УИХ өнгөрсөн хаврын ээлжит чуулганаараа Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Уг хууль 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдээлэл хийлээ.
УИХ-ын дарга мэдээллийнхээ эхэнд, Монгол Улс архины хэрэглээгээрээ дэлхийд өндөр түвшинд орж буй улсуудын нэг. Архины хэрэглээ жил ирэх тусам өсөн нэмэгдсээр байгаа нь архи, согтууруулах ундаанаас үүдэлтэй өвчин эмгэг, зуурдаар нас баралтыг ихэсгэж байна. Энэ үзүүлэлтээрээ дэлхийн дундаж түвшнээс хоёр дахин их байгаа зэрэг нь хуулийг шинэчлэн найруулж батлах гол шалтгаан болсыг онцлон тэмдэглэв.
Тэрбээр, “Хуулийн үзэл санаа нь хэрэглэгчдэд аюулгүй баталгаатай бүтээгдэхүүнийг хүргэх, согтууруулах ундааг зөв зохистой, тогтсон стандарттай үйлчилгээний газар хэрэглэх соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн. Архи, согтууруулах ундааг хориглоод дорвитой үр дүн гардаггүй. Тиймээс зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь чухал. Мөн хүний эрүүл мэндэд илүү хор хөнөөлтэй, хатуулаг ихтэй архи, ундааны хэрэглээг аажмаар багасгах бодлого баримталсан. Хүний эрүүл мэнд, өвчлөл болон архинд донтох асуудал өндөр градустай архины хэрэглээтэй холбоотой” гэж байлаа.
Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж шахсаны улмаас тухайн хүн бусдад учруулсан гэм хор учруулсан нөхцөлд хариуцлагыг нь согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээд хамтдаа хүлээхээр болсныг УИХ-ын дарга тодотгохын зэрэгцээ зөв соёлтой хэрэглээг дэмжих, согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэй эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах орчныг бүрдүүлэх зорилгоор согтууруулах ундаагаар үйлчилж буй газрууд бүгд зориулалтын танхимтай байж, халуун, хүйтэн зуушаар үйлчилдэг байх шаардлагыг оруулсан гэж байлаа. Түүнчлэн оройн цагаар согтууруулах ундаагаар үйлчлэх бар, цэнгээний газар ундны усаар үнэгүй үйлчлэх шинэ зохицуулалтыг тусгасан гэж байв.
Ташрамд дурдахад, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад согтууруулах ундааг үйлдвэрлэл, импортоос эцсийн хэрэглэгч хүртэл бүртгэл, мэдээллийн сантай болгосноор хэрэглэгчид аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн хүргэх боломж бүрдэнэ гэж үзжээ. Мөн тусгай зөвшөөрлийг хяналттай болгож, үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг зөвхөн дуудлага худалдаагаар олгох төдийгүй хууль зөрчвөл тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тусгасан байна. Хуульд согтууруулах ундааны хатуулгийг 2 градусын ялгамжтайгаар тус бүр 10 шатлалт ангиллтай болгосон төдийгүй 1 литр тутмаас авах онцгой татварын хэмжээг 2023-2025, 2025-2027, 2027-2029, 2029 оноос хойш гэсэн дөрвөн үе шаттайгаар өсөн нэмэгдүүлэхээр зохицуулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Г.Занданшатар: Архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь чухал |
2024-11-25 16:29:18
2024-11-25 16:28:54
2024-11-25 16:26:37
2024-11-25 16:26:11
2024-11-25 16:25:52
2024-11-25 16:25:30
2024-11-25 16:25:09
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10