийн үйлчилгээний чанар, гүйцэтгэл, хүрэх үр дүнд чиглэсэн төсвийн санхүүжилтийн тогтолцооны шннэчлэлийг эрчимжүүлж, уг шинэчлэлийг бусад салбарт нэвтрүүлэх. Төрийн албаны цалин хөлсний тогтолцоог бүтээмжтэй нь уялдуулж шинэчлэх;

Гуравт, Өрийн удирдлагын стратегийг оновчтой хэрэгжүүлэх;

Дөрөвт, Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд нийгмийн хамгааллыг зорилтот бүлгүүдэд чиглүүлэх;

Тавд, Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангаж төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах, орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнес эрхлэлтийн таагай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн татварын бодлого хэрэгжүүлэх зэрэг болно.

Төсвийн тухай хуулийн төсөлд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг үргэлжлүүлэн олгохтой холбоотойгоор Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан билээ. Монгол Улсын 0-18 хүртэлх насны иргэнд олгох хүүхдийн мөнгөн тэтгэмжийг одоогийн түвшнээс нь бууруулахгүйгээр үргэлжлүүлэх, ингэхдээ төсвийн боломждоо тааруулан өндөр хэрэглээ бүхий, амьжиргааны түвшин өндөртэй өрхүүдэд энэ хөтөлбөрт хамрагдахгүй байхыг уриалж, төсвийг хэмнэлттэй, үр дүнтэй хуваарилах нь зүйтэй гэж үзэж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанаас үзэхэд өндөр хэрэглээтэй өрхүүд нийт өрхийн 9 хувийг эзэлж байх бөгөөд эдгээр өрхүүд хүүхдийн мөнгөнөөс татгалзсанаар Коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын үед орлого нь буурсан олон өрхүүд энэ хөтөлбөрт хамрагдах боломж нь нэмэгдэх юм.

Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих төсвийн бодлого хэрэгжсэний үр дүнд эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас ихгүй түвшинд барьж, Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт орлого 19.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 20.5 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 1.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьд хүрэхээр төсөөлж байна гэлээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх танилцуулав. Танилцуулгадаа, Улс орны гадаад, дотоод нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ цаг үед төсвийн болон мөнгөний бодлого, төсвийн зарлага тэлэх халамжийн бодлогын орон зайн зохистой харьцааг баримтлах оновчтой бодлого хэрэгжүүлэх замаар төсөв, санхүүгийн хямралт үеийг тогтворжуулах, даван туулах шаардлага тулгарч байна.

Төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт гаргахдаа төрийн аудитын стандартыг баримталж, төсвийн төсөл нь Монгол Улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэх, төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч УИХ-д гурван асуудлыг толилуулж, Засгийн газарт зургаан зөвлөмж өглөө.

Тус байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын 2023 оны урсгал зардлын төсвийн төсөл дараах байдалтай байна. Үүнд:

 
ТЕЗ-ийн нэр 2022 оны урсгал зардлын төсөв 2023 оны урсгал зардлын төсвийн төсөл Зөрүү
1 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 1.580,163.2 2,271.048.1 690,884.90
2 Эрүүл мэндийн сайд 903,349.7 1,094.428.1

191,078.40

 

Үндэсний аудитын газар нь аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн гаргасан дүгнэлтээс тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэсгийг мөн ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх танилцуулав.

Аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс болон аудитын дүнд үндэслэн,

1. Монгол Улсын 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 18,921.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.7 хувь, нийт зарлага 20,475.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.6 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 1,553.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьтай тэнцэж байгаа нь төсвийн тусгай шаардлагыг хангаж байна.

3. Төсвийн ерөнхийлөн захирагч нар тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хангахад чиглэсэн салбарын бодлогын тэргүүлэх чиглэлийг санхүүжүүлэх хэрэгцээг үнэлж, төсвийн төлөвлөлтийг дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдуулахгүй байна.

4. Төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын 2.7-д өөрчлөлт оруулах замаар орлогыг 192.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой байна.

5. Төсвийн төсөлд халамжийн зардлыг өмнөх онуудаас бууруулахгүй төсөвлөж байгаагаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого хэрэгжих нөхцөл бүрдэхгүй байна.

6. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өмнөх оноос шилжин хэрэгжиж буй төсөл, арга хэмжээг дуусгах чиглэлийг баримталсан нь хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих эхлэлийг тавьсан арга хэмжээ болсон байна. Гэвч улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж эхлээд дуусаагүй орхигдсон, үнийн өсөлт тооцуулж 2023 оны төсвийн төсөлд тусгаагүй, 2022 онд хэрэгжиж дуусах хугацаатай ч ажлын гүйцэтгэл нь бүрэн хангагдаагүй арга хэмжээ дараа жилүүдэд үргэлжлэхээр байна.

7. Төсвийн төсөлд тусгасан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг Төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2018 оны 295 дугаар тушаалаар баталсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг үнэлэх, сонгох, эрэмбэлэх үйл ажиллагааны журам болон аргачлалууд”-ын дагуу 16 шалгуур үзүүлэлтээр цахим системд төлөвлөн, эдийн засгийн болон нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлж төлөвлөсөн байна.

8. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, “Монгол Улсын 2021- 2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т 2023 онд улсын төсвөөр хэрэгжүүлэх нийт 20 төсөл, хөтөлбөрт 754.5 тэрбум төгрөг төсөвлөхөөс 12 төсөл, хөтөлбөрийн 356.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг төсвийн төсөлд тусгаагүй байна. Иймд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд төсөл, хөтөлбөрийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан дээрх хөтөлбөрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

9. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаагүй, судалгаа, туршилт тохируулга хийгээгүй, цахилгаан автобусны хэрэглээ, цэнэглэлт, цэнэглэх цэгүүдийн байршлыг оновчтой тодорхойлох, газар чөлөөлөх зэрэг нь тодорхойгүй байгаагаас хэрэгжилтэд эрсдэл үүсэхээр байна.

10. Улсын төсвийн санхүүжилтээр бэлтгэсэн зураг, төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлээгүйгээс хөрөнгийн зарцуулалт, үр дүнд хяналт хэрэгжүүлэх боломжгүй байгаа тул нэгдсэн хяналтыг бий болгох шаардлагатай байна хэмээн дүгнэжээ.  

Засгийн газарт Төсвийн ерөнхийлөн захирагч нар тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан зорилтыг хангахад чиглэсэн салбарын бодлогын тэргүүлэх чиглэлийг санхүүжүүлэх хэрэгцээг үнэлж, төсвийн төлөвлөлт, хэрэгжүүлэх хөтөлбөр, хүрэх үр дүнг дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт уялдуулах, Төсвийн хөрөнгөөр боловсруулсан барилга, байгууламжийн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийн мэдээллийн нэгдсэн цахим сан бүрдүүлж, төсвийн төлөвлөлтөд ил тод, нээлттэй ашиглах боломж бүрдүүлэх гэсэн зөвлөмж өгсөн байна.

Хуулийн төслийн танилцуулга болон аудитын дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинзориг, М.Оюунчимэг, Б.Бейсен, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж, Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дарга Г.Батдорж нарын албан тушаалтнууд хариулт өгөв. 

Гишүүд асуулт асууж, хариулт авснаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөв.  


Монгол Улсын 2023 оны төсвийн тухай болон дагалдах хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
2022-10-18 09:13:01
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0