Мягмар, 2024-11-26
Л.Оюун-Эрдэнэ: Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны авто зам барих төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон

 Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн цахим хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдааныг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян даргалсан юм.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдаанд оролцож үг хэллээ. Тэрбээр эхлээд, ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг цар тахлын болон олон улсын харилцааны ээдрээтэй байдлаас улбаатай эдийн засгийн амаргүй цаг үед амжилттай зохион байгуулж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянд баяр хүргэлээ. Мөн Энэтхэгийн баруун хэсгийн Гужарат мужид харамсалтай осол болж 130 гаруй хүний амь үрэгдсэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлэв. Монгол Улс 2004 онд ШХАБ-ын хамгийн анхны ажиглагч улсаар элссэнээс хойш тус байгууллагын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохыг эрмэлзсээр ирсэн гэдгийг тэмдэглэв.

 

ШХАБ-ын өнөөдрийн хуралдаан “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор”-ын чухал гарц, Ази-Европыг холбосон 745 км босоо тэнхлэгийн автозамыг ашиглалтад оруулсан өдөр болж буйд баяртай байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод  энэхүү тээврийн коридор нь БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өрөмч хотоос Монгол Улсын баруун бүсийн Ховд, Баян-Өлгий аймаг, Цагааннуур боомтоор дамжин ОХУ-ын Новосибирск хүртэлх нийт 4500 км автозамын холболтын хэсэг юм. Монгол Улс газарзүйн байрлалын давуу талаа ашиглан Ази, Европыг холбосон транзит коридороо байгуулж, бүс нутгийн экспорт, интеграцид хувь нэмрээ оруулж чадлаа гэж хэллээ. Мөн гурван улсыг холбосон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам барих төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон гэдгийг мэдэгдээд энэ асуудлаар БНХАУ болон ОХУ-ын удирдлагуудтай ойрын хугацаанд уулзаж ярилцах хүсэлтээ илэрхийллээ. 

Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд буюу 2030 он гэхэд боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмж зэрэг зургаан багц зорилт бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж байна. Тус бодлогыг хөрш ОХУ, БНХАУ-ын хөгжлийн бодлого төлөвлөлт болон бүс нутгийн улс орнуудын зорилттой уялдуулж боловсруулсан. Энэ бодлого бол олон улсын аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоо, бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаанд тулгуурласан харилцан ашигтай түншлэлийн цогц хөтөлбөр юм. 

 

Монгол Улсын Засгийн газар боомтын дэд бүтэц, тээвэр логистикийн бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлэхэд бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн харилцан ашигтай төслүүдэд хуралдаанд оролцсон гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарыг хамтран ажиллахыг урилаа.


Л.Оюун-Эрдэнэ: Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны авто зам барих төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон
2022-11-02 21:41:09
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0