УИХ-ын гишүүн Г.Ганболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр УИХ-ын /Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох/ хянан шалгах түр хорооны даргаар ажиллаж буй юм. Өнгөрөгч өдрүүдэд нүүрсний хулгайн асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Тиймээс нүүрсний хулгайн талаар ярилцсанаа хүргэе.
-Та УИХ-ын хянан шалгах түр хороог ахалж байгаа. Сүүлийн үед Засгийн газрын сайд нар, УИХ-ын гишүүд нүүрсний хулгайг цэгцлэхийн тулд оффтейк гэрээг ил болгох тухай ярьж байна. Энэ чиглэлээр түр хороо ямар ажлууд хийж байна вэ. Нүүрсний хулгайг илрүүлэхэд түр ямар оролцоотой ажиллах вэ?
-УИХ 2021 онд УИХ-ын Хяналт шалгалтын тухай хууль баталсан. Энэ хуулийн дагуу нийгмийн өмнө тулгамдаж буй, нийгэмд ил болсон ч шийдэгддэгүй асуудлууд дээр шийдвэр гаргахаар түр хороо байгуулж байгаа. Зорилго нь хил гаальд үүсч буй хүндрэл бэрхшээлийг тогтоох, үүрэг чиглэл өгөх үүрэг бүхий түр хороо байгуулсан. Түр хорооны ажиллах чиглэлийг УИХ-аас баталж өгсөн. Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг олон хүн нийгэмд ярьж байна. Жишээлбэл, С.Бямбацогт гишүүн чуулганы хуралдаанд хоёр сая тонн нүүрс хулгайд алдагдсан тухай шүгэл үлээсэн. Мөн өмнөх парламентад Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн асан Л.Энхболд нүүрс хулгайд алдагдсан талаар ярьж байсан. Иймд, бидний ажлын нэг чиглэл нь нүүрсний хулгай юм. Үүнтэй холбогдуулан бид олон газраас мэдээлэл авч байна. УИХ-ын хянан шалгах хуулийн дагуу шинжээч, хянан шалгагч нар томилогдсон. Хянан шалгагч нар мэдээлэл цуглуулж байна. Энэ хүрээнд нүүрс хулгайд алдагдсан талаар олон мэдээлэл ирж байна. Үүнээс гадна, нүүрсний үнийн зөрүү, нүүрсний тээврийн үнэ, бөмбөлөг тээвэртэй холбоотой асуудлаар гомдол санал их байна. Хянан шалгалтын хүрээнд Гаалийн ерөнхий газраас дотоод шалгалтаар илрүүлсэн шалгалтын дүнг сонслоо. 2013 онд 380 гаруй мянган тонн нүүрс алдагдсаныг тогтоосон талаар мэдээлсэн. 2018 онд 890 орчим мянган тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан байх магадлалтай.
2022 оны шалгалтын дүнгээр давхардсан тоогоор 22 мянга 600 авто машин гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гаргасан байх магадлалтай байна. Тиймээс манай түр хорооноос нүүрс хулгайд алдагдсаныг тогтоохоор нотлох баримт цуглуулж, зарим хүмүүсийг гэрчээр дуудаж асууж байна.
-Нүүрсний хулгайн асуудлаар нотлох баримт цуглуулж буй юм байна. Үүнтэй холбоотой улстөрчдийн нэрсийг зарлах боломжтой юу?
-Миний хувьд үнэхээр нүүрс хулгайд алдагдсан эсэхийг хэлэхэд эрт байна. Яагаад гэхээр шалгалт явагдаж байгаа учраас тэр юм. 2013 оны шалгалтын дүнгээр маш олон зөрчлийг ГЕГ дотоод шалгалт хийж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн ч хэрэгсэхгүй болгосон юм билээ.
Тиймээс 2018 оны Гаалийн дотоод шалгалтаар илэрсэн гэмт хэргийн шинжтэй байж магадгүй мэдээллийг цагдаа, АТГ, хуулийн байгууллагад одоогоор шалгагдаад явж байна.
Ямар шатандаа явааг мэдэхгүй байна. Тиймээс УИХ-ын түр хорооны үндсэн зорилго нь нийгэмд яригдаад буй энэ зүйлсийг ил гаргана. Хоёрдугаарт, хянан шалгалтаар мэдээлэл цуглуулж, нотлох баримтаар цугларсан мэдээлэлд шинжээчийн дүгнэлт гаргана. Дараа нь нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Мөн ард түмний дунд нээлттэйгээр УИХ-ын гишүүд, иргэдийн оролцоотойгоор мэдээлэл өгч буй хүмүүсийг дуудаж байцаана. Хэргийн явцын талаар иргэдийн өмнө нээлттэй мэдээлэл тавиулна. Тэрний дараа УИХ-д дүнгээ танилцуулна. Тиймээс зарим зайлшгүй тодруулах ёстой зүйл байгаа. Үнэхээр 22 мянга 600 авто машин нүүрс хулгайд алдсан бол ноцтой асуудал.
"НҮҮРС ТЭЭВЭРТ ЯВАХЫН ТУЛД АВЛИГА ӨГӨХ, ПСР ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ ЗОХИОМЛООР ЭЕРЭГ ГАРГАДАГ АСУУДАЛ Ч БИЙ"
-Х.Нямбаатар сайд нүүрсний хулгайн хэргүүд удахгүй шүүхэд шилжихийг мэдээлсэн. Нүүрсний хулгайн асуудалд улстөрчийн оролцоо байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?
-Ер нь хэрэг болгоны ард улстөрчдийн нэр байдаг. Гэхдээ үүнийг тогтоох ёстой. Жишээ нь Гашуунсухайтын хилээр өдөр бүр гардаг машин байна. Түр хороон дээр хэлж байгаагаар “Чалко” компанийн хүсэлтээр, Хятадын компаниуд төрийн өмчит компаниуд “манай машиныг өдөр бүр гаргаад өгөөч ээ” гэдэг хүсэлтийг албан ёсоор тавиагүй байх гэж ойлгож байна. Үнэхээр “Чалко” компанитай холбоотой байна уу эсвэл ямар нэгэн улстөрчидтэй холбоотой байна уу гэдгийг тогтоох үүрэг чиглэлтэй. Өөр төмөр замын асуудал зэрэг зөндөө асуудал байна. Үүнийг л тогтоож, өмнөх илрүүлсэн хэргийг нээлттэй шийдэх хэрэгтэй. Ингэснээр цаашид хулгай гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Нүүрс тээвэрт бөмбөлөгийн зохицуулалтад орохын тулд шат шатанд авлига байна. Бөмбөлөг гэдэг нь тусдаа хамгаалалттай байшин барьчхаад тэндээс гаргахгүй, оруулахгүй зөвхөн тээвэрт явахад нь гаргадаг хэлбэр юм. Бөмбөлөгт орсон хүмүүсийн ПСР шинжилгээг эерэг, сөрөг гаргадаг асуудлууд ч бий. Түүнээс болоод иргэд олон төрлийн нэр өгчихсөн байна. Жишээ нь ган бөмбөлөг гэдэг нь ерөөсөө задардаггүй, ПСР шинжилгээгээр covid-19 илэрдэггүй, байнгын байж байдаг учраас тэгээд нэрлэчихсэн. Хөөсөн бөмбөлөг гэдэг нь хэд хоног covid-19 гарахад хаагдчихдаг гэх мэт. Нөгөө талдаа бөмбөлөг гэдэг зүйл байх шаардлага байна уу, үгүй юу. Бөмбөлөг үүснэ гэдэг нь тэнд маш олон компаниудын кемп байгуулна. Бөмбөлөгт орохын тулд жолооч нар мөнгө өгч орно. Тээврийн рейс бүртээ тухайн компанид мөнгө төлнө. Тиймээс бөмбөлөг байгуулсан хүмүүс мөнгө олдог асуудал бий. Одоогоор, 300 гаруй бөмбөлөг байхад шинээр бөмбөлөг байгуулна гээд дахиад хүсэлт өгсөн хүмүүс байх жишээтэй. Энэ мэтчилэн цэгцлэх зорилготой.
-“Эрдэнэс Таванттолгой”-ХХК-д онцгой дэглэм тогтоож цаашилбал, нүүрсний оффтейк гэрээг ил болгох нь зөв үү. Энэ асуудлаар Хятадын талтай хэрхэн тохиролцох вэ?
-Нүүрсний оффтейк гэрээг нууцын тухай хуулиар зохицуулсан. Гэхдээ УИХ-аас нууц байна гэдэг нь боломжгүй зүйл гэж үзэж байгаа. Хянан шалгах түр хороо нууцын зэрэгтэй бүх материалтай танилцах эрхтэй. Энэ хүрээнд Эрдэнэс Тавантолгой ХКК-ийн БЭТ-д хүсэлтээ хүргүүлж буй. Нууцын хэдэн гэрээ байгаа, ямар нөхцөлтэй гэрээ байгаа вэ гэдгийг мэдэх шаардлага бий. Тэгэхгүй бол баахан нүүрс зардаг, гэтэл орж ирж буй мөнгө юу ч байхгүй байна. Төлбөрийг нь урьдчилаад зарсан нүүрс, төмөр замын бүтээн байгуулалтад өгсөн нүүрс гэхчлэн орж ирж буй валют байхгүй учраас түүнийг ил болгохоос өөр гарцгүй. Үүнийг ч Засгийн газар шаардаж байгаа юм билээ. Ямарваа нэг нууц болох тусмаа нийгэмд хардалт төрүүлдэг. Тиймээс ил болгох тал дээр Засгийн газар онцгой анхаарч байгаа.
Саяхан түр хорооны хуралд Засгийн газраас томилогдсон БЭТ нууцын гэрээг ил болгоно, зарим маш нууцын зэрэглэлтэй гэрээг ил болгох асуудлыг ярилцана гэж байна лээ.
-Эцэст нь дүгнэхэд, нүүрсний хулгайд нэр холбогдсон хүмүүсийг нэрлэхэд эрт байна гэж ойлголоо?
-Одоохондоо нэр дурдах арай болоогүй байна. Нотлох баримт цуглуулж, гэрчийг дуудаж асууж байна. Яг нарийндаа түр хороо АТГ, Эрүүгийн цагдаагийн газрын шалгаж буй хэргүүд рүү орох боломжгүй. Гэхдээ мэдээж хуулийн хүрээнд нотлох баримтыг цуглуулах гэж оролдож байна. Хятадын талаас бүх хил боомтуудаас гарч буй нүүрсний мэдээллийг, Монголын мэдээлэлтэй тулгах юм бол тодорхой болгоно. Хэрэвзээ энийг өгөхгүй бол бид өөрсдөө Гадаад харилцааны яамаар дамжуулж Хятадын Элчин сайдын яаманд хүсэлт тавина.
"Энэ онд 22 мянган машин нүүрс хулгайд алдагдсан байх магадлалтай" |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10