Даваа, 2024-11-25
Женко Баттулга оргон зугтаачихлаа

Женко Баттулга оргон зугтаачихлаа. Монголоос нисэхтэй нь чухам зэрэгцэж, түүнийг хувийн батлан даалт гаргаад, АТГ-ын зөвшөөрлөөр БНСУ-д яаралтай эмчлүүлэхээр ниссэн, тэрбээр хэзээ ч хууль бусаар оргон зайлах "өөдгүй" эр биш. Тэр мөдхөн, тун ойрын хугацаанд эргээд ирнэ гэх мэт тайлбар, мессежийг экс Ерөнхийлөгчийн пиарын багийнхан сошиал орчинд идэвхийлэн түгээж эхэлсэн нь илт анзаарагдаж байна.
Өнгөрсөн 7 хоногийн Баасан гарагт Халтмаагийн Баттулгыг АТГ-т гэрчээр дуудан 4 цаг байцаасны дараа мөрдөн байцаагч нь яллагдагчаар татах хэд хэдэн үндэслэл бүхий тогтоолоо танилцуулсан юм билээ. Энэ бол түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч байх үед буюу 2017 оны тавдугаар сард шинэчлэгдэн батлагдсан Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу, хуулийн хүрээнд өрнөсөн үйлдэл байлаа. Энэ хуулийн зүй ёс, тогтлоор мөрдөн байцаагч сэжигтэнг байцаасныхаа дараа, цааш яллагдагчаар татах үндэслэлтэй гэж үзвэл тогтоолоо гаргаж сэжигтэнд танилцуулах ёстой. Ингээд прокурорт тухайн сэжигтэнг яллагдагчаар татах болсон саналаа хүргүүлж, прокурорын шатанд уг саналыг хянан шалгаж, нягтлаад, үндэслэлтэй гэж үзвэл шүүхэд шилжүүлнэ. Шүүх дээр мөн хэргийн үндэслэлийг хянан шалгасны эцэст өмгөөлөгч, яллагдагч, мөрдөн байцаагч, прокурорыг заавал байлцуулан шүүх хурал хуралдуулж, хэрэгт яллагдагчид таслан сэргийлэх ямар арга хэмжээ авахыг ( батлан даалтад гаргах, хорих, хилийн хориг тавих, барьцаагаар суллах, хөдөлгөөнийг нь хязгаарлах... гэх мэт) шийдвэрлэдэг юм. Энэ бүх хуулийн процесс ажлын 3 хоног буюу 72 цагт багтах ёстой. Гэтэл Х. Баттулга яллагдагчаар татагдах болсон тогтоолтойгоо танилцмагцаа гэнэт яаравчлан хуулийн дээрх хугацаа (цоорхой) буюу 72 цаг дуусахаас өмнө амжиж өнгөрсөн 7 хоногийн ням гарагт Сөүл рүү ниссэн байдаг. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар бол яллагдагчаар татагдана, улмаар ямар нэгэн байдлаар таслан сэргийлэх арга хэмжээ авагдана гэдгээ экс Ерөнхийлөгч болон түүний хүрээллийнхэн маш сайн мэдэж байж. Хувийн батлан даалт гарган АТГ-ын зөвшөөрлөөр Монголоос гарсан гэдэг нь ч худлаа байж. Женког гэрч, сэжигтнээр биш цаашдаа яллагдагчаар татагдах болсноо мэдмэгцээ ихэд хилэгнэн, мөрдөн байцаагчийн өрөөний хаалгыг саваад гарсан гэлцэж байна. Өнөөдөр түүнийг ийнхүү хуулиас оргон зугтахад нь ямар нэгэн хориг, саад хийсэнгүй, шууд баривчилсангүй, санаатайгаар оргууллаа хэмээн өнөөгийн эрх баригчдыг буруутгаж байгаа нь буруу юм. Женког яллагдагчийн тогтоолтойгоо танилцмагцаа, 72 цагийн дотор багтан оргох магадлалтайг мэдэж байсан ч, шүүхийн шийдвэр гараагүй байхад хэнбугай ч түүнийг Буянт-Ухаа хүрэх зам, нисэх буудал, хил, гааль дээр саатуулах эрхгүй шүү дээ. Энэ бол манай хууль шүүхийн өнөөгийн үйлчилж буй системтэй холбоотой, бүр энгийнээр хэлбэл хуулийн цоорхойтой холбоотойгоор үүсэн гарч буй нөхцөл байдал гэдгийг манай зарим иргэд, сэтгүүлчид ойлгохгүй байгаа нь олонтоо анзаарагдах юм даа. Үүнийг нуршин тайлбарлагч, миний хувьд экс Ерөнхийлөгчийг тойрон хүрээлсэн баг, ялангуяа түүний хуулийн багийнхны үүссэн нөхцөл байдлыг үнэлэн, өрсөж шийдвэр гаргах чадварт нь гайхшран биширч байна. Тэд үнэхээр мундаг байна аа л гэхээс өөр хэлэх үг алга. Басхүү Халтмаагийн Баттулгыг мөдхөн эргэж ирээд хуулийнханд нээлттэйгээр шалгуулна гэдэгт огт итгэхгүй байна. Тэр тийм "зоригтой" эр хүн огт биш ээ! Түүнд аль болох Монголоос зугтан гарах, цаг хугацаа хожих түмэн шалтгаан бий. Хуулиас оргон зугтаж байсан хур туршлага ч бий.

Женко Баттулга оргон зугтаачихлаа
2022-12-23 08:30:36
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-23 14:49:51
    Зочин: Ерөнхийлөгч асан чацга алдан зугатсан байна, Монголдоо мөн ч их гай тарьсан гэж э/засгийнхан ярьдаг.