Даваа, 2024-11-25
С.Эрдэнэ: Жагсаж байгаа нэрийн дор тодорхой бүлэг зорилготойгоор үймүүлж байгаа асуудлыг өөхшүүлж болохгүй

Ардчилсан Намаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, нүүрсний хулгайтай холбоотой хэргийг анхааралтай ажиглаж байна хэмээн мэдэгдэв.

Энэ тухай тус намын дарга С.Эрдэнэ "Ардчилсан Нам нүүрсний хулгайтай холбоотой нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдлыг анхааралтай ажиллаж, холбогдох мэдээллийг цуглуулж, анализ дүгнэлт хийж байна.

Үүнээс үүдэн Ардчилсан Нам албан ёсны байр сууриа илэрхийлэх шаардлагатай гэж үзэж байна. Тодруулбал, нэгдүгээрт нүүрсний хулгайтай холбоотой гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудыг нам харгалзахгүйгээр шударгаар шалгаж, гэм бурууг нь тогтоон хуулийн хариуцлага хүлээлгэх, улсад учирсан хохирлыг яаралтай нөхөн төлүүлэхийг эрх баригчид, хууль хяналтын байгууллагуудаас албан ёсоор шаардаж байна.

Мөн эрх баригчдын зүгээс хууль бус үйл ажиллагаа хэрээс хэтэрч, иргэдийг бухимдуулж байгаа хүчин зүйл нь УИХ дахь сөрөг хүчин буюу Ардчилсан Намын бүлгийг хүчгүй болгон тоглоомын бүлэг байгуулсан явдал гэж үзэж байгааг хэлье.

УИХ-ын дарга Д.Занданшатар тэргүүтэй эрх баригчид Ардчилсан Намын гишүүд болон тус намыг дэмжигч иргэдийн ашиг сонирхлыг зөрчин намын дотоод асуудалд хувийн болон улс төрийн ашиг сонирхлоор хандаж, Үндсэн хууль наймаалцах замаар Монгол Улсын УИХ-ын тухай хуулийн 31 зүйлд хүчээр нэмэлт өөрчлөлт оруулан УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн даргыг хуйвалдааны аргаар өөрчлөх оролдлогыг хийж ирсэн.

Иймд дээрх хуулийн 31 зүйлийн 12 дахь заалт нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасны дагуу өнгөрсөн есдүгээр сарын 12-ны өдрийн Үндсэн хуулийн Цэцээс гаргасан тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн болохыг бид өмнө нь мэдээлж байв.

Нэгэнт Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүний тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүссэн тул цаашид хэрхэн шийдвэрлэхийг бид ажиглаж байгаа.

Уг нь УИХ-ын тухай хуулийн 31.11 дүгээр зүйлд УИХ-ын гишүүд хамтран УИХ дахь нам эвслийн бүлгээс өөр зохион байгуулалтын аливаа хэлбэр үүсгэхийг хориглох хуулийн заалт бий. Иймд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл болон бусад нэр бүхий гишүүд нь УИХ дахь Ардчилсан Намын гишүүдийг төлөөлөх эрх зүйн чадамжгүй болохыг дахин албан ёсоор хэлье” гэв.

"Зэс, төмөр, хүдэр, алт зэрэг ашигт малтмал дээр хийгдэж байгаа гэрээний асуудалд ажлын хэсэг гаргасан"

Үргэлжлүүлэн "Өнөөдөр ганцхан нүүрсний луйвар булхайн асуудал яригдаж байгаа. Гэхдээ үүний цаана маш олон уул уурхайн гаралтай түүхий эд материалын луйврын асуудал явж байгааг бид харж байгаа.

Ардчилсан Нам нийгэмд үүсэж байгаа аливаа луйвар булхай бүрийг ажигласаар ирсэн.

Бид энэ удаа зэс, төмөр, хүдэр, алт зэрэг уул уурхайн бусад баялаг, ашигт малтмалын төрлүүд дээр хийгдэж байгаа луйвар, гэрээ контрактын асуудалд ажлын хэсэг гарган ажиллаж байгаа гэдгийг мэдэгдье.

Ер нь Монгол Улсын газрын хэвлийд байгаа байгалийн ашигт малтмалуудыг ашиглах, олборлох тухай урт болон богино хугацааны гэрээ хэлцэл хийх зэрэг асуудалд эрх баригчид маш хариуцлагагүй хандаж ирсэн. Тиймээс ч Ардчилсан Намаас гэмт хэрэг үйлдсэн бол тухайн хүн аль намын гишүүн байхаас үл хамааран төрийн өндөр албан тушаал хашиж байгаа этгээдүүд ялангуяа төрийн өмнө хуулийн хариуцлагыг шударгаар хүлээлгэдэг байх, гэм буруутай эсэхээ шалгуулж тогтоолгосны дараа төрийн албан үйл хэрэгт оролцдог байх гээд олон асуудлуудыг тавьж байгаа.

Нам эвслүүд талцаж, өөр өөрсдийн харьяаллын гишүүдийг гэмт хэрэг, аливаа үйлдлээс хамгаалах гэж ил болон далд янз бүрийн хэлбэрээр оролдож байгааг Ардчилсан Нам эрс буруутгаж байна.

Төрийн албан тушаалтан төрд өргөсөн тангаргаасаа няцаж, төрийн эсрэг, хуулийн эсрэг аливаа үйлдэл хийсэн байвал түүнийгээ шалгуулж тогтоолгодог эсвэл гэм буруутай эсэхээ шүүлгэдэг байх ёстой. Өөрөөр хэлбэл, янз бүрийн мэдэгдэл, тайлбар хийх бус хууль хяналтын байгууллагын шалгаж нотолсон эрх зүйн баримтад тулгуурлаж байр сууриа илэрхийлдэг байх ёстой.

Мөн хэн нэгний гэм буруутай эсэх асуудлыг шүүх, хуулийн байгууллага эцэслэн тогтооно. Түүнээс хэн нэгэн энэ буруутай, хулгайч гэж цоллохыг хуулиар хориглосон байдаг.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн гэм буруутай нь тогтоогдоогүй байхад нүүрсний хулгайч гэж цоллох нь хууль бус ажиллагаа” гэв.

Үргэлжлүүлэн АН-ын дарга С.Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулав.

"Иргэдийн жагсаалыг ашиглах гэсэн бүлэг, хэсгүүдийн үйл ажиллагаа маш идэвхтэй байсан учраас Ардчилсан Нам оролцохоос зайлсхийсэн"

Тэрбээр “Иргэд олон хоног Төв талбайд жагсаж, хууль ёсны шаардлага тавьж үзэл бодлоо илэрхийлсэн. Ардчилсан Намын хувьд энэ асуудалд шууд оролцох бус хөндлөнгийн байр суурь дээр буюу ажиглалтын байдалтай оролцож ирсэн. Учир нь иргэдийн жагсаал цуглааны янз бүрийн хэлбэрээр ашиглах гэсэн улс төрийн болон бүлэг, хэсгүүдийн үйл ажиллагаа маш идэвхтэй байсан учраас Ардчилсан Нам энэ үйл ажиллагаанд шууд оролцохоос зайлсхийсэн.

Бид эрх баригчдад жагсаж, цуглаж байгаа иргэдийн эрүүл, аюулгүй байдал хүний эрхийг дээдэлсэн аливаа асуудал дээр анхаарал хандуулж ажиллахыг эрх баригчдаас шаардсан.

Тодорхой бүлэглэл, улс төрийн намуудын зорилго, зохион байгуулалттайгаар иргэдийн жагсаал цуглааныг ашиглаж, үймүүлэх гэсэн аливаа оролдлогуудад АН оролцохгүй гэсэн байр суурьтай явж ирсэн.

Өчигдөр орой жагсаалыг тараах үйл ажиллагаа явагдсаныг бид нэг талаар хэт их эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлсэн арга хэмжээ авагдсан гэж харж байгаа.

Хоёрдугаарт энд хүний эрхийн асуудал ноцтой зөрчигдсөн ямар нэг мэдээлэл одоогоор ирээгүй байна. Жагсаж цуглах асуудал хуулийн дагуу зохицуулагддаг. Учир нь жагсаж цуглаж байгаа нэрийн дор өнөөдөр тодорхой хэсэг бүлгийн зорилготойгоор үймүүлж зохион байгуулж байгаа асуудлыг өөхшүүлж болохгүй. Хууль дүрэмтэй улс оронд аливаа зүйл хуулийн хүрээнд явагдах ёстой.

Иргэдийн эрх чөлөөнд халдсан, эрх чөлөөг нь хумьсан аливаа үйлдлийг ардчилсан нам дэмжихгүй, иргэдийнхээ талд зогсох болно гэдгээ хариуцлагатайгаар хэлье.

Мөн өчигдөр иргэдийн үзэл бодлоо илэрхийлсэн асуудлыг Ардчилсан намтай холбох гэж үзсэн нэлээд мэдээлэл гарч байна.

Ардчилсан Нам ямар нэг байр суурь илэрхийлээгүй. Түүнчлэн өчигдрийн Ерөнхий сонсголд Ардчилсан Нам өөрийн төлөөллөө албан ёсоор оролцуулаагүй" гэлээ.


С.Эрдэнэ: Жагсаж байгаа нэрийн дор тодорхой бүлэг зорилготойгоор үймүүлж байгаа асуудлыг өөхшүүлж болохгүй
2022-12-22 13:46:52
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0