Мягмар, 2024-11-26
Ж.Сүхбаатар: Замын хөдөлгөөний танхайралтай тэмцэх нөхцөл бүрдэж байна

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар түгжрэлийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Сайд Ж.Сүхбаатар:

"Түгжрэлийг богино хугацаанд шийдэж болох байсан бол тусгай үүргийн сайд гаргахгүй байсан. Түгжрэлийн эсрэг ЗГ бүтцээрээ ажиллаж байсан. 

Одоо нийт өрхийн 55 хувь нь хувийн машинтай явж байна. 150 км гол шугаман замтай. Хотын замын урт 1300 км хүрэхгүй. 700 мянган машин бүртгэлтэй. Өдөр тутамд 420-430 мянган машин явж байна. Нөхцөл байдлаа ойлгох хэрэгтэй байна. 

Нийтийн тээвэр чухал гэсэн асуудлыг тавья гэсэн. Замын хөдөлгөөнд танхайрал ноёрхож байна. Даатгалаа төлдөггүй, торгуулиа төлдөггүй байдал хэт хавтгайрсан байдал замын хөдөлгөөний түгжрэлд нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, иргэн А, Б хоёрын осол, дарга нарын цуваа, бусад нөхцөл байдал түгжрэлд нөлөөлж байна. 

Саяны түгжрэлд зарим нь 5-6 цаг, би гурван цаг түгжирсэн. Ямар нэгэн арга хэмжээ аваач гэж байна. Гэхдээ ойр зуур түргэн зохицуулалт хийгээд болдог байсан бол надаас өмнө хийх байсан. Миний хувьд дараачийн жилүүдэд, тэрний дараагийн жилүүдэд бидэнд сонголттой тээврийн хэрэгсэл, амьсгаа авдаг коридорууд байх уу, үгүй юу гэдэг асуудал тулгарч байна.

Ойрын үед богино хугацаанд юу хийх боломжтой вэ гэдэг асуултад би хариулаад байгаа. Бид үнэнийг ярих ёстой. Хүмүүс уурлаж л байна. Өнөөдрийн байдлаар бид өнгөрсөн хугацаанд дугаарын хязгаарлалтыг л хийж ирсэн. Зам дээр байгаа машины тоо хэт олон болчихоод байна. Харин чи ямар нэг байдлаар 420 мянган машиныг зам дээр багтаах арга зам бодож ол гэж шаардаж байгаад "Боломжтой" гэж хэлэх ямар ч боломжгүй.

 

 

Өнөөдрийн байдлаар торгуулаад байгаа машины торгуулийг нь төлүүлдэг механизм байхгүй. Уг нь тусдаа асуудал хэрнээ торгуулийг яаж төлүүлэх вэ гэдэг асуудлыг хүртэл хөөцөлдөж байна. Тусдаа цагдаа, ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудал. Зам дээр явж байгаа машинуудыг камераар бичээд хянаад торгоод байгаа боловч уулзвар болгон дээр хянаж, зогсоох, бүртгэх боломж байхгүй байсан. Одоо бүрдэж байна. Хотын даргын сүүлийн хоёр жил ажилласан үр дүн дээр машинууд дээр уншигч суулгаад ирэхээр хэрэгжих боломжтой. Энэ танхайралтай ингэж тэмцэх, цөөлөх буюу захиргааны албадлага хэрэглэх нөхцөл нэг талдаа үүсэж байна.

Бас нэг нь төрийн байгууллагууд, ААН-үүд өөрсдөө санаачилгатай ажиллах асуудал. Хөдөлмөрийн хуулийн хүрээнд хүүхдээ хүргэж өгдөг ажилтнууддаа цагийн уян хатан системийг ашиглах бололцоо байгаа. Зарим нь төрийн байгууллагууд зогсоол болон машинтайгаа холбоотой асуудалд өөрсдөө зохицуулалт хийх шаардлагатай. Би энэ асуудалд өөрийн эрх үүргийн хүрээнд зөвлөмж гаргана. Энэ зөвлөмжөө гаргаад ААН, төрийн байгууллагууд руу гаргана гэж бодож байна. Ийм сайн дураараа хэдүүлээ өөрчлөлт оруулбал ахиц гардгийг бид харсан.

Ес, аравдугаар сард дугаарын хязгаарлалтын дараа түгжрэл гайгүй байгаа юм шиг байсан. Гэтэл машины тоо хэвээрээ байсан шүү дээ. Яагаад гайгүй байсан гэхээр хүмүүс өөрсдөө хичээсэн. Хүмүүс өөрсдөө хувь нэмрээ оруулах ёстой гээд анхны алхмуудыг хийсэн. Хичээсэн үр дүн харагдсан.

Харин өвлийн улиралд хүйтнээс хоргодох, тухгүй автобусанд явахгүй гээд машинд сууж байна. Энэ нь төрийн юм уу нэг даргаас шалтгаалж шийдэгдэхгүй байна. Улс орнууд мөнгөтэй бол метро бариад, богино хугацааны зохицуулалт хийгээд явж байна. Бид өөрсдөө хичээгээд бас явцгаая. Нөгөө талаас тодорхой хэмжээний захиргааны зохицуулалт хийе" гэлээ.


Ж.Сүхбаатар: Замын хөдөлгөөний танхайралтай тэмцэх нөхцөл бүрдэж байна
2022-11-22 09:01:52
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0